Ихэнх нутгаар ирэх сарын эхээр хүйтрэх төлөвтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-27 13:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын дундаж температур дөрөвдүгээр сард говь талын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.


Хур тунадас зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгийн зарим сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлэв.


Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй. Ялангуяа төв, зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал их, хоёр, гуравдугаар 10 хоногуудад үе үе агаар муудаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.


Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур энэ сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур эхний 10 хоногийн эхэн болон сүүлч, хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэм хүйтэн байх бол нэг, гуравдугаар 10 хоногийн дунд үе, хоёрдугаар 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1-4 хэм дулаан байх нь. Хоёр, гуравдугаар 10 хоногт үе үе агаар муудан, ялангуяа хугацааны дунд үед ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16-18 м/с, зарим үед 20-22 м/с хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч болзошгүй юм.


Төвийн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх магадлалтай. Хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр дунджаас ахиу байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай, цаашлаад нэг, хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэн, харин хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үед олон жилийн дунджаас 1-4 хэмээр дулаан байх төлөвтэй. Хоёр, гуравдугаар 10 хоногт  ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.


Зүүн аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур энэ сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Харин хур тунадас Хэнтийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх нь. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай. Цаашид хоёр, гуравдугаар 10 хоногийн сүүлч үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэн байх бол нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэмээр дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд үе, хоёрдугаар 10 хоногийн эхэн, сүүлч, гуравдугаар 10 хоногийн дунд, сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд, зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Дорноговийн ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох нь. Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй. Цаашид нэгдүгээр 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн сүүлч, гуравдугаар 10 хоногийн эхэн үеэр олон жилийн дунджаас 1-4 хэмээр хүйтэн байх бол нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-4 хэмээр дулаан байх төлөвтэй. Нэг, хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үед ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Related news