ОРХОН: Хүн амын дундаж наслалтаараа Орхон аймаг улсдаа дээгүүрт жагсаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-15 16:22:55
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг хүний амьдралын чанар болон дундаж наслалтыг нэмэхэд чиглүүлж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, тусламж, үйлчилгээний хүртээмжээр дүгнэдэг.   

Орхон аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбартаа багагүй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Улаанбаатар луу зорчих иргэдийн тоо 30 хувиар буурч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 95 хувьд хүрч, шинэ эмчилгээ, үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Хүн амын дундаж наслалтаараа Орхон аймаг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгаас илүү байна. 2023 оны байдлаар Орхон аймагт дундаж наслалт 73.6 байгаа бол Улаанбаатар хотод 72.1, Дархан-Уул аймагт 68.4 байна.

Өөрөөр хэлбэл, Орхон аймгийн иргэд дундаж наслалтаараа улсдаа дээгүүрт жагсаж байгаа нь орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагчид эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарч хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа  нэмж, эмч, эмнэлгийн ажилтны мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжийг нэмэгдүүлж чадсантай холбоотой юм.

Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан “Эмч” дэд хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг тогтвортой бэлдэж байна.

Монгол Улс эрүүл мэндийн салбарын бодлогоо 2021-2030 онд Эрүүл мэндийн чанар, хүртээмжийн тогтолцоог шинэчлэх, 2031-2040 онд Амьдралын зөв, дадал хэвшилтэй иргэнийг төлөвшүүлэх, 2041-2050 онд Эрүүл амьдралын хэв маягийг дэмжих үе гэж тодорхойлсон байдаг.

Иймд Орхон аймаг эрүүл мэндийн салбартаа дээрх зорилтыг тусгаж 2020-2023 онд нийт 15.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж БОЭТ болон Өрхийн эрүүл мэндийн 8 төвийн эмнэлгийн тоног, төхөөрөмжийг нэмэгдүүлж 95 хувьд хүргэлээ. Ингэснээр, III шатлалын эмнэлэг рүү зорчих үйлчлүүлэгчийн тоо цөөрсөн байна.

Цаашид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчимд тулгуурлан тэгш, хүртээмжтэй байдлыг ханган бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд  бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллах ажээ.

Related news