Шнобелийн шагналын эзэд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-15 15:54:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. Стандарт бус санаа, хийсвэр ололтуудын төлөө олгодог Шнобелийн шагнал буюу "Ig Nobel Prize" шагналын эздийг тодруулах 33 дахь удаагийн ёслол Харвардын их сургуульд пүрэв гарагт болжээ.


"Эхлээд инээд хүргэх ч дараа нь эргэцүүлэхээс аргагүй болдог" судалгаануудад олгодог эл шагналыг энэ жил Их Британи, Польшийн судлаачдын баг "эрдэмтэд яагаад чулуу долоох дуртай байдгийг тайлбарласан бүтээлээрээ” хими, геологийн салбарт хүртсэн байна. 


Утга зохиолын салбарт уг шагналыг Их Британи, Малайз, Финланд, Францын эрдэмтдэд "нэг үгийг дахин дахин давтах үед хүмүүст ямар мэдрэмж төрдгийг судалсных нь"  төлөө олгосон бол үхсэн аалзыг механик атгах хэрэгсэл болгон ашиглах санааг гаргасан Энэтхэг, Хятад, Малайз, АНУ-ын эрдэмтэд механик, инженерийн салбарын шагналыг авчээ. 


Харин эрүүл мэндийн салбарт Шнобелийн шагналтнаар ариун цэврийн өрөөний суултуур дээр суурилуулдаг шинжилгээний  төхөөрөмж бүтээсэн Өмнөд Солонгос, Америкийн эрдэмтэд тодорчээ. Хойноос урагш уншдаг хүмүүсийн тархины үйл ажиллагааг судалсан Аргентин, Испани, Хятад, Колумби, АНУ, Чилийн эрдэмтдэд харилцаа холбооны салбарын шагналыг олгосон байна. Анагаах ухааны салбарт Вьетнам, Иран, Канад, Македон, АНУ-ын эрдэмтэд эл шагналыг хүртжээ. Тэд "хүний хамрын нүхний үсний тоог харьцуулахдаа цогцос ашигласан аж".


Хоол, ундааны амтанд савх, соруул хэрхэн нөлөөлдгийг судалсан ажил нь Японы эрдэмтдэд хоол тэжээлийн салбарын шагналыг авчирчээ. Боловсролын салбарын шагналыг “багш, сурагчдын уйтгар гуниг” сэдэвт судалгааны зохиогчид болох Их Британи, Ирланд, Хятад, Канад, Нидерланд, АНУ, Японы эрдэмтэд хүртсэн байна. АНУ-ын эрдэмтэд дээш харж байгаа танихгүй хүний хажуугаар өнгөрөхдөө хэр олон хүн дагаж дээш харж байгааг тогтоох туршилт хийсэн нь сэтгэл судлалын салбарын шагналын эзэн болгожээ. Их Британи, Испани, Франц, Швейцарын эрдэмтэд анчоус загасны "бэлгийн амьдрал" далайн усны найрлагад хэрхэн нөлөөлж байгааг судалсан бүтээлээрээ физикийн салбарын шагналыг хүртжээ.


Энэхүү шагналыг Америкийн  "Annals of Improbable Research" гэдэг шог сэтгүүл 1991 онд үүсгэсэн байна.  

Related news