Ихэнх нутгаар хэт хална

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-06-08 10:03:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээллээ.


2023 оны 6 дугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 11-12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орохоор байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9, 10-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх ажээ. 


Энэ өдрүүдэд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +3+8 градус, өдөртөө +19+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +18+23 градус, өдөртөө +32+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө +13+18 градус, өдөртөө +27+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8+13 градус, өдөртөө +24+29 градус дулаан байх юм байна.


Related news