ХОВД: Уул уурхайн салбарт эрэлттэй мэргэжлээр суралцаж буй оюутнууд 200 сая орчим төгрөгийн дэмжлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-15 17:30:56

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/.  "Мо-Эн-Ко" ХХК нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт "Хөшөөт" төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уул уурхайн салбарт эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилгоор "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр" зарлаж, нийтдээ 231 оюутанд 200 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.    


Тэгвэл энэ жилийн тухайд "Мо-Эн-Ко" ХХК-ийн нэрэмжит Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан шилдэг 20 оюутан хамрагдаж, 1 сая 500 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг аваад байна.     


Энэ жил зохион байгуулагчдын зүгээс  уул уурхайн инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчин, хоол судлал, цахилгааны инженер, дулааны инженер, мэдээлэл технологи, хятад хэлний орчуулагч гэсэн мэргэжлээр хүсэлт хүлээн авч, шалгаруулалт хийжээ.   

Уг тэтгэлэгт  Жаргалант, Цэцэг, Зэрэг, Алтай, Мөнххайрхан, Манхан, Дөргөн, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн, Мөст сумын харьяат 30 гаруй оюутан материал ирүүлсэн байна.

Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудад батламж гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Тэтгэлэгт тэнцсэн 20 оюутны 11 нь МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулиас шалгарсан оюутнууд байв.

Тэд сургалтын төлбөрийн дэмжлэг хүртэхээс гадна мэргэжлийн үйлдвэрлэлийн дадлагаа "Мо-Эн-Ко" ХХК-д хийх, туршлага хуримтлуулах боломжтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Дээрх оюутны дөрөв нь өнгөрсөн жил мөн "Мо-Эн-Ко" ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэн болж байжээ. Энэ нь компаниас зарлаж байгаа тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага хангаж байгаа л бол дахин тэтгэлэг авах боломжтойг харуулж байна.   

Related news