Шаннон Стоуэлл: Монгол орныг олон улсын тур оператор, компаниудад сурталчлах боломж их бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
oyundelger@montsame.gov.mn
2023-11-06 15:35:23

Улаанбаатар, арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал Шаннон Стоуэлл Монгол Улсад ирээд байх үеэр нь уулзаж ярилцлаа.


-Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо Монгол Улстай хамтран ажиллах ямар боломж байгаа вэ? Улаанбаатар хотод амжуулахаар төлөвлөсөн ажлынхаа талаар ярина уу?

-Юуны өмнө аялал жуулчлал хөгжүүлэхээр "Монголд зочлох жил" үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд баяр хүргэе. БОАЖЯ, "The Nature Conservancy” Төрийн бус байгууллага хамтран хэрэгжүүлж буй Байгаль хамгааллын тогтвортой хөтөлбөрийн хүрээнд Монголд адал явдалт аялал жуулчлал байгаль хамгаалалд ямар үүрэг гүйцэтгэж, ямар үр нөлөө үзүүлж болохыг судлахаар ирсэн юм. Байгаль хамгааллын хамгийн том жишээ нь орон нутгийн иргэдэд ээлтэй, үнэ цэнтэй, тусгай сонирхлын, адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх нь байгаль хамгааллын сонгодог арга барил юм. Адал явдалт аялал жуулчлал нь байгалийн нөөцийг үнэ цэнтэй болгосноор эдийн засгийг тогтвортой эргэлтэд оруулж, чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь байгаль, соёл гэхчлэн идэвхтэй хөдөлгөөн, үйл ажиллагаа цогцоороо адал явдалт аялал жуулчлал болдог. Энэ бүхнийг өөртөө агуулсан гэдэг утгаараа тухайн нутагт аялж байхад ард иргэдэд болон орон нутгийн эдийн засагт үр өгөөж нь масс аялал жуулчлалынхтай харьцуулахад хамаагүй их байдаг.


-Адал явдалт аялал жуулчлалын масс аялал жуулчлалаас ялгарах онцлог нь?

-Хэдэн жилийн өмнөх судалгаагаар, масс жуулчид тухайн орон нутагт ирээд нийт зарцуулж буй мөнгөнийхөө 15 хувийг, харин адал явдалт аялагч 70 хувийг нь үлдээдэг гэж байсан. Адал явдалт аялагчид орон нутгийн дэн буудалд бууж, зоогийн газраар үйлчлүүлэн, бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг тул эдийн засагт нь илүү өгөөжтэй, хувь нэмэр оруулдаг юм.  Цар тахлын өмнө буюу 2019 онд эм, эм ханган нийлүүлэх салбарын зах зээл 630 тэрбум гаруй ам.долларт эргэлдэж байсан бол адал явдалт аялал жуулчлалын зах зээл үүнээс хамаагүй илүү, өргөн хүрээтэй болчихсон. Иймд Дэлхийн банкаас шинэчилсэн судалгааг санхүүжүүлэх хүсэлт тавьсан байгаа. Цар тахлын дараа Ази тив адал явдалт аялал жуулчлалын зах зээлд орж ирснээр энэ тоо өсөх магадлалтай тул илүү санхүүжилт гарах байх.


-Монгол Улсад адал явдалт аялал бүрэн төлөвшөөгүй ч уудам тал нутаг, нүүдлийн ахуй соёл гээд суурь нөөц арвин гэж боддог. Дэлхий дахинд адал явдалт аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь юу байна вэ? Манай улсын онцлог, давуу тал болон Таны хувьд Монголын юу адал явдалтай санагдаж байна вэ?

-Дэлхийн адал явдалт аялал жуулчлалын хамгийн тэргүүлэх зэрэгт арилжаалагддаг, ашигтай гурван бүтээгдэхүүн бий. Үүнд явган алхалт, дугуйн аялал, тракинг зүй ёсоор багтдаг. Аливаа газар орныг хөлөөрөө туулж, дугуйгаараа нээж үзэж, туршиж аялах нь хамгийн сайхан таашаал, боломж шүү дээ. Энэ утгаараа Монгол Улсыг олон улсын худалдаачин, тур оператор, томоохон компаниудад сурталчлах боломж их байгаа гэж бодож байна.


-Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарласнаар дэлхийн цөөнгүй алдартнууд өнгөрсөн зун манай орноор аяллаа. Адал явдал эрэлхийлэгчдийг Монгол руу татахад юу хийх хэрэгтэй вэ?

-Үүнд л хариулахын тулд би Монголд ирсэн юм. Адал явдалт аялал жуулчлалын мэргэжлийн холбоо маш олон тур оператор, хэвлэл мэдээллийн төлөөлөл, гишүүдтэй. Тухайн улс орон, газрыг адал явдалт аялал жуулчлалын талаас хөгжүүлж, бүтээгдэхүүнийг нь илүү боловсронгуй болгоход мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийнхнийг авч ирдэг. Нөгөө талаас, тухайн газар ирж үзээд, энэ орныг шинээр нээхэд ямар өгүүлэмж бүтээх, хэвлэл мэдээллийн аль сувгаар сурталчлах ёстойг судалдаг юм. Үүнийг судалчихсан байхад олон улсын бөөний худалдаа, хэвлэл мэдээллийнхэнд сурталчлах өргөн үүд нээгдэнэ.


-Адал явдал эрэлхийлэгчид өөртөө шинийг нээж сорьсон, бартаатай, хүнд хэцүү аялал сонирхож, тэр хэмжээгээр сэтгэлийн таашаал, эрч хүчийг мэдэрдэг байх. Тэдний хувьд аяллын хамгийн эхний шалгуур нь юу байдаг юм бол?

-Урьд нь нэлээн аялсан, туршлагатай жуулчид адал явдал сонирхдог байсан. Зуугаад жилийн өмнө улс орнуудын байгалийн сайхныг шимтэн таашаадаг байсан бол сүүлийн 20 жилд адал явдалт аялал жуулчлалын зах зээлийн сонирхол, мөн чанар өөр болоод байгаа. Соёлыг сонирхдог, тухайн  орны ард түмэнтэй харилцахыг илүүд үзэх болж. Жуулчид Монголд ирээд байгаль, тал нутаг, зэрлэг ан амьтанг үзлээ гэхэд гол нь энэ аяллыг өвөрмөц болгож буй нь ард түмэн, нутгийн иргэдтэй уулзаж ярилцах юм. Тэгэхээр Монголын соёлыг таньж, аяллын бүтээгдэхүүнийг нь илүү баяжуулах хүсэл байна. Бидний хувьд хүн төвтэй, хүнд төвлөрсөн бүтээгдэхүүнийг илүү сонирхдог. Монголын тал нутаг, байгалийн ерөнхий тогтоц зэргийг харахад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн байж болно гэж бодож байна. Гэхдээ одоогоор илүү нарийн мэдээлэл байхгүй байна.


-Таныг энэ салбарт 20 жил ажиллах хугацаанд адал явдалт аялал жуулчлалын бүтээгдэхүүн хэрхэн хувирч өөрчлөгдөж байна вэ?

-Адал явдалт аяллын бүрэлдэхүүн хэсэгт эрсдэл байх ёстой мэт ойлгодог, тэр бүр адал явдалт аялал хийж чаддаггүй байлаа.  Хүний хөл хүрээгүй газар түрүүлж очоод өөрийгөө сорих нь адал явдалт аялал жуулчлалын зах зээлийг илүү омогшуулж, онгод оруулдаг тул хүмүүсийг ихээр татдаг байсан байх. Энэ байдал өөрчлөгдөж, адал явдалт аялал жуулчлал өргөн цар хүрээтэй болж байна. Тухайлбал, зарим хүний хувьд үндсэн хэл нь англи биш оронд очиж, өөр соёл, ахуйг үзэх нь адал явдал байх нь ч бий. Сүүлийн 20 жилд ухагдахуун нь улам өргөжиж, бүтээгдэхүүн нь төрөлжөөд, аялал жуулчлалын зөөлөн хэлбэрүүд гарч ирлээ. Хүн амын өргөн бүлгүүд оролцох боломжууд гарч ирж байна. Өмнө нь биеийн хүчний асуудалд илүүтэй төвлөрдөг байсан бол одоо соёл, тухайн нутгийн хүмүүстэй харилцаа холбоо тогтоох чиглэл рүү сонирхолтой болж, илүү хүртээмжтэй болсон юм болов уу даа.


-Монгол оронд хүчтэй боргио ихтэй том том голууд, өндөр сарьдаг уулс олон. Тэдгээр газраар аялуулах аяллын мэргэшсэн хөтөч, багууд ч цөөнгүй бий. Гэхдээ адал явдалт аялал хийхэд эрсдэлийг хэрхэн тооцоолдог сайн жишээнүүдээс хуваалцахгүй юу?

-Найман жилийн өмнө ISO стандартын дагуу эрсдэлийн менежментийг хэрхэн зөв хийх талаар хөтөч, хүний нөөц бэлдэх жишиг стандарт боловсруулж эхэлсэн. Өнөөдөр гэхэд Японы Окинавад хөтчүүдэд эрсдэлийн менежментийг сурган, бүтээгдэхүүнээ боловсонгуй болгож байгаа. Адал явдалт аялалд хүч шаардсан, эрсдэлтэй зүйлд өөрийгөө сорьж, таашаал авдаг. Ийм гоё аялал хийхэд эрсдэлийг нь бууруулахгүй бол энэ нь аюултай болж хувирна. Компаниуд хүний сэтгэл хөдөлгөсөн, хүч сорьсон, гоё бүтээгдэхүүн бий болгохын хажуугаар эрсдэлийг байнга багасгах ёстой. Тухайлбал, уулын түргэн урсгалтай голд хөтөчгүй, эрсдэлийн менемжмент хийхгүйгээр хийлсэн завьтай явахад гоё санагдах ч маш аюултай. Иймд эрсдэлийг бууруулж чадах хөтөч байх ёстой. Манайх салбар бүрийн бүтээгдэхүүний аюулгүй байдал, гарын авлага бэлдэж сургадаг.


-Монгол орон асар уудам ч хүн ам сийрэг суурьшдаг. Алслагдсан газар нутагт аялахад яаралтай түргэн тусламж авах, харилцаа холбоо тэр бүр байхгүй зэрэг эрсдэлийг яаж давах вэ?

-Манай баг тухайн улс орон, газрыг зорихдоо эрсдэлийн үнэлгээ хийсний дараа эрсдэлийг багасгах, менежмент хийж төлөвлөдөг. Тухайлбал, хариуцлагагүй тур оператор морь унаж чадахгүй жуулчинг нутаг буцахаас ганц, хоёр хоногийн өмнө морь унуулаад давхиулж болохгүй. Морь унууллаа гэхэд эмнэг хангал бус сургасан, номхон морь сонгож, наад зах нь хамгаалалтын малгайг заавал өмсгөх гэх мэт аюулгүй байдлыг хангах ёстой. Мэдээж 100 хувь хамгаална гэж байхгүй ч аль болох төлөвлөгөө гаргаж, эрсдэлээ тооцон, хүмүүсээ сургахад болно.


Түүнчлэн, сургалтаа тухайн орон нутгийн иргэн, хөтөч нартай хамтран зөвлөлдөж, шийдвэр гаргах нь бий. Үүнд орон нутгийн соёл, мэдлэг, сэтгэхүй маш чухал. Нэг жишээ хэлэхэд, Бразилд пирана загастай, намгархаг, устай газар байдаг. Тийш аялах бүтээгдэхүүн гаргахдаа, хэдийд нь пирана загас хол байдаг, хэдийд нь сэлж болдог, болдоггүйг орон нутгийнхан сайн мэддэг тул олон улсын сургагч багштай хамтран сургалтаа хийж, асуудлыг шийдэн, бүтээгдэхүүнээ эрсдэлгүй болгодог. Сүүлийн үед тур оператор компаниуд ялангуяа, алслагдмал газар нисдэг тэргээр үйлчилгээ үзүүлэх даатгалыг санал болгох болсон. Адал явдалт аялагч арав хоногийн нэг аялалд дунджаар 3000 ам.доллар зарцуулдаг гээд бодоход, үүндээ 10 хувийг нэмж төлөөд, алс хол газар аялахад эрсдэлээ багасгах даатгалд хамрагдах боломжтой.


-Инфлюнсэрүүд илүү олон дагагчтай болох үүднээс эрсдэлтэй аялал, алхмыг их хийх болсон. Амь насаа алдсан харамсалтай жишээ ч олон бий. Эрсдэлийг бууруулах ямар арга зам байна вэ?

-Энэ нь яах аргагүй өнөөдрийн тулгамдсан асуудал болоод байгаа. Мэргэжлийн холбооны хувьд өөр стандарттай. Ийм эрсдэлтэй, үл тоомсорлосон, ёс зүйгүй, хууль бус, буруу үйлдэл хийдэг, үл хүндэтгэсэн үйлдлийг хэзээ ч дэмждэггүй. Лалын шашны сүмд ороод, богино өмдтэй, үсэрсэн зураг авахуулж тавих нь маш буруу. Бидний шаардлага, ёс зүй өөр түвшинд байдаг. Ёс зүйтэй, зөв хандлагатай дагагчтай хүмүүсийг үнэлдэг. Манай инфлүүнсэрүүд тухайн газар оронд очихдоо илүү үнэ цэнтэй, үр өгөөж үлдээсэн байдаг. Аялж буй газрынхаа соёл, байгалийн талаар туршлага мэдээллээ хуваалцсан, зөв, ёс зүйтэй, цөөн, чанартай дагагчтай, сонирхолтой, танин мэдэхүйдээ хөтлөгдсөн инфлүүнсэрүүдэд ач холбогдол өгч байгаа.


-Дэлхийн Адал явдалт аялал жуулчлалын холбоо хэчнээн оронд хүрээгээ тэлж үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Зуу гаруй оронд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Манай баг 10 оронд бий. Жилд 20-40 сургалт зохион байгуулдаг, нөлөөлөл үйл ажиллагааны цар хүрээ олон улсын чанартай. Сар хагасын өмнө дэлхийн чуулганаа анх удаа Азид хийхэд,  олон улсын 800 гаруй төлөөлөл оролцож, аялал жуулчлалын тогтвортой байдал, бэрхшээл, орон нутгийг түшиглэсэн аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн хийж болох талаар ярилцсан. Энэ үеэр монголын гишүүн байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан ч асуудлыг гүнзгий хөндөж амжаагүй. Улаанбаатарт ирснээр Монголыг "зарах", сурталчлах зах зээлийг нээх сонирхолтой байгаа. Монгол гишүүн байгууллагын бүтээгдэхүүнийг манай бусад тур компани зарж сурталчилдгийг илүү өргөжүүлмээр байна. Учир нь Монголын талаар мэдэхгүй ч тур компаниуд бий шүү дээ.  

Related news