СЭЛЭНГЭ: Нуусан, орхисон төхөөрөмжийн эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-11-03 11:34:43

Сүхбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн, албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийж байна.

 

Энэхүү хяналт шалгалтыг аймгийн Засаг даргын захирамж, удирдамжийн дагуу Ерөө сумын  “Бага зүм”, “Их алт” гэх газруудад аймгийн БОАЖГ-аас зохион байгуулжээ.  


Шалгалтын явцад Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Улаан хясаа” гэх бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилго бүхий зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг нь хангуулахаар болсон байна.


Мөн шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байгаа аж.


Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.