ОРХОН: Д.Содномжамц: Ашиглалтын хугацаа дууссан инженерийн шугам сүлжээнийхээ нэг хувийг л засаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-08 18:31:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 8, /МОНЦАМЭ/. “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцтай хотын инженерийн шугам сүлжээний шинэчлэлт болон 2023 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.


-Энэ онд хийсэн томоохон хөрөнгө оруулалтын ажил болон түүний үр дүнгийн талаар эхлээд ярилцъя.

-Манай аймаг байгуулагдаад 47 жил болж байна. Энэ хугацаанд хотын инженерийн шугам сүлжээг шинэчилж, өргөтгөх ажил маш бага хийсэн. Төсөв, санхүү болон бусад асуудалтай холбоотойгоор өдий хүрсэн. Харин энэ онд манай “Эрдэнэт Ус” компани  өөрсдийн хөрөнгө оруулалтаар хотын инженерийн шугам сүлжээний 1,2 км-ийг нь бүрэн шинэчиллээ. Энэ нь бүрэн солих шаардлагатай 121,5 км шугамын ердөө 1 хувь нь л юм. Энэ шинэчлэлт усны алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа.


Мөн дулаан хангамжийн чиглэлээр Эрдэнэт хотын хэмжээнд гидравликийн тооцоог орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж халаалт, дулаалгын горимоо тохируулан аваарын байдалд байгаа шугам, сүлжээг шуурхай засварласан. Үүний үр дүнд хаана дулаан алдагдал их байна түүнийг сайжруулах ямар арга, аргачлал байгаагаа илүү нарийвчилж гаргасан. Өвөл болохоор л халаалт, дулаантай холбоотой гомдол олон ирдэг байсан бол бид бага, багаар асуудлыг шийдсэний дүнд энэ гомдлыг 50 хувиар бууруулж чадсан.


Цаашид ашиглалтын хугацаа дууссан 121,5 км инженерийн шугам сүлжээг яаралтай шинэчлэхгүй бол хот ус, халаалтгүй болоход энүүхэнд ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид аймгийн ИТХ-ын хуралдаанд энэ асуудлыг танилцуулж жилд ядаж 10 км-ээр нь бүрэн шинэчилж байх ойролцоо тооцоололтой нь танилцуулсан. Инженерийн шугам, сүлжээний шинэчлэлтэд жил бүр 8 тэрбум төгрөг төсөвлөөд байвал 10 жилийн дараа энэ асуудал бүрэн шийдэгдчих боломжтой юм.

Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар энэ жил Эко хорооллын инженерийн шугам сүлжээ болон 6 дугаар хорооллын цэвэр усны шугамыг шинэчилж засварлах ажлыг хийж байна.


-Жил бүр 8 тэрбум төгрөгийг орон нутаг эсвэл улсын төсвөөс шийдэх боломжтой гэж бодож байна уу? Танай байгууллага хэдэн хувийг нь гаргах боломжтой вэ?

-Улс ч бай, орон нутаг ч бай аль аль нь боломжтой гэж бодож байна. Хэрэв үүнийг боломж гаргаж шийдэхгүй л бол хот усгүй, халаалтгүй болбол түүнээсээ илүү зардал, эрсдэл үүснэ. Иймд бид шийдвэр гаргагчдыг үнэн бодит мэдээллээр хангаж асуудлыг эртнээс тооцож анхааралдаа авч бодлого, шийдвэртээ тусгаасай гэсэндээ танилцуулаад байгаа юм. Харин манай байгууллагаас гарах санхүүгийн бололцоо бол тун тааруу. Байгууллага өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа боломж нь л 1,2 км шүү дээ. Ингээд бодохоор улс, орон нутаг заавал дэмжиж байж шийдэгдэнэ гэж харж байна.


-Инженерийн шугам сүлжээнээс гадна нэн яаралтай шийдэх ямар асуудал байгаа вэ?

-Хотын гэрэлтүүлэг байна. Манай аймаг 2008 онд 3000 орчим гэрэлтүүлэгтэй байсан бол өнөөдөр 11000 болсон. 2008 онд хотын гэрэлтүүлгийг Хот тохижуулах газар хариуцаж байгаад 2015 онд манайх руу шилжүүлснээс хойш гэрэлтүүлгийн засвар, үйлчилгээг бид бүрэн хариуцаж байна. Манай "Эрдэнэт Ус" компани  Эрдэнэт хотын цахилгаан, ус, халаалт дулаан, гэрэлтүүлэг гээд амин чухал асуудлуудыг хариуцдаг. Ачаалал ихтэй байдаг. Зарим хэсэгт боловсон хүчин, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутагддаг. Иймд гэрэлтүүлгийг хувийн хэвшилд шилжүүлэх талаар ЗДТГ-ын дэргэдэх Хотын захирагчийн албанаас судалгаа хийгээд хувийн байгууллагуудтай санал солилцоход ашиг багатай, боломжгүй гэж хариулсан юм билээ. Ингээд манайх үргэлжлүүлж хариуцахаас өөр аргагүй болсон. Хуучны гэрэлтүүлгийг солих болон гэрэлтүүлгүүдийг суурилуулах, засахад шаардлагатай машин техникийн шинэчлэлт хийх, төсөв, санхүүг нь нэмэхийг хүсч ирэх оны орон нутгийн төсөвт тусгуулахаар саналаа өгсөн. Шийдэгдчих болов уу гэж бодож байна.


Үүнээс гадна есөн давхар орон сууцнуудын цахилгаан шатны сэлбэг, хэрэгслийг үйлдвэрлэхээ больсон, эсвэл бүр үйлдвэрүүд нь хаагдсан гээд олон шалтгааны улмаас техникийн засвар хийхэд бэрхшээлтэй болж байна. Нийт 19 цахилгаан шат бий. Үүнийг байр хариуцсан СӨХ-дод нь шилжүүлье гэхээр авахгүй гээд байдаг. Манайх хариуцаад ажиллаад байхаар хүн хүч, техник дутагдаад байдаг. Жилд 2-3 цахилгаан шатыг орчин үеийн шинэ шатаар солих хэрэгтэй. Үүний төсвийг орон нутаг шийдэж өгөхгүй бол манай байгууллага ямар ч боломжгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Бүх зүйл өөрчлөгдөж байна. Хуучны технологиуд “халагдаж” шинэ зүйл цаг хугацаатай уралдаж үйлдвэрлэгдэж байхад бид хуучны техникүүдээ тордоод ч нэмэр алга байна. Иймд цахилгаан шатнуудыг солих, шинэчлэх төсвийг шийдэх хэрэгтэй.


-Гэхдээ энэ мэт асуудлууд байгаа ч гэсэн “сайн мэдээ” бас байгаа биз дээ?

-Манай байгууллага цахимд шилжих гэж 2021 оноос хойш ажилласан. Хотын хэмжээнд байгаа ус, дулаан дамжуулах төв буюу ЦТП-г удирдах, хянах зориулалттай СКАДА системийг манай байгууллагын инженер залуу өмнөх онд программын код бичиж угсарч ашиглалтад оруулсан. Манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг хотын компаниуд үүнийг хамгийн багадаа 150 гаруй сая төгрөгөөр хийлгүүлсэн бол манай инженерүүд үүнийг өөрсдөө хийсэн. ЦТП-үүдийг СКАДА системээр хянаснаар хаана, ямар доголдол гарч байна, аль ЦТП-ны ямар параметрүүд тооцоот хэмжээнд хүрэхгүй байгааг бодит цаг хугацаагаар нь харж, хариу арга хэмжээ авах насосууд болон цахилгаан хаалтуудыг удирдах боломжтой юм.


Хоёрдугаарт. ERP буюу байгууллагын хяналт удирдлагын систем ашиглалтад ороход бэлэн болсон. BBQB компани манайд 3 модулийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Энэ нь манай байгууллагын өдөр тутамд хийдэг засвар үйлчилгээ, агуулах, худалдан авалт гэсэн хэсгүүдийг цахимжуулсан. Өөрөөр хэлбэл, Засварын 7 албаны ажлын үйл явцыг цахимжуулж удирдлагын багт шуурхай мэдээлэл очно гэсэн үг. Инженерийн шугам сүлжээ хаана эвдэрсэн, түүнийг засах сэлбэг хэрэгсэл агуулахад байгаа эсэх, хэрэв байхгүй бол худалдан авалтын хэсэг рүүгээ шуурхай шилжүүлж бэлдэх үйл явц шуурхай болж байгаа юм. Энэ бүхэн нь аналитик тооцоотой. Тэгэхээр ирэх жилийн стратеги, төлөвлөгөөндөө нарийвчилж тусгах боломжтой юм.  


Гуравдугаарт. Диспетчер, шуурхай үйлчилгээг цахимжуулж байна. Иргэд, халаалт, устай холбоотой дуудлага, гомдлыг 77112106 утсаар мэдэгддэг. Бид засвар үйлчилгээгээ шуурхай үйлчилгээний хэсэгтэйгээ нэгтгэж иргэдээс ирсэн дуудлагыг засварчны гар утас руу илгээх буюу засварчин байгууллагын дотоод смстем, аппликейшнаасаа хаана, ямар айлд, ямар төрлийн үйлчилгээ үзүүлэх гэж буй мэдээллээ харна. Дараа нь удирдлагууд хэн гэдэг засварчин ямар үйлчилгээг хэр чанартай өгөв, хэдэн цагт очив гэдгийг харах юм. Мөн нэг айл жилд хэдэн удаа ямар төрлийн үйлчилгээ авав гэдгийг хараад дараагийн шийдвэртээ бид ашиглана. Жишээ нь халаалттай холбоотой дуудлага ирлээ гэхэд, засварчин очоод гэрийнх нь дотор температурыг хэмжээд байгууллага руу илгээж баримтжуулна.


-Тэгвэл иргэдэд эргээд хэрхэн мэдээлэх вэ?

-“Цахим Эрдэнэт” аппликейшн аймгийн хэмжээнд ашиглалтад орсон. Үүн дээр нэмж цэс байрлуулах юм. Үүнийг “Монгол контент” ХХК хийж байгаа. Тухайлбал, халаалттай холбоотойгоор танайх хэдэн удаа дуудлага өгсөн, хэн үйлчилгээ үзүүлсэн, та түүнийг хэрхэн дүгнэж байгаа болон сарын хэрэглээний төлбөр тооцооны бүх мэдээлэл нь Цахим Эрдэнэт апп –аараа харж, төлж болох юм. Энэ удахгүй ашиглалтад орно.


-Байгууллагаа хөгжүүлэх, одоо байгаа нөхцөл байдлыг өөрчлөхөд ямар зүйл тулгамдаж байна гэж хардаг вэ?

-Манай компани бүх хүчин чадлаараа ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Уг нь компанийн зарчмаараа бол бид ашигтай ажиллах ёстой. Гэтэл ийм боломж байдаггүй. Ус, халаалтын тарифыг төр хүчээр тогтоодог. Үнийг чөлөөлж өгдөггүй. Ганцхан жишээ хэлэхэд, гэр хороололд нэг литр усыг борлуулах өөрийн өртөг нь 8 төгрөг. Гэтэл бид 3 төгрөгөөр гэр хорооллын иргэдэд ус өгдөг. Үүний зөрүүг алдагдал болгож тооцдог. Энэ мэт чухал асуудлыг шийдвэрлэж байж одоогийнхоосоо дээрдэнэ.


Бас боловсон хүчний асуудал байна. Чадварлаг боловсон хүчин цалин, хангамжаасаа болоод ажлын байраа орхиж байна. Сайн, чадалтай инженерүүд өөр байгууллагыг сонгож байна. Бид цалингаа нэмэх гэхээр ашиг бага олдог. Олсон ашгаараа гэнэтийн эрсдэлийг даван туулах болон инженерийн шугам сүлжээ, парк шинэчлэлт хийхдээ зарцуулж байна. Тиймээс боловсон хүчнээ тогтооё гэвэл цалингаа нэмэх хэрэгтэй. Цалин нэмэхийн тулд ус, дулаан, цахилгааны үнийг заавал чөлөөлөх хэрэгтэй. Байгууллагын үнэт капитал бол чадварлаг, бүтээмжтэй, шинийг санаачлагч боловсон хүчин шүү дээ.


-Хэрэв энэ янзаараа удаан ажиллабал ямар эрсдэл үүсэх вэ?

-Эрдэнэт хотын иргэд л хохирол амсана. Шинэчлэлт хийхгүй бол хот тэр чигтээ эсвэл хэсэгчилж дулаан, ус, цахилгаангүй болно. Тиймээс бид цаашид олон асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Шийдэж, өөрчлөхийн тулд ажиллаж байгаа учир удаан ч гэсэн үр дүн гарах байх гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Related news