Израилын эрдэмтэд үүдэл эсээс хүний үр хөврөл ургуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-08 12:17:02

ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Вейцманы их сургуулийн эрдэмтэд хөгжлийнхөө эхний үе шатанд байгаа хүний үр хөврөлөөс огт ялгагдахааргүй бяцхан амьд организмыг “бүтээж” чаджээ.


Эр бэлгийн эс өндгөн эстэй нийлж, умайн хананд бэхлэгддэг жинхэнэ үр хөврөлөөс ялгаатай нь "лабораторид ургуулсан энэ үр хөврөл"-ийг бий болгоход эр, эм бэлгийн эс, гурав дахь эсийн аль алиныг ашиглаагүй байна.


Эрдэмтэд эр бэлгийн эс, өндгөн эсийн оронд “гэнэн үүдэл эс” гэж нэрлэгддэг эсүүдийг хэд хэдэн химийн бодис ашиглан хүний үр хөврөлийн хөгжлийн хамгийн эхний үе шатанд үүсдэг дөрвөн төрлийн эс болгон дахин програмчилж анхдагч материал болгон ашиглажээ.


Нийтдээ эрдэмтэд 120 ийм эсийг зөв харьцаагаар хольж, дараа нь тэдгээрийг ажигласан байна. Ингэхэд хольцын 1 орчим хувь нь хүний үр хөврөлтэй ижил биш ч гэсэн түүнтэй төстэй бүтцээр аяндаа нийлж бүрэлдэж байжээ.


Түүгээр барахгүй уг үр хөврөл нь өсөлтийнхөө явцад жирэмсний тестээр жирэмсэн эсэхийг тодорхойлдог дааврыг хүртэл ялгаруулж байжээ.  Ийм даавар ялгаруулж байгаа нь лабораторид хийсэн жирэмсний тестээр тогтоогдсон байна.


Судлаачид үр хөврөлийнхөө загварыг үр тогтсоноос хойших 14 хоногийн дараах хүний үр хөврөлтэй харьцуулахуйц хэмжээнд ургуулжээ. Учир нь олон оронд энэ нь хуулиар тогтоосон хязгаар бөгөөд үүний дараа үр хөврөлийг судалгаанд ашиглах боломжгүй юм.


Судлаачид эхийн умайд шинэ амьдрал бий болсны дараах эхний өдрүүдийг судлахын тулд, мөн хүний үр хөврөлийг ёс суртахууны хувьд хамгийн хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар “бүтээх” зорилгоор үр хөврөлийн загвар ургуулжээ. 


Энэхүү судалгааны талаарх шинжлэх ухааны өгүүлэл “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн байна. 



Related news