ОРХОН: Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-10 14:39:37
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 10,/МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар 2024 онд Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай”  асуудлыг хэлэлцэн баталлаа.


Уг асуудалтай холбоотой мэдээллийг  аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер хошууч Н.Баянмөнх танилцуулав.


Монгол Улсын Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газраас Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарын судалгааг аймаг тус бүрээр гаргаж, Засгийн газрын хуралдаанаар батлуулдаг.


Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 23-ны өдрийн “Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай” 304 дүгээр тогтоолд Орхон аймгаас 2024 онд Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 20 хүнээр баталсан.


Уг асуудлыг  “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам”-ын 1.5-д заасан Засгийн газраас тухайн жилд тогтоосон цэргийн алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг үндэслэн аймаг, нийслэлийн ИТХ, сум, дүүрэгт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батална гэж заасны дагуу хэлэлцүүлж 20 хүнээр баталлаа.


Цэргийн албаны тухай хуулийн дагуу улсын хэмжээнд цэргийн албыг таван төрлөөр хааж байна. Үүнд, хугацаат цэргийн алба, цэргийн гэрээт алба /хугацаат цэргийн алба хаасан иргэн сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хаах, ахлагчийн алба, офицерийн алба, цэргийн дүйцүүлэх алба юм.

Цэргийн албаны тухай хуулийн 7.29-д Цэргийн дүйцүүлэх алба, түүний төрлийн тухай заасан байдаг. Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна. Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад шалтгаанаар биеэр дүйцүүлэн хааж болохыг хуульчилсан.


Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хааж байна. Цэргийн дүйцүүлэн алба хаах иргэдийг анх 1998 онд оноос элсүүлэн авч эхэлсэн  бөгөөл тоо чанарын мэдээллүүд Монгол Улсын Төрийн болон албаны нууцын зэрэгт хамаардаг.

 

Related news