ДУНДГОВЬ: Эхчүүдийг чадавхжуулах төсөлд 12 эмэгтэй хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-29 09:36:24
altantogos

Мандалговь, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Эхчүүдийг хөгжүүлэх “Happy mom” төслийг Дундговь аймагт 9 дүгээр сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж, 12 эх хамрагдаж байна.  


Тус төслийг “Гэрэлтдэг ертөнц” ТББ, аймгийн Хөдөлмөрийн биржээс санаачлан ХХҮГ, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар, "Ар ширээт" хайрхан ХХК болон сайн дурын эмэгтэйчүүд гээд олон хүний оролцоо, идэвх санаачилгаар хэрэгжүүлж байгаа аж.  


Урт хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, гэртээ хүүхдээ хардаг эхчүүд ихэвчлэн нийгмийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүйгээс өөртөө итгэх итгэл буурч, сэтгэл зүйн хувьд ихэвчлэн өөрийгөө тусгаарлах хандлагатай болдог учраас гэртээ байдаг эхчүүдийн асуудлыг шийдвэрлэн, өөртөө итгэх итгэлтэй, орлоготой болоход нь туслах зорилгоор тус төслийг хэрэгжүүлжээ.


Төслийн хүрээнд оролцогчдод хувь хүний хөгжил, харилцаа, гэр бүлийн үнэ цэн, гутал нэхэх, лаа хийх, цахим хөгжүүлэлт, маркетинг, иог, төсөл боловсруулах анхан шатны мэдлэг олгох сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж, харилцааг хөгжүүлж, өөртөө итгэлтэй болгох дасгал, бүжгийн хичээл орж, оролцогч бүрийг сайн дурын менторууд даан авч, ярилцаж, чиглүүлж, оролцоотой, чадавхтай, орлоготой болоход нь тусалж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлсэн байна.



Түүнээс гадна бага насны хүүхдүүдийг нь гэрээр харах үйлчилгээ үзүүлсэн тул оролцогчид санаа зовох зүйлгүй, тайван, цаг хугацаагаа үйл ажиллагаанд бүрэн зарцуулан оролцжээ.


Хувь хүний хөгжил, Харилцаа, Гэр бүлийн үнэ цэн, Бага насны хүүхэдтэй тоглоомоор дамжуулан харилцах сургалтаар мэндлэх, талархах, зорилгоо тодорхойлох, өөрийгөө нээх, үнэ цэнээ олох, хүүхдээ хүмүүжүүлэх зэрэг хувь хүний хөгжил, харилцааны чадваруудыг эзэмшиж, дадал болгон хөгжүүлсэн бөгөөд ингэснээр оролцогчид нээлттэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай болж байгааг багш нар онцоллоо.


Оролцогчдод бизнес эрхэлж, нэмэлт орлоготой болоход нь туслах зорилгоор гутал нэхэх, лаа хийх, саван хийх, хувийн пэйж, групп хөгжүүлэлт, маркетинг, төсөл боловсруулах зэрэг сургалт зохион байгуулсан нь ээжүүдийн талархлыг хүлээж байна.


Нэг нэгнийхээ нүд рүү харж, мэдрэмжээ баяр баясгалан болгон бүжгээр илэрхийлснээр анхаарал төвлөрөлт, өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг Японы арга зүйг ашиглан оролцогчдод Бүжгийн хичээл орсон нь энэхүү хөтөлбөрийн бас нэгэн өвөрмөц зүйл байв.  


Түүнээс гадна оролцогч бүртэй менторууд ажиллаж, хүүхдийг нь харах үйлчилгээ үзүүлж, Ид шидийн орон болон Хашаандаа мод, хүнсний ногоо тарьж ургуулан үлгэр жишээ тохижуулсан С.Цэнгэлсүрэнгийн хашаа, “Dream yoga” төвөөр зочилсон нь оролцогчдод илүү өөртөө итгэлтэй, нээлттэй болоход тусалсныг эхчүүд онцолсон юм.  



Эхчүүдийг сургалтад хамрагдах хугацаанд бага насны хүүхдүүдийг нь гэрээрээ харж, хүмүүжүүлж байсан хүн бол Ж.Цэнгэлмаа. Тэрбээр гэрээр хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах болон гэрийн даалгаврыг хийлгэх үйлчилгээг явуулдаг бөгөөд энэ удаа тустөслийн үйл ажиллагаанд сайн дураараа оролцсон байна.


Ар гэртээ санаа зовох зүйлгүй, сургалтдаа төвлөрч, цогц байдлаар хөгжүүлж, өөрчилж, цаашид аз жаргалтай амьдрах боломжийг нээж өглөө хэмээн оролцогчид талархаж байсан төдийгүй цаашид гэрээрээ үйлдвэрлэл явуулан орлоготой болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тус төсөлд 20-40 насны, 1-5 хүүхэдтэй эхчэжүүд хамрагджээ. 



















Related news