Б.Сарантуяа: Сэргээн засварлах шаардлагатай 364 бүтээл бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2023-03-29 12:23:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уран зургийн галерейн сан хөмрөгт 2008, 2009 онд гал гарч, Монголын дүрслэх урлагийн түүхэн дэх олон сор бүтээл гэмтсэн харамсалтай явдал болсон. Тэдгээр бүтээлийн дийлэнхийг нь улсын төсөв болон гадаад улсуудын дэмжлэг, сайн дурын төслүүдээр сэргээн засварлаж чадсан ч үлдсэн нэлээд бүтээл нь сүйдсэн хэвээр өнөөдрийг хүрчээ.


Тэгвэл ХБНГУ-ын Засгийн газрын 100 мянган еврогийн дэмжлэгтэйгээр Уран зураг сэргээн засварлах лабораторийг 2022 онд байгуулсан. Энэхүү лабораторийн үйл ажиллагааны талаар Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяатай ярилцлаа.


-Уран зураг сэргээн засварлах Монголын анхны лабораторид ажиллах чадварлаг мэргэжилтэн боловсон хүчнийг хэрхэн сургаж, бэлтгэж байгаа талаар яриагаа эхэлье?

-Уран зургийн галерейд өндөр хүчин чадалтай, тоног төхөөрөмжтэй лаборатори байгуулагдсан ч ажиллах боловсон хүчин ус агаар шиг хэрэгтэй. Тиймээс ДУА-ийг 2021 онд сэргээн засварлагчаар төгссөн хоёр боловсон хүчнийг бэлдсэн. Уран зураг сэргээн засварлагч мэргэжлээр 4-5 жил суралцаж төгсдөг. Эдгээр боловсон хүчинд Германы Засгийн газраас хэрэгжүүлж буй “Уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулах” төслийн 30 мянган еврог гурван шатны сургалтад зарцуулж байна. Дөнгөж сургуулиа төгссөн эрэгтэй, эмэгтэй хоёр боловсон хүчин маань сургалтдаа хамрагдаж байгаа. Гурав дахь шатны сургалт энэ сарын сүүлчээр дуусна. Тэднийг Европын уран зургийн сэргээн засварлалтын сууриар Монголд бэлтгэгдэж буй анхны хүүхдүүд гэж хэлж болно.


Хэдийгээр Европын орнуудад сэргээн засварлагч мэргэжлээр сурч төгссөн хүүхдүүд байдаг ч тэр бүр Монголдоо ирж ажиллахгүй байна. Энэ хоёр залуу Европын холбооны улс болон АНУ болон хаана ч хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний эртний Ромын үеэс эхэлсэн дэг жаяг, сургалтын дагуу маш нарийн мэргэжлээр бэлтгэгдэж байгаа. Тэд Европ болон АНУ-д ч гэсэн сэргээн засварлагчаар ажиллах бүрэн боломжтой. Өндөр түвшний мэргэжилтэн бэлдэж байгаа нь энэхүү төслийн хамгийн том давуу тал юм.


-Уран зураг сэргээн засварлахад мэдээж цаг хугацаа, мэдрэмж гээд олон зүйл шаардана. Уран зураг сэргээн засварлах энэхүү лабораторид ер нь хэдэн хүн ажиллах боломжтой бол?

-Лабораторид одоогоор хоёр хүн ажиллаж байна. Ер нь манайх шиг хэмжээний лабораторид хамгийн багадаа 4-5 хүн ажиллах ёстой. Монголдоо хамгийн том лаборатори гэж хэлэхэд буруудахгүй. Лаборатори химийн бодис хэрэглэдэг учир хадгалах өрөөнөөс гадна химич шаардлагатай. Өрөө тасалгааг нь бэлдсэн байгаа ч орон тоо, хүн хүчнээс шалтгаалан одоо хүртэл лабораторийн үйл ажиллагаа болон боловсон хүчний зардал шийдэгдээгүй байгаа нь харамсалтай байна. Хэдий соёлын яамнаас уг асуудлыг шийдвэрлэх талаар холбогдох яам руу санал хүргүүлсэн боловч хэмнэлтийн журмын дагуу орон тоо хүн хүч нэмэх боломжгүй гэдэг хариу өгдөг.


-Өмнө нь манай улс сэргээн засварлах шаардлагатай уран зургийг хаана сэргээн засварлуулдаг байсан юм бол?

-Түүх соёлын бүх л чиглэлийн дурсгалуудыг сэргээн засварладаг Соёлын өвийн үндэсний нэгдсэн төв байдаг. Манай галерей тус байгууллагын уран зураг сэргээн засварлах лабораторид сэргээн засварлуулдаг байсан. Монгол Улсын хэмжээнд бүх музей, галерейн гэмтэлтэй зургийг ганцхан лабораторид сэргээн засварлахад маш их ачаалалтай, дараалалтай байдаг. Бид жилдээ 2-3 бүтээлийг сэргээн засварлуулахаар өгдөг. Зургийг зөвхөн будаад, арчаад өнгөрөх биш, мэдрэмж шаарддаг учир нэг зураг гурав, дөрвөн сар, нэг жил гэхчлэн гэмтлийн зэргээсээ хамаардаг. Техник тоног төхөөрөмжөөс гадна нүдний хараа, цэвэр гар ажиллагаа шаардана. Маш их мэдрэмжтэй хүн л сэргээн засварлагч болно. ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр энэхүү төслийн хүрээнд байгуулсан Уран зураг сэргээн засварлах лаборатори бол түшиц бааз болох юм. Энэхүү лаборатори Уран зургийн галерейн уран зургуудыг сэргээн засварлахаас гадна Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай томоохон лаборатори болж буйгаараа онцлогтой.


-2008 оны үймээнээс үүдэлтэй гал түймэрт Монголын уран зургийн галерейн хэр олон бүтээл сүйдсэн бол. Уран зураг сонирхдог, цуглуулагч нар өөрсдийн хадгалж буй эртний үнэ цэнтэй зургаа өгч мэргэжлийн түвшинд сэргээн засварлуулах боломжтой юу?

-2008, 2009 онд Уран зургийн галерей галд өртсөнийг Монголын ард түмэн мэднэ. Уран зургийн сан хөмрөгт 2008 онд гарсан гал түймэр Монголын дүрслэх урлагийн түүхэнд маш гашуудмаар, эмгэнэмээр зүйл болсон. Нийт 900 гаруй зураг галд шатсан. Тэдгээр зургийг сэргээн засварлах хоёр удаагийн төсөл хэрэгжүүлсэн гэдэг. Галд өртөж хөө тортог болсон  600 гаруй бүтээлийг сэргээн засварлах анхан шатны цэвэрлэгээ хийсэн боловч нэлээд олон, маш хүнд бүтээлүүд үлдсэн байгаа. Нийт 111 бүтээл эргэн сэргэхгүйгээр бүрэн шатсан. Одоо сэргээн засварлах шаардлагатай 200 гаруй бүтээл бий. Ер нь сэргээн засварлах шаардлагатай 364 бүтээл байна.  


Мөн манай галерей 2019 оноос “Урлагийн бүтээлийг үрчлүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд долоон сор бүтээлийг сэргээн засварлуулаад байна. Долоон бүтээл гэдэг чамлалтгүй тоо гэж үзэж байна. Урлагийн бүтээлийг үрчлүүлнэ гэдэг нь хүнд өгөөд явуулдаг гэж хүмүүс буруу ойлгодог. Тухайлбал, энэхүү зургийг сэргээн засварлах шаардлагатай зардлыг тухайн үрчлэгч гаргаж, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Уран зургийн галерей, үрчлэгч тал гэсэн гурван талт гэрээгээр Соёлын өвийн үндэсний төвд сэргээн засварладаг.


-Уран зураг сэргээн засварлахаас гадна сэргээн бүтээлгэх төсөл хэрэгжүүлдэг гэсэн. Энэ тухайд?  

-Уран зургийн галерей “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” төслийг Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэй 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд сэргээн засварлах боломжгүй, галд гэмтсэн бүтээлийг уран бүтээлчээр нь дахин бүтээлгэж буй юм. Энэ нь бүрэн шатаж, зөвхөн жааз нь үлдсэн зургийг амьд сэрүүн байгаа зургийн автор буюу зураачаар нь хуулбарлуулан зуруулж бүтээдэг. Өнөөдрийн байдлаар хоёр бүтээлийг сэргээн бүтээлгээд байна. Ардын зураач, УГЗ Г.Дунбүрээгийн “Монгол транс” хэмээх Монголын тээврийн салбарын хөгжлийг харуулсан бүтээлийг сэргээн бүтээлгээд авсан. Мөн өнгөрсөн онд Венецийн биеннальд амжилттай оролцсон, МУЭ-ийн шагналт зураач Ж.Мөнхцэцэгийн “Хясаа” уран зургийг 27 жилийн дараа сэргээн бүтээлгэсэн. Хэдийгээр хуулбараар ч гэсэн тухайн зураачаар нь хуулбарлуулан сан хөмрөгтөө авч үлдсэндээ баяртай байна.


-Нэг зургийг сэргээн засварлахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай вэ. Галд өртсөн уран зургуудын хохирлын хэмжээг тогтоосон болов уу?

-Галд өртсөн зургийн хохирлын хэмжээг тухайн үед нь гаргасан байдаг юм байна билээ. Харин уран зураг сэргээн засварлах зардлын тухайд харилцан адилгүй байдаг. Уг бүтээлийн гэмтлийн зэргээс хамаарч сэргээн засварлах хугацаа,  зардлыг тооцоолох боломжтой.


-Уран зургийн галерей энэ жил хэчнээн үзэсгэлэн гаргаж үзэгчдэдээ толилуулах вэ?

-Энэ жил Монголын дүрслэх урлагийн алтан үеийнхэн буюу зураач Ц.Минжүүр, Ц.Жамсран, Д.Амгалан нарын мэндэлсний тэгш ойн жил тохиож байна. Тиймээс эдгээр ахмад уран бүтээлчийнхээ үзэсгэлэнг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Мөн бид дэлхийн улс орноор нүүдэллэн явдаг Да Винчигийн үзэсгэлэнг Монголдоо гаргахаар сүүлийн хоёр жил гаруй хугацаанд зориглон зүтгэж байна.  Энэхүү үзэсгэлэнг “Art insperence” компанитай хамтарна. Тус компани үйлдвэрлэлийг нь явуулж байна. Үзэсгэлэнгийн дэглэлтийг энэ сарын 24-нөөс эхлэн, 29-нд нээлт хийхээр зорьж байна. Мөн Да Винчигийн номыг гаргахаар төлөвлөсөн байгаа. Хүүхэд залууст онцгой содон үзэсгэлэн болно гэдэгт найдаж байна.


-Танай байгууллага хүүхэд залууст чиглэсэн урлагийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлдэг гэж дуулсан юм байна?

-Монголын Уран зургийн галерей жилдээ гадаад, дотоодын 50 гаруй үзэсгэлэнг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Катарын үндэсний музейтэй хамтарсан “ON THE MOVE” үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэ нь Монголын дүрслэх урлагийг олон улсын үзэгчдэд сурталчлан таниулах, дэлхийн хамгийн олон үзэгчтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзэгчдэд монголчуудын нүүдэлчин соёл уламжлал, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маягийг урлагийн бүтээлээр дамжуулан толилуулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон. Үзэсгэлэнээс гадна 2019 оноос шинэ контент бэлтгэж байна. Бүх нийтэд урлагийн боловсрол олгох чиглэлээр олон ажил зохион байгуулсны нэг нь ВИП буюу 5 цагийн хөтөлбөр, экспресс буюу 2 цагийн хөтөлбөр бэлдсэн. Мөн хүүхдийн сэтгэл зүйд тохирсон Английн зохиолчийн “Үдийн хоолонд зочилсон хурга” жүжгийг манай ажилтнууд өөрсдөө тавьж үзэгчдэд хүргэсэн. Түүнчлэн арт терапи буюу уран зургаар дамжуулан хүний сэтгэл засах үйлчилгээ үзүүлэхээс гадна хөгжимтэй зураг сонсгон “Агуу яруу найрагч” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Ингэснээр хүний сэтгэлийн дотоод зөрчил, гуниг, харуусал, гэмшлийг гарган хүнд бодлын хүлээснээс хөнгөлж өгдөг. Танхим дүүрэн хүн таны бичсэн шүлэг, яруу найраг, өгүүллийг сонсоод уйлж байсан тохиолдол ч бий гэх мэтчилэн бие биедээ хандах сэггэлийн хандлага, хүнийг хайрлах сэтгэл зүрхний боловсрол өнөөдөр хэрэгтэй байна. Уран зургийн галерейн контентууд үзэгчдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлж чаддаг. Манайх 13 ажилтантай. Эдгээр залуус жилдээ 50 гаруй үзэсгэлэн, бусад эвент хөтөлбөрийг зохион байгуулж гол ажлыг гүйцэтгэж байна.

Related news