С.Бадрал: Бурхан багшаас ч өмнө шигшигдэж, тунасаар ирсэн зүйлс Монголд маань байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2023-10-16 16:23:47

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Уран барималч, зураач, урлаг судлалын ухааны доктор, профессор С.Бадралтай ярилцлаа. Тэрбээр түүх, соёлын дурсгалт өвийн музейгээ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шинэтгэн байгуулжээ. 


-Эртний эдлэл он цаг алсрах тусам үнэ цэнд хүрдэг. Гэхдээ түүнийг үнэ цэнтэй болгож байдаг өөр, олон хүчин зүйл бий. Хуучны эдлэл цуглуулагч, судлаач хүний хувьд та юуг эрхэмлэж ажилладаг вэ?

-Хүн төрөлхтөн хөгжих тусмаа л өнгөрсөн үедээ үнэ цэн өгдөг болсон. Хүн төрөлхтний мандал буурал, хөгжил доройтол нь өнгөрсөн үетэй нь холбоотой. Бидний өвөг дээдэс юу бүтээсэн, дэлхий яаж хөгжиж ирсэн, манай улс гүрэн хэдий үеэс урлаг соёл, оюун санааныхаа алдартай бүтээлүүдийг туурвиж ирснийг мэдэх гэж, тэднийг олж авах гэж үе үедээ өрсөлдөн тэмцэлдэж иржээ. Тэгэхээр өнгөрсөн үеийн дайн байлдааны түүх бол газар нутаг, алт эрдэнэсийн төлөө төдий бус, тухайн ард түмний оюун санаа, түүний нууцыг гартаа оруулахын төлөө байсныг эртний Египет, Грек, Ромоос авахуулаад Энэтхэг, Хятад, Хүннү, манай 13-р зууны эзэнт гүрний түүх харуулдаг.


Их хүчирхэгжин мандаад ирэхээр хамаг дэлхийн үнэт эдлэл, номын сан, бүх баялаг яах аргагүй тэр төр улс руу ирдэг юм байна л даа. Тэгэхээр манай монголчууд нэлээд олон зууны өв соёлыг гартаа атгаж байсан улсуудын нэг.


Агуу их Чингис хаан маань, 

Бие баатар болбоос нэгэн үеийн баатар

Билиг баатар болбоос түмэн үеийн баатар буюу” гэж сургажээ. Тэгэхээр эд эдийн дотроос эрхмээс эрхэм, хамгийн нандин өв нь судар ном юм. Манай Үндэсний номын санд хүртэл Энэтхэгээс ирсэн, дал модон дээр бичсэн судар байдаг. Түүнтэй адил үйсэн дээр ном судар бичсэн ард түмэн бол манай монголчууд. Надад үйсэн ном хэд хэд байсныг Үндэсний номын сандаа өгсөн.


-Танд хамгийн эртний ямар ном судар байна вэ?

-Миний цуглуулгын тухайд, эртнийх гэхээсээ хамгийн ховор, бараг нэг хувь байж болох судар ном гэж яривал их сайн юм. Монголчууд монгол бичгээр үлэмж арвин юм бүтээжээ. Түүнээс гадна манай нандин юмс төвөдөөр их байна. Миний цуглуулгад манай 300 жилийн түүхтэй холбоотой, манж бичгээрх 1000 гаруй албан бичиг, бүр тэр үеийн тамгатайгаа бий. Тагна Урианхай Тувагийнхан Монголдоо эргэж оръё гэж Гадаад явдлын яаманд өгч байсан бичиг ч байна.

Өндөр гэгээний соёмбо бичгийн бясалгалын судар, за тэгээд хүний элдэв хүслийн нууц тарнистай өдий төдий судар байна. Хэрээ, шаазгай гээд амьтны хэлний тухай судрууд ч байдаг. Миний бичиг дотор ховор юм их бий.


-Үлгэр домог шиг юм ярилаа гэж ундууцах уншигч байж болох юм. Орчлон ертөнцөд тайлаагүй, шинжлэх ухаанаар тайлбарлаж чадаагүй нууцас оршсоор л байна. Ер нь уламжлалт монгол зан үйлийг тайлбарласан судар ном танд байдаг уу?

-Төрсөн газраа хөрвөөх гэдэг чинь учиртай юм байж. Судар нь гар бичмэлээрээ байна. Хулгайчийг эргүүлж дууддаг, зүүж явахад мэсэнд өртөхгүй, хүндрэлгүй төрүүлдэг, тэнгэр шинжих, цайны дээж өргөх ёсон, нар сарны угаал, ус, лус, модны шашдир зэрэг уламжлалт зан үйлийн судрууд байна. Эдгээрийн дунд байгаль дэлхийг аргадсан үгийн хэмнэл, үгийн эрчим шидээр бүтээсэн судрууд ч байна. Ер тэдгээрт үнэхээр гайхамшигтай, сонин сонин юмс бичсэн байдаг. Түүнээс гадна манайхан юмаа мэдэхгүй байна л даа.

Жишээлбэл, хөөргийг 16, 17-р зууны үед орж ирсэн гэж яриад байдаг. 1960 -1970 оны шинжлэх ухааны академийн ном сэтгүүлүүд маш сайн гарч байсан байна. Түүнд, хөөрөг 13-р зуунд байсан гэж бичжээ. Кидан гүрний үед хөөргийг шаазангаар хийж байсан дурсгал байдаг. Өгөөдэй хааны зуны ордон байсан гэж ярьдаг, Оросын Чит мужаас илрүүлсэн хүүхдийн булшнаас хөөрөг шиг сав олдсон нь одоо Эрмитажид бий.


-Гар бичмэл гэдэг ганц хувь гэдгээрээ онцлог гэсэн үг биз?

-Тийм ээ, гар бичмэл бол ганцхан хувь, барласан бол олноороо гардаг. Бас надад 100 гаруй мэргэний судар бий. Чулууны чулууны өнгө, судлаар, 12 жилээр, хөгжмөөр, хүнээр, хүүхдээр хүртэл мэргэлдэг байж шүү дээ.


-Хуудасны тасархай, нэг тэмдэгт хүртэл цуглуулагч нарт эрдэнэ, тийм үү?

уучны лам, мэргэд, уртай улсуудын гараар болон модон барын сахиусны дардсууд надад бий. Хуучирсан байна урагдсан байна, хиртсэн байна гэж гололгүй хадгалаад л байдаг.


-Таны музейн сийлбэрүүд, тэр дундаа жижиг сийлбэрүүд сонирхолтой юм. Тухайлбал, энэ тэмээн сийлбэр ямар учир, утга бэлгэдэлтэй байх вэ?

-Би дүрслэх урлагийн хүн болохоор Монголын уламжлалт модон сийлбэр мал амьтны цуглуулга ихтэй.


Монголыг мориор биш хоёр бөхтэй тэмээгээр дэлхий дахин мэддэг байв. Хубилай хааны үед адуу алсан хүнийг торгодог бол, тэмээ алсан хүнийг шууд цаазалдаг байжээ. Тэмээ бол говь, хангай, уул нуруу хаагуур ч явна, хамаг баялаг тэмээгээр орж ирдэг байж шүү дээ. Хубилай хаан өөрөө тэмээтэй газрын хүн.


-Яст мэлхийний модон сийлбэрийн тухайд...?

-Яст мэлхийг арга билэг, алаг мэлхийн тоглоом төдийхнөөр ойлгоод байдаг. Гэтэл газар дэлхийн үндэс язгуур яст мэлхийтэй холбоотой гэж хуучны судар номд бий. Түрэг, Уйгар төрийн үед ч яст мэлхийг чулуугаар бүтээж газар онголж байсан байдаг. Монгол төдийгүй дэлхий ертөнцийн суурь үндсийн тухай, түүнийг аргадах, газрын савалгаа чичиргээг аргалдаг тэр судар надад хоёр бий. Францын эрдэмтэд асуугаад л  байдаг юм. Түүнээс гадна 500 жил, хэдэн зуун жил болж байгаа яст мэлхийн хатаамал миний цуглуулгад нэлээд хэд бий.

Дорнодын Мэнэнгийн талыг мэнэхэй гэж монгол бичгээр бичдэг гэж академич Д.Цэрэнсодном гуай ярьж байсан.


-Хуучны судар номуудыг кирилл бичгээр гаргасаар байна. Одоо ч нийтийн хүртээл болоогүй судруудаас сонирхуулж болох уу?

-Анагаахын судрууд бол гайхамшигтай. Хүн гэдэг амьтныг манай монголчууд ёстой нэвтэрхийеэ судалжээ. “Есөн мэнгэний судар”-ын олон нийт сайн мэддэг. Гэхдээ жинхэнэ нарийн ширийн нууцыг нь монгол бичиг, төвөд үсгээр бичжээ. Кириллээр гаргахдаа хассан, засварласан зүйл байдаг. “Ташаан дээр нь дарсан тамга нь таван хошуу хэлбэртэй дээ” гээд дуу бий. Таван хошуу хэлбэртэй биш, тангад номын үсэгтэй дээ гэж байсан юм шүү дээ.

“Ганжуур”, “Данжуур”-т байхгүй юмс ч гар бичмэлээрээ байна. Юань улсын үед орчуулсан "Эрдэнийн сан Субашид"-ын хэдэн хуудас олдсон. Тэгсэн чинь тэр нь Өвөр монголын цахар гэвш Лувсанчүлтэмийн төвөдөөс орчуулсан Субашидэд байхгүй байх жишээний.


-Тэгэхээр жирийн ардын авдарт арвин өв хадгалагдаж ирсэн байгаа юм шүү...?

-Оросын их зураач Н.Рерих 1920 хэдэн онд гаргасан “Азийн зүрх” номдоо, “Монголчууд эрдэмтэн хүн шиг ярьдаг” гэж бичсэн байдаг. Монгол ардын үлгэр домог, оньсого тааврууд шиг, олон зуун жилээр шигшигдэн шүүгдсэн, эртний Вавилон, Ассир,  Шумер, Бурхан багшаас өмнөх үед ч дээжлэгдсээр, тунаж ирсэн юмс манай Монголд байна. Яагаад судар номын, эрдэм ухааны охь шим нь манай Монголд байна гэхээр агуу их Чингис хааны маань буян. Тэр үед худалдаачид хир болдоггүй торго ч авчирч байж гэж шагшин гайхацгаагаад л байна. Гэтэл худалдаачид бас судар ном авчирч байж шүү.


Өгөөдэй хаан гэхэд их сонин содон юмс цуглуулдаг, цуглуулгад нь аварга шувууны есөн метр далавч байжээ. Африкийн Мадагаскар арлын шугуйд тийм том шувуу байсан байна шүү.


Одоо ч нандин цуглуулгатай хүн манай улсад зөндөөн бий.


-Хуучин эдлэлийг танихад чухал мэдрэмж, мэдлэг шаардагдах уу?

-Би буурал аавынхаа дэргэд өссөн болохоор буурал аавын маань авдрын үнэр мартагдаагүй, таван мэдрэхүйд маань байна. Тийм болохоор тэднийг хайрламаар байдаг. Хуучны эдлэл цуглуулагч хүнд мэргэн ухаан, авьяас, эв дүй, үнэ цэнтэй юмыг олж харах билгийн нүд хэрэгтэй.


-Хуучны эдлэлийн үнэ цэнийг хэрхэн тодорхойлдог юм, түүхэнд холбоотой нь үнэтэй юу, эсвэл ховордсондоо байдаг  уу?

-Хуучны эдлэл хэрэглэл, дээл хувцас, эрэг шураг ч бай, энэ бүхний хамгийн чухал нь тухайн цаг үе, үнэ цэн нь харагддагаараа сүнслэг, түүгээрээ хүний сэтгэлийг татаж байдаг. Түүнээс биш торго, алт эрдэнэс, мөнгөөр бүтээсэндээ биш юм. Манайхан археологийн дурсгалыг хүртэл алт орсон бол шуугиж хүлээн авдаг. Надад ч алтаар бичсэн, жижиг хэмжээний “Доржзодов” байна.


Гэхдээ хэчнээн сайхан зураад ч сэтгэл шингээгүй бол, хэчнээн үнэтэй материалаар хийгээд ч үнэ цэнгүй. Манай Монголын судар ном, шатрын сийлбэр, бор гэр нь, зураг, тогоо шанаганд нь сэтгэл шингэсэн байдаг юм. Тиймээс үнэтэй цэнэтэй.


-Хэдэн жилийн өмнө тантай ярилцаж байхад гадаадынхан хуучны эдлэл цуглуулахаар Монголд ирдэг тухай ярьж байсан. Ер нь ямар судар хамгийн эрэлттэй байдаг вэ?

-“Алтангэрэл”, “Жадамба” ч юм уу том хөлгөн судруудыг сонирхоод байдаг. Гэтэл нарийн нандин судрууд нэг хоёр хуудастай ч байдаг. Коронагийн хөл хорионы үед судар номоо үзэж суутал тэр халдварт хижиг өвчнийг дардаг “Навчин хэвнэгт судар” байдгийг олж мэдлээ.

-Таны цуглуулга ч үнэхээр баялаг юм аа. Хуучны гэрэл зураг, алдартай хүмүүсийн гарын үсгүүд ч байна. Хас тэмдэгтэй эдлэлийг монголчууд их хэрэглэж байж дээ...

-Польшийн аялагч Ф.Оссендовский 1921 онд Монголоор явж байхдаа “Монгол хасны эх орон” гэж хэлсэн байдаг. Хаа ч явсан хас тэмдэг, хастай дөрөө, хайч, тамга, даавуу, гаанс, тамхины соруул, гэрийн өрх оосор, ширдэг, авдар сав гээд бүх зүйл дээр хас байж л дээ. Түүнтэй адил хасны судрын нэг нүүрт 64 хас байсан шүү.  


-Ваар сав ч олон юм аа?

-Монголчууд дээшээ харсан сав суулгыг бэлгэддэг. Зэс ваар гээд янз бүрийн сав бий. Юань гүрний үед хэрэглэж байсан болон 50 граммаас 80 л-ийн багтаамжтай ваарнууд ч бий.


-Та эдгээрийг яаж олж авч байв?

-Эрж сураад яваад байхгүй ч, ихэнхдээ өөрөө ороод ирдэг гэх үү дээ. Санамсаргүй нэг дэлгүүрээр ороход, “Үүнийг аваад яваач, дараа мөнгийг нь өг” гэх жишээний. Ууц авах гэсэн мөнгө нь хүрдэггүй гээд нэг хөгшин тавьсан, та энэ эмээлийг аваач гэнэ.

Одоо бол хуучин эдлэл ховордож байна. Хуучин бол "Туул" рестораны дэргэд, "Нарны титэм"-д хуучин эдлэлийн лангуунууд байлаа шүү дээ. Дэнжийн мянгын зах дээр зэвтэй хадаасан дотроос хув хөөрөг, зэс хас олж л байлаа. Эцэг эх нь бурхан болсон гээд авчирсан бичиг цаасан дотроос Х.Чойбалсангийн гарын үсэгтэй баярын бичиг хүртэл гарч байв.


-Гадаадаас та цуглуулгаа баяжуулж байв уу?

-Оросоос монгол бичгээр бичсэн “Ногоон дарь эх" судрыг олж авчирч байлаа. Хөх хотоос ганц нэг юм авчирж байсан.


-Таны хэд хэдэн баримал нийслэлд бий. Та алдарт И.Е.Репиний академийг төгссөн. Харин бэхэн зурагтай хэзээнээс "нөхөрлөв"?

-Би уран зургаар системтэй суралцсан. Мэргэжлээрээ 10 жил сурсан цөөхөн хүний нэг. Буурал аавынхаа дэргэд таван настайгаасаа зураг зурахыг заалгасан. 16 настайдаа дүрслэхийн дунд сургууль, И.Е.Репиний академид 1987-1993 онд суралцаж төгссөн. Тэгээд алдартай академиас олсон олз, оюутан байхдаа өөрийгөө олохын тулд хийсэн баримал, таталбар зургуудаараа “Баян говь” нэртэй, анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байв.


Судрын чимэглэл зураг, сахиусны зураг, хуучин цагийн зурхайн зураг, Юан гүрний үеийн бэхэн зургууд, Персийн ил хаадын номын зургууд бол бидний өвөг дээдсийн хүн төрөлхтөнд үлдээсэн эзэнт гүрний өв баялаг юм.


Тийм болохоор бидний мах цусанд байдаг юм байна. Тэгээд эртний улсуудын зураасны урлагийг судалж байгаад, Монголын аж байдлын сэдэвтэй, Марзан Шарав шиг малчин ардын адал явдалт амьдрал, бас Монголын эзэнт гүрний байлдан дагууллын түүхийн сэдвээр өнөөг хүртэл зурсаар явна. Уран баримлаас гадна бэхэн зураг миний төрөлх чадвар болсон. Одоо би харж ч зурна, харахгүй ч зурна.  


-Жак Уэдерфордын “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номын зургийг хэрхэн зурж байв?

-Энэ номыг АНУ-д хэвлээгүй байхад нь, Монголдоо анхлан хэвлэе гээд “Чингис хаан” дээд сургуулийн захирал Лхагвасүрэн 10 хэдэн зураг надаар зуруулсан. Тэгээд 2004 онд АНУ-д хэвлэгдэх гэж байна гэхэд нь дөрөв таван зураг өгсөн. Түүнээс хойш 30 гаруй оронд хэвлэгдэхэд, ихэнхэд нь миний зурагтай гарсан юм билээ.


-Та “Чингис хааны өв соёл” музейг 2006 онд байгуулсан. “Чингис хаан” хаад язгууртны музейд цуглуулгаас тань авсан уу?

-Дэлхийд хосгүй энэ сайхан музейд "сүнслэг эдлэл", ном судрыг дэлгэвэл сайхан гэж би боддог. Чингис хааны үетэй холбоотой хэдэн сайхан судар надад байна. 13-р зуун, түүнээс ч өмнөх Хүннүгийн үеийн, түүний дараах үеийн зэв, дөрөө ч надад бий. Харин миний судруудаас “Чингис хааны өв соёлын хүрээлэн” авсан. Олон түмэнд гаргая, эрдэм шинжилгээний эргэлтэд орог гэж бодоод өгсөн.


-Хүүхдүүдээс тань таны мэргэжлийг өвлөсөн үү?

-Би хүүхдүүддээ ном л өвлүүлсэн. Хүүхдүүд маань бүгд номын сантай. Миний хоёр охин Италийн Ромын академид сурсан. Бага хүү маань Японд урлагийн их сургуульд магистрт сурч байна. Тэнд Японы алдартай номын зохиогч, алдартай анимейшн хийдэг, хүүхэлдэйн киноны зураач нарын шавь болоод явж байна даа. 





Related news