ӨМНӨГОВЬ: Хоёр улсын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, ЖДҮ эрхлэгчдийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-09-29 17:34:53

Даланзадгад, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Сэхэ боомтын 31 жилийн ойн баярын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдоржоор ахлуулсан ажлын баг оролцож талуудын хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

 

Сэхэ боомт нь Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, байнгын үйл ажиллагаатай боомт юм.

 

Тус уулзалтыг 2023 оны есдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулсан ба уулзалтын хүрээнд хоёр улсын хил орчмын аялал жуулчлалыг эхлүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр харилцан санал солилцлоо.

 

Мөн ирэх аравдугаар сард ӨМӨЗО-ы Альшаа аймгаас Өмнөговь аймгийн иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хоёр талын хамтын ажиллагаанд ахиц, дэвшил гарсан үр дүнтэй уулзалт болсныг талууд онцоллоо.

 

БНХАУ-ын Сэхэ боомт байгуулагдсаны 31 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй Соёл урлаг, аялал жуулчлалын наадмын үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн ХЖТ-ын 30 гаруй уран бүтээлч оролцож, хоёр улсын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг дэмжиж, Альшаа аймаг болон Өмнөговь, Дундговь аймгийн уран бүтээлчид хамтарсан болон бие даасан тоглолтуудаа үзэгч олонд толилуулжээ.

 

Түүнчлэн ойн хүрээнд БНХАУ болон Монгол Улсын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хамтарсан үзэсгэлэн худалдааг 14 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулж бөгөөд Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төлөөлөн 40 гаруй ААН, 80 гаруй иргэн оролцож орон нутгийнхаа брэнд бүтээгдэхүүн болсон “Гоёоны архи”, “Говийн хийцтэй цай” зэрэг бүтээгдэхүүнийг танилцуулж сурталчиллаа.

 


Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж:

БНХАУ-ын Сэхэ боомтын 31 жилийн ойн үйл ажиллагаанд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцлоо. Энэхүү баярын хүрээнд Сэхэ боомтын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, тодорхой асуудлууд дээр санал солилцлоо. Үүнээс бид хил орчмын аялал жуулчлалын хөгжлийн талаар нэлээд нухацтай ярьсан.

Мөн Өмнөговь аймгийн хил орчмын Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутгуудаар БНХАУ-ын иргэд аялах боломж маршрутын талаар, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мод үрсэлгээ зэрэг чиглэлүүд дээр мөн ярилцлаа. Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспорт Шивээ хүрэн,Сэхэ боомтоор 25 хувь нь гардаг. Энэ хувийг нэмэгдүүлэх тал дээр санал солилцлоо гэв. 

Related news