ӨМНӨГОВЬ: Боловсролын салбарт 14,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-02 16:08:54

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг 2022-2023 онд боловсролын салбартаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, боловсролын инновацын хөгжлийн бодлогыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

"Нутгийн хишиг" хөтөлбөрөөр сургалтын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор чадварлаг багш аяныг хэрэгжүүлж Өмнөговь аймгийн 22 сургууль, 31 цэцэрлэгийн 988 багшийг 100 хувь орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий зөөврийн компьютероор хангажээ.

 

Мөн БШУЯ, БЕГ, МУИС, МУБИС-тай хамтран 20 гаруй сургалтыг багш нарын дунд зохион байгуулж, "Нутгийн дэм" хөтөлбөрөөр сар бүр 400.000 төгрөгийн дэмжлэг олгож байна.


Харин сурагч солилцоо хөтөлбөрийн хүрээнд үндэсний өв соёлыг танин мэдэх аялал болон зусланд ээлжээр амраах үйл ажиллагаанаас гадна гадаад харилцаагаа өргөжүүлж 2023 оноос БНСУ-ын Бусан хотод "Мөрөөдөлдөө хүрэх аялал" уриан дор 22 сургуулиас шилдэг сурагчдыг шалгаруулан аялуулсан бол "Говийн ирээдүй хүүхэд", "Уншдаг хүүхэд хөгждөг" зэрэг аяны хүрээнд ном уншлагыг санаачлан хэрэгжүүлж, хөдөлмөр зуслан, үндэсний бичиг үсгийн баяр зэрэг соёл спортын олон үйл ажиллагаанд 200 сая төгрөгийн хөрөнгө оруулж, хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмжжээ.

 

Орон нутагт хэрэгцээт мэргэжлээр амжилттай суралцаж, "Эзэмшсэн мэргэжлээрээ эх нутагтаа ажиллая" хөтөлбөрийг хэрэгжүүлж 2022-2023 оны хичээлийн жилд орон нутгийн төсвөөс 600 сая төгрөгөөр 405 оюутан, 2023-2024 оны хичээлийн жилд 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тэтгэлэгт хамрагдах оюутны тоог нэмэгдүүлсэн зэрэг үйл ажиллагаанд нийт 2023 оны 10 сарын байдлаар 14,3 тэрбум төгрөгийг  зарцуулаад байна. 

 

ШУТИС-ийн харьяа Техникийн их сургуулийг Даланзадгад суманд байгуулж оюутнууд орон нутагтаа тэтгэлгээр боловсрол эзэмших боломжийг бүрдүүлжээ.

 

Өмнөговь аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилга байгууламжийг орон нутгийн төсвөөр барьж 2023 онд нисэх хороололд 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, нэгдүгээр сургуулийн спорт заалыг шинээр ашиглалтад оруулахаар гүйцэтгэл ажлыг хийж байна.

 


Түүнчлэн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 100 хувь, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 50 хувь, ЕБС-ийн зургаадугаар ангийн сурагчдыг "Үдийн хоол" хөтөлбөрт 2 дахь жилдээ хамруулах зэрэг төлөвлөгөөт ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд 15 сумын 31 цэцэрлэгийн 183 бүлэг, 17 сургуулийн дотуур байранд аяга таваг угаагч, ариутгагч, нян бактери устгагч, хатаагч зэрэг эрүүл ахуйн төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

 

Ийнхүү дэлхийн аль ч улс орны хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай, чанартай мэргэжилтэн бэлтгэхийн тулд Өмнөговь аймаг боловсролын салбартаа онцгойлон анхаарч ажиллаж байна.

Related news