Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-09 21:08:51

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталж холбогдох ажлыг хэрэгжүүлж байгаа ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон байна. Тухайлбал, оны эхний хагас жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 764 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 178 хэрэг буюу 30.4 хувиар өссөн бол 2010-2016 оны эхний 8 сарын байдлаар тус гэмт хэргийн улмаас 95 хүн амь насаа алджээ. Цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй болон захиргааны зөрчилд тооцогдон арга хэмжээ авагдсан хүчирхийллийн тоо үүнээс даруй 5 дахин их байгааг энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудын судалгаа харуулдаг аж. Иймд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх нь чухалд тооцогдох болсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлсний дараа санал хураалт явуулахад 82.1 хувь нь дэмжив.

Б.Туул

Related news