ОРХОН: Д.Цэрэнбат: Энэ байр хувьчлагдчихвал хүмүүс хаана очиж номоо унших вэ гэж шаналж байсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-11-06 20:15:47
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арваннэгдүгээр сарын 6, /МОНЦАМЭ/. Эмч болох хүслээсээ болж алдарт Соёл-Эрдэнэ хамтлагаас гарч номын санч-ном зүйч мэргэжил эзэмшсэн Д.Цэрэнбат гуайтай ярилцлаа. Тэрбээр мэргэжлийн ятгачин, мэргэжлийн номын санч бас хөлбөмбөгийн спортын мастер. Та бидний сайн мэдэх цаг агаарын мэдээний ая гэж олонд алдаршсан “Цэнхэр залаа” аяыг тоглодог дөрвөн ятгачны нэг. Түүнтэй ярилцах гэж утас рүү нь олон удаа залгаж байж холбогдлоо.


-Та үнэхээр завгүй юм аа, олон удаа залгасан шүү.

-Уучлаарай, ах нь хөлбөмбөг тоглодог юм. Тэгээд уралдаан тэмцээн гээд ийш тийш явчих нь. Одоо бас бадминтон сонирхож байгаа. Хөлбөмбөгөөс өөр юм. Хүн бөмбөг удирдаад сурчихвал амьдралын олон чадварыг эзэмшиж сурдаг юм байна гэж боддог. /инээв/


-Таны насыг асууж болох уу? Тэтгэвэртээ гараад удаж байгаа байх аа?

-Одоо 76 настай. Би 15 настайгаасаа хөлбөмбөг тоглож байна. Энэ спорт миний бүх цаг үед байсан гэж хэлэхэд болно. Хөгжим бүжгийн дунд сургууль, Соёл-Эрдэнэ хамтлагт байхдаа, Орост сурч байхдаа ч, Соёлын хэлтсийн дарга, Номын төвд ажиллаж байхдаа гээд ямар ч цаг үед энэ спортыг орхиогүйдээ өөртөө их баярладаг. Дөчин наснаас л ахмадын багт шилжинэ шүү дээ. Одоо Эрдэнэтэд хөлбөмбөгийн ахмадын баг бүрдэхгүй бол Улаанбаатар хотод очоод аль нэг багт ороод тоглочихно.


-Та Соёл-Эрдэнэ хамтлагийн анхны дөрвөн гитарчны нэг. Би уг нь тантай соёлын тухай л ярих гэж байгаа юм. Гэхдээ Соёл-Эрдэнийг ярих нь өөрөө Монголын соёл урлагийн салбар болон нийгмийн соёлыг ярьчих болов уу гэж бодож байна?

-Тийм шүү. Сайхан дурсамжаа хуваалцах нь дээ. Би 1948 онд төрсөн. Улаанбаатарын уугуул. Аав Хөвсгөл, ээж Завханых.  Эхээсээ наймуулаа, би том нь. 1956 онд Нийслэлийн 17 дугаар бага сургуульд орж төгслөө. Дунд ангидаа 3 дугаар сургууль руу шилжих байх гэж бодож байтал тэр намар нь манайд хамаатны нэг хүн ирээд ээжтэй уулзахдаа, “Манай Хөгжим бүжгийн дунд сургуульд шинэ сурагч авч байгаа” гэхэд ээж, “Миний хүү дуулах дуртай, шалгуулж болох уу” гэдэг байгаа. Би ч хүүхэд юм болохоор дуугарсангүй. Ингээд Хөдөө аж ахуйн яамны ар талд байсан 2 давхар Хөгжим бүжгийн дунд сургуульд  шалгуулан тэнцэж орлоо.


Одоо бодоход, тэр үеийн бид урлагийн алтан үеийн алдартан хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа, алдарт дуучин Ж.Дорждагва, морин хуурч Г.Жамьян, лимбэчин Г.Цэрэндорж, шанзчин Ц.Дашдулам, С.Базаррагчаа гээд аваргуудын гар дээр сурч хүмүүжсэн ховорхон аз завшаантай хүмүүс шүү. Ингээд 1960 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн ятга хөгжимчний ангид орж долоон жил сурсан. Манайх ангидаа 15-уулаа. Дөрвөн эрэгтэй ятгачинтай. Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, бид дөрөв  юм.

 

Биднийг 1967 онд төгсөхөд Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгад ангиар нь хуваарилж тэнд хөгжимчнөөр ажиллах боллоо. Сургуулиа алтан медальтай төгссөн хүн чинь их сургуульд сурах сонирхолтой байдаг. Гэтэл Хөгжим бүжгийн сургуульд  мэргэжлийн боловсон хүчнээ бэлдэхдээ бас “цалин” өгчихөөд юу гээд л биднийг дураар нь тавих вэ дээ. Улсын Ардын Дуу Бүжгийн чуулгад ажилла гэлээ. Тэнд таван жил ажиллалаа. Тэгсэн тэр үед Соёл-Эрдэнэ хамтлаг байгуулах тухай ярьж эхэллээ.


-Хэн?

-Манай ангийн Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, бид дөрөв Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, дуучин Н.Гэрэлт-Од бид хэд байнга төр, засгийн үйл ажиллагаа, хүлээн авалт дээр дуулна, хамтдаа явна. Тэгсэн нэг үйл ажиллагаа тараад машингүй болчихоод зогсож байтал Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба гуай манай машинд суугаад явчих гэлээ. Тэгсэн сайд “Та хэд нэг сайхан хамтлаг байгуулаач. Битлз шиг. “Монголын Битлз”-ийг гаргаж ирмээр байна. Юу гэж бодож байна” гэлээ. Манай Б.Наранбаатар, Ж.Батсайхан нар “чаднаа” л гэсэн. Ингэж анх хамтлаг байгуулах тухай ярьж эхэлсэн. Тухайн үед Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од нар үндэсний хөгжимтэй бус ятга хөгжимтэй дуулж байгаа нь дэвшил байсан байх. Даанч тэр хавар нь Соёлын дэд сайд Ч.Лодойдамба гуай нас бараад оронд нь С.Сосорбарам томилогдлоо. Тэгсэн шинэ сайд нэг өдөр дуудаад, “Ч.Лодойдамба гуай дэвтэртээ, Ардын Дуу Бүжгийн чуулгын 4 ятгачныг хамтлаг байгуулах тухай” гээд бичсэн байна. Та нар хамтлаг байгуулахад одоо юу хийх хэрэгтэй вэ гэснээр бид бэлдэж эхэлсэн юм. Бид ямар нэр өгөх үү, Монголын урлагийн салбарт дахин шинэ өнгө аяс нэмж байгаа юм чинь ямар онцлогтой байх уу гээд ярилцлаа.


-Нэр гэснээс анх ятга хөгжмийг солонгос багш зааж байсан гэж сонссон?

-Биднийг Хөгжим бүжгийн дунд сургуульд сурдаг эхний жилд Солонгосоос мэргэжлийн хүн ирж заана гэсэн боловч тэр жилдээ ирээгүй юм. Бид онолын хичээлээ л үзлээ. Хоёр дахь жилээс нь Солонгосоос Ким Зон Ам гэдэг багш ирлээ. Монголоор нэг ч үг мэдэхгүй, оросоор цөөн үг хэлнэ. Бидэнд ятга хөгжмийг чин сэтгэлээсээ заана. Танхимын сургалтын хамгийн анхны шавь нар нь бид боллоо. Тухайн үед манайд ятга хөгжим заах мэргэжлийн боловсон байхгүй учир Солонгосоос урьж ажиллуулсан юм билээ. Багш маань таван хөгжимтэй. Түүн дээр нь 15 хүүхэд ээлжилж сурна. Ингэж л мэргэжлийн хүнээр ятга хөгжим заалгуулсан даа.

                           

                                    СОЁЛ-ЭРДЭНЭ БОЛ ХӨГЖИЛ ДЭВШИЛ,  ӨӨРЧЛӨЛТ,  ШИНЭЧЛЭЛТ ЮМ




-Соёл-Эрдэнэ гэдэг нэрийг хэн өгсөн бэ?

-Бид анх Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдорж гуайн “Мөнгөн хүрхрээ” дууны нэрээр өгье гэж бодож байтал Баянмонгол чуулга тэр жил “Мөнгөн хүрхрээ” нэртэй тоглолт хийчихсэн. Тэгээд сайхан нэр бодоод олчихлоо гэсэн хүмүүс бүтэлгүйтээд дахиад дор бүрнээ нэр олохоор боллоо. Нэг өдөр бүгд цуглаад дууны түүврээ бариад нэг, нэг дуу сонгоод ярьж эхэлсэн. 1930-аад оны үед Соёл-Эрдэнэ гэдэг дуу гарч хүн бүхэн л дуулдаг байж. Их гоё үгтэй, аялгуу гоётой. Агуулга нь ч гоё. Соёл бол Эрдэнэ юм,  хөгжил дэвшил юм, өөрчлөлт шинэчлэл юм гэсэн сайхан агуулга илэрхийлж байгаа биз. Ингээд бүгд энэ дууны нэрээр нэрлэхээр шийдсэн.


Соёл-Эрдэнэ хамтлагийн анхны дөрвөн гишүүнээр Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, би гээд Хөгжим бүжгийн сургуулийн нэг ангийн дөрвөн ятгачин, гитарчин Д.Галсанбат, бөмбөрчин Г.Жаргалсайхан нар байгууллаа. Үүнээс хойш олон сайхан хөгжимчин, дуучид нэмэгдээд “Монголын Битлз” байгуулсан түүхтэй. Манай Б.Наранбаатар том хүүгээ Соёл-Эрдэнэ гэж нэрлэсэн. Манай хамтлагт орж дуулах сонирхолтой олон хүмүүс ирж байлаа. С.Сосорбарам сайд бидэнд Японы алдарт “Yamaha” фирмийн хөгжмийн хэрэгсэлтэй болгосноор жинхэнээсээ рок попын урсгал хөгжиж эхэлсэн. Манай хамтлагийн бүрэлдэхүүнд үе үеийн уран бүтээлчид багтаж, уламжлагдан шинэчилж Соёл-Эрдэнэ хамтлагийн гишүүн гэж хэлэх олон уран бүтээлч бий болсон.


Соёл бол Эрдэнэ мэт үнэ цэнтэй. Энэ Эрдэнэ мэт зүйлд Монголын ард түмэн, дуучид, урлагийнхан бүгд тэмүүлсэн.


Бид анхны тоглолтоо 1971 онд хийлээ. Тэгсэн би их сургуульд л ормоор байгаа бодлоо орхиж чаддаггүй. Хамтлагаасаа гараад явах гэхээр найз нөхдөө бодоод байдаг тэгсэн хэрнээ Орост анагаахын чиглэлээр сурчихмаар байдаг. Ажлаас чөлөөлдөггүй, элсэлтийн шалгалтдаа битүүхэндээ бэлдээд хими, физикээ судлаад байдаг. Тэгж, тэгж нэг юм 1972 онд Орос руу сургуульд явахаар болж хамтлагаасаа гарсан. Миний дараа Б.Эрдэнэхуяг, Ж.Батсайхан нар бас сурахаар явсан. 


-Та Орос руу анагаахын чиглэлээр сурахаар явсан уу?

-Үгүй ээ. Багаасаа л эмч болохоор тэмүүлж байсан чинь Соёлын яам зөвшөөрөөгүй. Биднийг хаашаа явахыг Соёлын яам шийддэг байлаа. Яагаад гэвэл төр биднийг сургасан учир хаана ямар ажил хийхийг мөн заадаг. Би явмаар байдаг надад зөвшөөрч өгдөггүй. Сүүлдээ мэргэжлээс шалтгаалах өвчний оношоор ажлаасаа арай гэж чөлөөлөгдөх боллоо. Тэгсэн бас чиний оронд ажиллах хүн байхгүй, дараагийн хүнээ иртэл наанаа ажиллаж бай, гэхдээ цэвэрлэгчийн цалингаар л ажиллах нь байна шүү гэсэн. Би за гээд 3-8 сар хүртэл жижүүр, цэвэрлэгчийн орон тоон дээр ажиллаад тэр хооронд нь элсэлтийн шалгалтдаа бэлдээд байлаа. Энэ хооронд Соёл-Эрдэнэ хамтлагтаа бас тоглоод л байдаг.


Нэг өдөр Үйлдвэрчний эвлэлийн хорооноос хүн ирээд бидэнтэй уулзахад нь хэлсэн чинь, Юу гэж ийм байхав дээ, мэргэжлээс шалтгаалах өвчний оноштой бол та ядаж зургаан сарынхаа цалинг авна гэж хэлсэн. За, дахиад л дээд удирдлагууд руугаа орж хэллээ. Ингээд цалингаа нөхөж авлаа. Гэхдээ зургаан сарынхаа хугацаанд би Соёлын яаманд өдөр бүр очно. Намайг шалгалтад оруулаад өгөөч, би бэлдэж байгаа, эмч болмоор байна гээд. Яамныхан бүр сүүлдээ надаас залхаад нэг өдөр “Хойно номын санчийн анги байна. Энд орох боломжтой” гэсэн. Юун эмч болох. Номын санчаар ч хамаагүй явж байвал яахав гэж бодоод хоёр хоног нийгэм, монгол хэл, уран зохиол судаллаа. Ерөнхий эрдмийн шалгалтаа хими, физикээр бэлдсэн хүн чинь хоёр хоногт нийгэм судлалаар юугаа бэлдэхэв дээ. Гэтэл шалгалтад 2 хүн орно, нэг хүн явна гэлээ. Тэхдээ номын сангийн мэргэжлийн шалгалт авна гэлээ.


Тэгтэл нөгөө хүн маань Завханы номын сангийн эрхлэгч мэргэжлийн номын санч ирлээ. Номын сан ном уншуулдаг газар гэхээс өөр юм мэдэхгүй хүн нэг өдөр номын санд сууж номын сангийн чиглэлээр жаахан ном уншлаа. Мэдээж мэргэжлийн хүн онц авалгүй яахав, урмыг минь бодсон юм байлгүй надад дунд дүн тавилаа. Ингээд би хуваарьгүй хоцорлоо. Тэгээд Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд Ц.Пунцагноров гуайд захидал бичсэн. Би эмч болохыг хүссэн ч зөвшөөрөөгүй, номын санчийн мэргэжлийн шалгалтад уначихлаа. Надад харамсалтай байна гээд. Тэгсэн Намын хорооны дарга, зохиолч Ж.Пүрэв гуайд “За энэ хүүхдийг ямар нэг аргаар сурга. Энэ жил явуулж амжихгүй бол ирэх жил явуул. Гэхдээ цалинг нь бүтэн олго, хохироож болохгүй” гэж үүрэг өгсөн байсан. Соёлын яамныхан тун удалгүй намайг дуудаад Улаан-Үдийн Дорнод Сибирийн Соёлын дээд сургуульд номын санчаар сургахаар болсон. Иркутскт нэг жил хэлний бэлтгэлд сураад үндсэн сургуульдаа орж дөрвөн жил сурч номын санч-ном зүйч  мэргэжил эзэмшсэн.


-Эмч биш номын санч болжээ. Харамсаж байсан уу та?

-Их сургуульд сурахыг минь зөвшөөрсөнд баярлаад эмч болох мөрөөдлөө орхиод шинэ мэргэжилдээ харин дурлаж эхэлсэн. Сургуулиа төгсөөд Улаанбаатартаа иртэл МАХН-ын Түүхийн  институтэд  ажилд авъя гэлээ. Тэгсэн нөгөө Соёлын яам чинь, үгүй ээ, Эрдэнэт хотод шинэ бүтээн байгуулалт өрнөж байгаа тэнд Соёлын хэлтсийн даргаар яв гэсэн. 1977 онд 29 настайдаа Эрдэнэтэд анх ирж байлаа. Тухайн үед Соёлын хэлтэс нь ч байгуулагдаагүй байв. Хотын дарга Ж.Цэвээн гуай намайг ажлаа хийж л бай гэлээ. Нэг жил ганцаараа ажиллалаа. Дараа жил нь Боловсрол, Соёлын хэлтэс нэгдээд би соёл хариуцсан мэргэжилтэн болоод, боловсрол хариуцсан 2-3 хүн бас ажиллаж байлаа. Ингээд 1979 оны эцэст Боловсрол, Соёлын хэлтэс албан ёсоор байгуулагдаж байсан ч 1981 онд Соёлын хэлтэс нь тусдаа гарч би даргаар нь ажиллах болсон. Тухайн үед энд, тэндгүй барилга байшин баригдаад, ажиллах боловсон хүчин ч дутагдаад хэцүүхэн л байсан. Би Соёлын хэлтсийн дарга хэрнээ Номын сан, Номын худалдаа, Гэрэл зураг, Кино салбаруудын төсөв захиран зарцуулах 1-р гарын үсэг зурдаг,  манай салбарт харъяалагдаж байсан соёлын үйлчилгээнийхээ бүх асуудлыг хариуцдаг байсан.  


Соёлын хэлтсийн даргаар 10 жил ажиллаад тодорхой зарим шалтгаанаас болж 1987 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарахаар шийдсэн. Тэгэхэд Соёлын яам Сүхбаатар юмуу Сэлэнгэ аймгийн Соёлын хэлтсийн даргаар яв гэлээ. Би үгүй, эндээ үлдэнэ гээд, харин ч яамдаа баярлалаа. Та бүхний ачаар мэргэжил, боловсролтой болж удирдах ажилд суралцаж соёлын салбарын хаана ч ажиллах чадвартай болсон. Энэ удаа би Эрдэнэтдээ үлдэнэ гэдгээ шулуухан хэлсэн. Ингээд Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргаанд ороод нийгмийн асуудал хариуцсан орлогчоор гурван жил ажилласан. Дараа нь 1990-2009 онд тэтгэвэрт гартлаа Номын худалдаа, Номын төвийн даргаар ажилласан. Соёлын байгууллагад 40 гаруй жил ажилласан байна.


НОМЫН ТӨВИЙН БАЙРЫГ ХУВЬЧЛАХЫГ 2 УДАА БОЛИУЛСАНДАА БАЯРЛАДАГ


-Номын худалдаа, Номын сан хоёрыг нэгтгээд сүүлд Номын төв болгосон байхаа. Таныг ажиллаж байх хугацаанд хүмүүс ер нь хэр их ном уншиж байв?

-Эрдэнэт хотод олон мянган орос мэргэжилтнүүд ажиллаж байсан болохоор номын дэлгүүрт орос ном ихээр худалдаалдаг байсан. 1977 онд намайг ирэхэд их л замбараагүй, номыг ийш, тийш тараах нь их байсан. Би энэ байдлыг засах гэж олон хүнд адлагдаж цэгцлэх гэж нилээн хичээж үр дүнд хүрсэн. Номын худалдаа чинь Говил, АБК, Хялганат, Улаантолгой, Гэр хороолол, Найрамдал гээд олон салбартай. Борлуулалт ч сайтай байсан. Салбар бүрт ном хуваарилна. Эргээд тооцоо тулгана гээд олон ажил байсан. Ингэж байтал бас Номын сан нь доголдож ирсэн. Түүнийг сайжруулах шаардлага гарсан.


Бас Хүүхдийн номын сан нь айлын гурван өрөө байранд байрлаж байтал байрыг нь хувьчилчихаар өөр газар луу шилжсэн юм билээ. Тэнд нь гурван хүн ажиллана. “Найрамдал” нийтийн номын сан нь орон сууцны айлын хоёр өрөөнд, Номын төв дэлгүүр нь Урд дугуй худалдааны төвд зориулалтын бус хоёр жижиг өрөөнд байрлаж үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байлаа. Уртцагаанд байрлах одоогийн Номын төвийн байр нь анхны зураг төсвөөрөө 2 давхар болон  цахилгаан шаттай их гоё барилга байсан. 1988 онд ашиглалтад ороход 1-р давхарт нь номын худалдаа, 2-р давхарт “Найрамдал” нийтийн төв номын санг оруулахаар шийдвэрлэж номын үйлчилгээний чанар, хүртээмж  тэгж л дээшилж байлаа.

Тэгсэн 1990-ээд онд манай Номын худалдааны байрыг хувьчлах гэж хүмүүс ихээр сонирхож, хөөцөлдөж эхэллээ. Номын байгууллагуудын нэгтгэж шинэ бүтэц зохион байгуулалтад оруулж уншлага үйлчилгээг өргөжүүлэх төсөв санхүүгийн үр өгөөжийг дээшлүүлэх үйлчилгээний шинэ хэлбэрүүдийг буй болгох чиглэлээр Нийтийн номын сан, Хүүхдийн номын сан, Номын дэлгүүрийг нэгтгэж “Номын төв” ийг байгуулж улсад анх удаа номын сангийн шинэ загварыг буй болгосон.


Номын худалдааны байрыг хувьчлахаар 2 хоёр удаа оролдоход нь эсэргүүцэж бичсээр байгаад Засгийн газрын хувьчлах тогтоолын хавсралтаас хасуулж  байсан.


Үүний хүчинд Эрдэнэтийнхэн ном унших байртайгаа үлдсэн гэж боддог. Хэрэв тухайн үед би үүнийг тоохгүй орхисон бол өнөөдөр ямар том алдаа хийгээ вэ гээд өөрийгөө буруутгана. Ингээд Номын худалдаа гэдэг нэрийг аваад Номын төв болгосон. Тэр төвдөө худалдаа, номын сан, хүүхдийн номын сангаа бүгдийг нь нэгтгэж оруулсан. Манайх аж ахуйн тооцоот байгууллага учир ардчиллын үед бүх байгууллага санхүүгийн хямралд ороход нь байрыг нь хувьчлах санаачилга гарсан юм билээ. Би байгууллагаа өрөнд оруулчихгүй тулд янз бүрийн л арга сэдэж ажиллалаа. Үүний хүчинд манайх өргүй байсан. Тиймээс хувьчлах байрны жагсаалтаас хасагдаж чадсан.


-Та байр гэхээсээ “соёлыг” авч үлдэж ээ. Энэ олон хүний өмнөөс баярлаж байна. Яагаад гэвэл, Уртцагаанд хувьчлагдаагүй байгаа ганц байрны нэг нь Номын төв.

-Баярлалаа. Тухайн үед энэ байр хувьчлагдчихвал хүмүүс хаана очиж номоо унших вэ гэж их шаналж байсан.


-Таныг ажиллаж байх үед хүмүүс хэр их ном уншдаг байв?

-1977 онд ном унших уншигч цөөн байсан нь Номын сан, Уншлагын танхимын хүрэлцээ бага байсантай холбоотой байх. Орос орон бол харанхуй бүдүүлгээсээ номын сангаараа дамжуулж л гарсан. Бүгд уншдаг. Номын сангийн нийгэмд гүйцэтгэх үүрэг нь өндөр байсан. Намайг тэтгэвэртээ гарах жилд манай байнгын уншигч 8000 гарсан байсан. Нэг уншигч жилд хэдэн удаа ирж байна, ямар ном уншиж байна, эсвэл ямар ном сураглаж хайж байна гээд давхар судалгаа хийнэ. Эрэлтэд тулгуурлаж номоо нийлүүлэхийг хичээнэ. Фондоо аль болох нэмэх гэж хичээнэ. Нэг хүн 10 ном уншиж байгаа ч нийт хүн амын хэдэн хувь нь Номын санд ирж байна гээд бид байнга ажиглаж судалж дүгнэлт хийдэг байсан.


Одоо энэ хотын 130 мянган уншигч ямар төрлийн, аль салбарын ном уншиж байна, удирдах албан тушаалтнууд хэр их ном уншиж байна, ямар ном уншиж байна гээд бүр нарийн судалж гаргах хэрэгтэй санагддаг. Номын санг хүүхдүүд л дүүргэж байна шүү дээ одоогоор. Тэдний тоогоор Номын сангийн нийт уншигч гэсэн тоо гарч байгаа харагдах юм. Энэ бол өрөөсгөл. Төрийн албан хаагчид ажил ихтэй ном унших завгүй гэнэ. Тэгэхээр нь бүр албан байгууллагад нь явуулын номын сан ажиллуулж байна.


Ер нь гэгээрсэн хүн л улсыг хөгжүүлдэг болохоос Хаан улсыг хөгжүүлдэггүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй.

Тиймээс соёлжье, гэгээрье гэвэл ном унш мэдлэгээ тэл л гэж хэлнэ.


-Соёлын олон тодорхойлолт байдаг юм билээ. Соёлтой хүн гэж хэнийг хэлэх вэ, таны бодлоор?

-Номын санч, ном зүйч ямар соёлтой байх талаар хэлье л дээ, ямар номыг хэнд санал болгохоо мэддэг, хуульч хүн ном асуугаад ирэхэд нь санал болгох номнуудаа мэддэг,  мэргэжилдээ эзэн хүнийг хэлнэ. Мэргэжлийн байх нь соёл юм.

Нийгмийн соёлын хувьд, бид хэнийг ямар албан тушаалд томилж байгааг харах хэрэгтэй. Соёлтой, боловсролтой, мэдлэгтэй, хүнлэг хүнийг өндөр албан тушаалд томилох нь өөрөө соёл юм. Энэ чинь нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажил. Гэтэл улс орныг хөгжүүлэх соёлгүй хүнийг албан тушаалд томилчихоор нийгмийн соёл бүрдэхгүй байгаа юм. Тэгээд л соёлыг хайгаад байна гэж хардаг.  Нийгмийн соёл, байгууллагын соёл удирдлагаасаа хамаардаг. Оюунлаг хүнийг албан тушаалд тавихаасаа айж байна л гэж хардаг.

Ер нь монгол хүн мэргэжлийн хүнээ үнэлэхээ больчихож. Мэргэжлийн байгууллагыг мэргэжлийн хүн удирдахгүй болохоор ямар соёл бүрдэх вэ.  Соёлтой хүн мэдээлэлтэй яаж харьцахаа мэддэг учир шийдвэр гаргалт нь зөв байдаг. Ингээд яриад байвал соёлын талаар олон зүйл бий. Эцэст нь хэлэхэд, Соёл Эрдэнэ бол дуу хөгжим биш. Эрдэнэ шүү. Хүний сайхан амьдрах тухай эрэл хайгуулын үр дүнд олж авсан Эрдэнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

  

 

Related news