ЗАВХАН: Түлээний үнэ 60-100 мянган төгрөгөөр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-07 15:56:24

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Улиастайд түлшний үнэ өнгөрсөн жилээс 60-100 мянган төгрөгөөр нэмэгджээ.


Тухайлбал түлээний мод гэхэд өнгөрсөн намраас 60-100 мянган төгрөгөөр, харин нүүрс нэг кг тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Улиастай сум таван мянга гаруй айл өрхтэй. Түлшний мод, нүүрс  хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллага ч бий. Түлшний үнийг зах зээлийн жамаар бизнес эрхлэгчдийн хэлсэн үнээр худалдан авахаас аргагүйд хүрдэг ажээ.


Хотын төвдөө шахуу мод, нүүрсээ ил зарах бизнес эрхлэгчдийн хүрээ тэлсээр байгаа. Хувиараа машин дээрээ түлш зарсан иргэд зам дагуу зогссоор дуртай үнээ хэлж борлуулдаг байна. Энд түлшний үнийн хяналт ч байхгүй. Зах зээлийн жамаар л иргэд түлшний үнийг хэлснээр нь худалдан авдаг байна.


Түлшний ченжүүд цас эрт орж хүйтрэх, өвлийн дунд сар, түлш ховордсон үеэр далимдуулан намар зарж байсан үнээс даруй 50-100 мянган төгрөгөөр түлшний үнээ нэмж борлуулдаг гэдгийг иргэд бухимдангуй ярьж байна.


Өвөлдөө дулаан, зутрахгүй шиг өвөлжих санаатай түлээний мод, аргал, шахмал түлшийг хольж хэрэглэж байгаа өрхүүд олон бий аж. Харин нүүрсийг жижиглэнгээр борлуулдаггүй, шуудайгаар нь борлуулдаг аж.  


Өнөөдрийн байдлаар нүүрс 40 орчим кг-ын ууттай нь 17000 төгрөг,  нэг тонн нь 90000 төгрөгийн үнэтэй байна.


Энэ намар ЗИЛ 130 машин мод 2 сая төгрөг байсан, гэтэл одоо 2 200 000-2 300 000 төгрөгөөр борлуулж байна. Харин нэг портер модыг 500 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол одоо 560-600 мянга болж нэмэгджээ. 

Related news