Ж.Эрдэнэбат: Засгийн газрын ирэх 4 жилийн бодлогын зорилт тодорхой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-09 19:32:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв. Тэрбээр үгийнхээ эхэнд Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг цаг хугацаа алдалгүй, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, нухацтай хэлэлцэн баталж өгсөн УИХ-ын эрхэм гишүүдэд Засгийн газрын нэрийн өмнөөс талархалаа илэрхийлсэн.

Түүнчлэн "Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу ойрын хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталж, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа бид шуурхайлан орох болно. Засгийн газрын хувьд ирэх 4 жилд улс орныхоо нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зорилтууд тодорхой боллоо" хэмээв.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсантай холбогдуулж Засгийн газар ойрын хугацаанд үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлах аж.

Б.Туул

 

Related news