12 настай охин оюуны чадварын сорилд А.Эйнштейн, С.Хокинг нараас өндөр оноо авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-03-27 15:18:24

ЛОНДОН. /MEN/. Английн Манчестер хотын сурагч охин Анвита Патил оюуны чадамжийг (IQ) тодорхойлдог “Mensa” нийгэмлэгийн сорилд Альберт Эйнштейн (1879-1955), Стивен Хокинг (1942-2018) зэрэг дэлхийд алдартай эрдэмтдээс өндөр оноо авч, уг нийгэмлэгийн гишүүн болсон байна.


Анвита Патил сорилд тэнцээд зогсохгүй, насныхаа ангилалд хамгийн өндөр буюу 162 оноо авсан байна. Түүгээр ч барахгүй охин оюуны чадварын оноо нь 160 байсан гэж үздэг Альберт Эйнштейн, Стивен Хокинг зэрэг олон эрдэмтнээс өндөр чадвартай гэдгээ харуулжээ. 


Одоо Манчестерын нэгэн охидын хувийн сургуулийн долоодугаар ангид сурдаг Патил нэгдүгээр сард шалгалт өгөх үедээ 11 настай байсныг хэвлэлүүд онцолсон байна. Тэрбээр академик боловсролтой гэр бүлд өсөж хүмүүжиж байгаа бөгөөд аав нь Үндэсний эрүүл мэндийн албанд зөвлөхөөр ажилладаг, ээж нь математикийн шинжлэх ухааны доктор аж.


Дэлхийн хамгийн өндөр сэтгэн бодох чадвартай хүмүүсийн томоохон байгууллага болох “Mensa” нийгэмлэг сорилынх нь дүнтэй танилцсаны дараа Патилийг эгнээндээ нэгдэхийг урьжээ. Энэхүү нийгэмлэг нь 20 мянга орчим гишүүнтэй бөгөөд үе үе уулзалт хийж, цахимаар үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.  


Related news