Саудын Арабын сансрын нисгэгчид ОУСС-ыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-05-22 15:05:30

ВАШИНГТОН. /DW/. Америкийн сансрын хувийн компани болох "Axiom Space"-ын зохион байгуулж буй хоёр дахь арилжааны нислэг Олон улсын сансрын станц /ОУСС/ руу ням гарагт хөөрчээ.


Энэхүү нислэгийн бүрэлдэхүүнд хөхний хорт хавдар судлаач бүсгүй Райана Барнави, нисгэгч Али Аль-Карни нар багтаж байгаа бөгөөд тэд ОУСС руу аялсан Саудын Арабын анхны сансрын нисгэгчид болж буй юм.


Axiom Mission 2” нислэгийн бүрэлдэхүүн “SpaceX” компанийн “Falcon 9” пуужингаар Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс орон нутгийн цагаар 17:37 цагийн орчимд хөөрсөн байна.


Энэхүү багт мөн “NASA”-гийн сансрын нисгэгч асан Пегги Уистон, Америкийн бизнес эрхлэгч Жон Шоффнер нар багтжээ. П.Уистоны хувьд ОУСС руу дөрөв дэх удаагаа нисэж буй юм.


Тэд сансрын станцын лабораторид 10 орчим хоногийг өнгөрүүлэхдээ шинжлэх ухаан, технологийн 20 гаруй туршилт хийх ажээ.


Сансарт ниссэн Саудын Арабын анхны эмэгтэй

Хамгийн сүүлд Саудын Арабын иргэн 1985 онд сансарт ниссэн бөгөөд Агаарын цэргийн хүчний нисгэгч, хунтайж Султан бин Салман бин Абдулазиз АНУ-ын зохион байгуулсан нислэгт оролцож байжээ.


Саудын Арабын эрх баригчид 2018 онд Сансрын комисс байгуулж, сансрын нисгэгчдийг сансарт илгээх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. 


Р.Барнави нь сансарт ниссэн анхны саудын араб эмэгтэй болж байна. Саудын Арабын эмэгтэйчүүд хэдхэн жилийн өмнө машин жолоодох эрхтэй болсон билээ.


“Бүс нутгаа төлөөлж, Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисгэгч болж байгаа нь нэрийн төрийн хэрэг бөгөөд маш их баяртай байна. Өөрийн туршлагаа хүүхдүүдтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Р.Барнави ярьжээ. 

Related news