ӨВӨРХАНГАЙ: Тайпэй хотын Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-10-30 17:10:38

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Тайванийн Тайпэй хотын Засаг захиргааны худалдаа, эдийн засгийн төлөөлөгчид Өвөрхангай аймагт ажиллаж байна.


Тайпэй хотын Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүо, Жан Чиун Шиа, Николай Цай нарын хүмүүс аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэнтэй уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.



Тайванийн жуулчид Монголд аялах сонирхол ихтэй бөгөөд энэ жил 5200 гаруй хүн манай орныг зорьсон байна. Тэдгээрийн дийлэнх нь Хархоринд ирж, Эрдэнэ-Зуу хийдийг үзэж сонирхжээ. Ер нь Тайваньчууд аялал жуулчлалаар явахдаа тухайн орны түүх дурсгалын газруудаар заавал ордог болохыг төлөөлөгчид хэлж байв.


Өвөрхангай аймаг Тайванийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газартай олон жилийн турш харилцаа тогтоож ирсэн байна. Энэ хүрээнд тус улсаас эмнэлгийн хэрэгсэл, багаж техникийг Өвөрхангай аймагт хандивлаж байсан бол энэ оны сүүлээр түргэн тусламжийн хоёр машиныг хандивлана гэдгээ уулзалтаар мэдэгдлээ.


Аймгийн зүгээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн Тайпэй хотын Төлөөлөгчид өнөөдөр Арвайхээр сумын бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, Тайванийн бизнес, худалдааны чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг танилцуулсан ба ерөнхий боловсролын сурагчдад улсын тэтгэлгээр их, дээд сургуулиудад суралцах боломж байгааг дуулгав. Одоогоор Монголоос мянга гаруй оюутан Тайваньд суралцаж байна. 

Related news