Манай улс хөрс хамгаалах өдөртэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-09 15:22:27

Ерөнхийлөгчийн санаачилсан Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Хэлэлцүүлгийн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Л.Чой-Иш, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн Д.Баярбат, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг нар илтгэл тавьсан юм.

Илтгэлд дурдсанаар манай улс өнөөдөр 112,7 сая га бэлчээрийн талбайтай, өнгөрсөн оны эцсийн байдлаар 55,9 сая толгой малтай. Энэ нь хонин толгойд шилжүүлснээр 100 га бэлчээр, хадлангийн талбай тутамд 83 толгой мал ногдож байгаа гэсэн үг аж. Зарим хүн ам, малын тоо толгой ихээр төвлөрсөн Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Улаанбаатар зэрэг газарт 100 га бэлчээр, хадлангийн талбайд 86-645 толгой мал ногдож байгаа судалгаа гарчээ. Энэ байдлыг 1964 оныхтой харьцуулбал бэлчээрийн талбай 9,4 сая га-гаар багасаж, хонин толгойд шилжүүлснээр нийт малын тоо 36,9 сая толгойгоор өссөн аж.

Бэлчээрээ сэлгэж ашигладаг хуучны уламжлал алдагдаж байгаа, ямааны тоо толгой өссөн, газар тариалангийн бүст атаршсан талбайн 60 гаруй хувь нь хүчтэй элэгдэлд орсон, 1960 оныхтой харьцуулахад шороон шуургатай өдрийн тоо 3-4 дахин өссөн, Монголд дэлхийн дулаарал илүү их нөлөөлж байгаа, хүний хүчин зүйлтэй холбоотой хөрсний элэгдэл ихэссэн зэрэг таагүй шалтгаан олон байгааг тэд дурдсан юм. Иймээс хэлэлцүүлэгт оролцогчид Ерөнхийлөгчийн санаачилсан зарлигийн төсөл цаг үеэ олсон, амьдралд нэн хэрэгтэй баримт бичиг болж байгааг онцлов.

Одоогийн байдлаар Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлигийг гаргах ажлын хэсгийг яам, тамгын газар болон эрдэмтдийн төлөөллөөс бүрдүүлэн байгуулсан байна.  Зарлигийн төсөлд хөрс, бэлчээрийн өнөөгийн төлөв байдал, элэгдэл доройтолд судалгаа хийж, хөрс, бэлчээрийг хамгаалах, богино, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх бодлогын нэгдсэн баримт бичгийг боловсруулан батлах, хэрэгжилтийг хангахыг чиглэл болгохоор тусгажээ. Мөн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бэлчээр ашигласны төлбөр болон урамшуулал олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрс хамгаалах цөлжилттэй тэмцэх өнөөгийн бүтцийг Төрөөс хөрс, бэлчээрийг хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, салбар, дундын зохицуулалтыг хангах чиг үүрэгтэйгээр шинэчлэн байгуулах талаар тусгасан байна.

Хөрс, бэлчээр хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх тусгай чиг үүргийн сангийн тогтолцоог орон нутаг бүрт бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөрс, бэлчээр хамгаалах дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрсний мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, тогтмол бүртгэл, тооллого хийх, хяналт тавих журам боловсруулж батлах, жил бүрийн 4 дүгээр сарын 1 дэх долоо хоногийн бямба гаригийг хөрс хамгаалах өдөр болгон зарлах, хөрс хамгаалах ажилд нийт ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг идэвхийлэн оролцохыг уриалах зэрэг чиглэлийг тусгасан аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news