Боом өвчний тохиолдол нэмэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-21 11:05:00

Есдүгээр сар гараад удаагүй байхад Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг малчин Э-гийн суурьт боом өвчин гарсан. Харин холбогдох хүмүүсээс одоогийн нөхцөл байдлын талаар тодруулахад 9-р сарын 5-наас хойш тус аймгийн нутаг дэвсгэрт боом өвчний шинж тэмдэг илрээгүй гэлээ.

Тэдний ярьж байгаагаар голомтын болон сэжигтэй бүсэд хорио цээрийн дэглэм цуцлагдаагүй, аймгийн төв рүү орж гардаг 3 гүүрэн дээр хяналтын пост гаргаж мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд хяналт тавин ажиллаж байгаа гэнэ.

Боом өвчний голомт болон сэжигтэй бүсэд 7 айл өрхийн 4400 бог мал байгаагаас одоогоор дээрх өвчнөөр нэмж өвчилсөн тохиолдол гараагүй байгаа юм. Ариутгал, халдваргүйтгэлийн бүсэд Цагдаагийн газрын албан хаагчид хөдөлгөөнт эргүүлд гарч, хүн, малын эмч нар ажиллаж эрүүл мэндийн үзлэг шинжилгээг тогтмол хийж, урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж хяналт тавин ажиллаж байна.

Б.Туяа

Related news