ӨМНӨГОВЬ: “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн шалгаруулалтад гурван сурагч тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-24 09:29:46

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийнхний хөгжил оролцоог дэмждэг, үндэсний хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулж буй “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн шилдэг сурагчдыг тодруулжээ.

 

“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” буюу “Wash and Teens” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

 

Хөтөлбөрийг УИХ-ын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өөрчлөлт орж оролцогчдыг орон даяар мессеж санал хураалтаар шалгаруулснаараа онцлог боллоо.

 

Тус хөтөлбөрт 21 аймаг болон Улаанбаатар хотын есөн дүүргээс нийт 126 сурагч оролцохоор шалгарсан бөгөөд Өмнөговь аймгийг төлөөлөн Даланзадгад сумын II сургуулийн сурагч Т.Насанбуян, Даланзадгад сумын I сургуулийн сурагч Б.Мишээл, Цогтцэций сумын I сургуулийн сурагч Г.Нарансолонго зэрэг сурагчид тэнцжээ.

 

Хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа энэ оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.

Related news