СҮХБААТАР: Хутагтын бугын сүрэг 800 орчим толгой болж өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-28 17:03:45

Эрдэнэцагаан /МОНЦАМЭ/. 1886 онд Егүзэр хутагт Галсандаш Өвөр Монголоос ирүүлсэн буга, согоог нутагшуулан маллаж, 1915 оны орчим 100 орчим толгой хүрэхэд нь байгальд буюу Лхачинвандад ууланд тавьсан түүхтэй. Энэ бугын сүрэг өсөн үржиж, өдгөө 700-800 орчим тоо толгойд хүрсэн байна. Хутагтынхаа нутагшуулж, өсөн үржсэн бугын сүргээ нутгийн ард түмэн хутагтын сүрэг хэмээн хайрлан хамгаалахын зэрэгцээ өвс тэжээл, хужир шүү тавьж өгдөг сайхан уламжлал тогтжээ.

Тус нутагт хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа тул нутгийн байгаль хамгаалагч болоод малчид хамтран бугын сүрэгт хужир шүү тавьж өгөн ээлжит биотехникийн арга хэмжээг авсан байна. Учир нь бугын сүрэг өвөл, хаврын цагт их хужиршдаг. Яг энэ үед малчид өөрсдөө сайн дураараа нэгдэн шүү асгаж хэвшсэн. Энэ хавар хамгийн сайн шүүг татан авчирч, хоёр хэсэг газарт асгасан. Ингэж иргэд, малчид байгаль, ан амьтнаа хайрлан хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцож байгаа нь үнэхээр сайшаалтай байдаг гэж Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн мэргэжилтэн Н.Ганхуяг ярьж байлаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Лхачинвандад уул 1998 онд улсын тусгай хамгаалалттай газарт бүртгэгдсэн. Байгалийн өвөрмөц хэв шинжтэй, ховор ургамал ан амьтантай, тэр дундаа буга амьдрах орчин, нөхцөл бүрдсэн байгалийн нөөц газар юм.

Related news