Боржигон морин хуурыг эх нутагт нь эргүүлэн залсан эрхэм

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-03-06 07:49:06

УЛААНБААТАР. /МОНЦАМЭ/. Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг монгол хөгжмөөс баяр баяслыг мэдэрч, хөөмийд өөрийн зүрх сэтгэлээ өгсөн Нидерландын иргэн Роуэн Ли Харцуикертэй цахимаар ярилцлаа. Сэтгэл хөдөлгөм хөг эгшгийн эрэлд явж байхдаа монгол хөгжимтэй танилцсан тэрбээр 400 гаруй жилийн түүхтэй Боржигон морин хуурыг эх нутагт нь эргүүлэн залахад чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ. 


-Монголд ирсний дараа өөрт тань төрсөн анхны сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач?

-Монголд хийсэн анхны аялал маань үнэхээр гайхалтай байсан, сэтгэл их хөдөлж байлаа. Улаанбаатарт анх газардахдаа нисэх онгоцны цонхоор харахад олон жижиг цагаан цэг нүдэнд тусаж байсан нь монгол гэрүүд байсан. Би бүх сүрлэг уулсыг тэнгэрээс харсан, үнэхээр гайхамшигтай. Монголын хөдөө тал намайг дахиад л алмайруулсан. Хэдийгээр гайхалтай байна гэж төсөөлж байсан ч бодитоороо улам илүү үзэсгэлэнтэй байсан шүү. Биднийг олон хот, сумдаар аялахад очсон газар бүхэнд маань найрсгаар угтан авсан. Хөдөө нутагтаа амьдран суудаг монголчуудыг найрсаг зочломтгой гэдгийг хэн бүхэн хэлдэг нь маргаангүй үнэн. Заримдаа бага зэрэг бүрэг ичимхий мэт санагдах ч энэ нь хэлний бэрхшээлтэй холбоотой байх л даа. Гэхдээ энэ зан чанар нь ямар найрсаг зочломтгой вэ гэдгийг нь илтгэдэг ч байх талтай.


-Та яагаад хөөмийлж сурах болов? Хөөмий, морин хуур хоёрын алийг нь эхэлж сурсан бэ?

-Шотланд хөөрөгт бишгүүр тоглож сурч байхдаа нэгэн дани залуутай танилцсан минь аман хуур хөгжим урладаг хүн байсан юм. Тэр надад Сибирийн өмнөд нутагт дэлгэрсэн тува хөөмий зааж өгсөн. Сонсоход тун гайхалтай байсан. Урьд нь сонсож байгаагүй учраас маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн л дээ. Тэр өдрөө гэртээ ирээд би хөөмийн урлаг хөгжсөн орнуудыг судалж эхэлсэн юм. Тийнхүү Монгол Улсад хөөмийн соёлыг морин хууртай хослуулдаг болохыг олж мэдсэн. Тэгээд л тэр даруйдаа сургууль хийж эхэлсэн дээ. Хүний хоолойгоор их олон зүйлийг туурвих боломжтойг мэдээд гайхалтай санагдаж байлаа. Надад зориулагдсан хөгжмийн зэмсэг юм шиг сонсогдож байсан учраас туйлын сонирхолтой санагдсан. Хөөмийлөх ур чадварт хэрхэн суралцах, хаана ч байсан хөөмийлж сурах боломжтой нь надад бас сонирхолтой байсан юм. Энэ бүх өвөрмөц дуу авиаг гаргахын тулд өөрийнхөө хоолойгоор хэр удаан дасгал сургуулилалт хийж чадахаа харахыг хүссэн минь хөөмийлж сурах гол шалтгаан болсон доо. Морин хуур хөгжмийн тухайд гэвэл, анхны морин хуураа би 2008 онд худалдаж авч байсан ч олон жил өрөөндөө л хадгалаастай байлгасан. Харин одоогоос 5-6 жилийн өмнөөс монгол хөгжимд өөрийн цаг заваа зориулж эхэлсэн дээ. 


-Та морин хуур, Алтайн ятгаас өөр Монголын уламжлалт ямар хөгжмийн зэмсгүүдээр тоглодог вэ?

-Би морин хуур, Алтайн ятга, товшуураар тоглодог. Мөн бүх төрлийн аман хуур, төмөр хуур, хулсан хуураар тоглоно. Эдгээр аман хуураар хөгжмийнхөө ноотонд баригдахгүйгээр тухайн орчиндоо тааруулан өөрийнхөө мэдрэмжээр баяжуулан тоглох буюу импровизац маш сайн хийж болдог учраас ийм бяцхан зэмсгүүдэд би дуртай. Эдгээр хөгжмийн зэмсгийг тоглоход маш зугаатай байдаг. Би одоо ч Шотландын хөөрөгт бишгүүр тоглодог, гэхдээ ихэвчлэн жижиг хувилбараар нь хөгжимддөг. 


-Европ дахь Морин хуурын наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач. Мөн хүртсэн шагналынхаа талаар танилцуулбал?

-Өнгөрсөн онд Европ дахь Морин хуурын анхдугаар наадам болсон. Автомашинаар 10 цаг явсны эцэст тэнд очсон. Герман дахь хөгжимчид, монголчуудтай уулзах их сайхан байсан. Олон хөгжимчин ирнэ гэдгийг мэдэж байсан. Шинэ хүмүүстэй танилцахад ч гэсэн сайхан байсан шүү. 


Би Морин хуурын тэмцээнд оролцсон ч үнэхээр их сандарсан. Тайзан дээр гарахаасаа өмнө сандрах гээд байдаг ч хэдхэн минут юмуу нэг, хоёр дууны дараа сандрахаа больчихдог. Хөгжимчин хүний хувьд энэ бол тоглолтын үеэр тохиолддог л зүйл. Би өөрөө тайзан дээр тийм ч их гараад байдаггүй. Тайзан дээр өдөр бүр тоглодог хүмүүс сандрах нь бага байдаг байх л даа, миний хувьд тэмцээний үеэр маш их сандарсан шүү. 


Тэмцээний үеэр шүүгч болон нэр хүндтэй хөгжимчид, хөгжмийн зохиолч, найруулагчид урдаас минь хэдхэн метрийн зайд сууж байгааг хараад хөлөрч байлаа. Бие маань чичирч сайнгүй байсан ч 3-4 монгол дууг тоглож чадсан. Түүнчлэн шагнал авснаа сонсоод их гайхсан, гуравдугаар байр эзэлсэн байсан. Тэмцээнд хэдэн хүн оролцсоныг би сайн санахгүй байна. Европ дахь Морин хуурын анхдугаар наадамд гуравдугаар байр эзэлсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг. Энэхүү наадамд дахин хэзээ оролцохоо би сайн хэлж мэдэхгүй байна. Цаашид илүү сайн хичээллэнэ ээ, бас сандрахаа болино гэж найдаж байна. 


-Та 400 гаруй жилийн настай эртний морин хуурыг Монгол Улсад буцаан бэлэглэжээ. Энэ хуурыг худалдсан дуудлага худалдааны үеэр өөр хөгжмийн зэмсэг байсан уу? Та яагаад чухам энэ хуурыг худалдаж авсан талаараа дэлгэрүүлж ярина уу?

-Монголчууд одоо энэ морин хуурын түүхийг мэддэг болсон, олон хүн ярьдаг. Анх энэ хуурыг хараад л ур хийц хэлбэр нь маш өвөрмөц эртний хуур байна гэдгийг шууд л мэдсэн. Гэхдээ тухайн үед худалдаж авах гэж сонирхоогүй. Тэр үед хөгжмийн дэлгүүрийн эзэнд өөрийн эрхгүй л “Маш гайхамшигтай юм” гэж хэлж билээ. Харин дэлгүүрийн эзэн “Тийм шүү. Энэ бол өвөрмөц хуур, гэхдээ зарахгүй” гэж хариулсан. Тэгэхэд нь би “энэ хуурыг авах гээгүй ээ, маш гоё харагдаж байна гэдгийг л хэлэх гэсэн юм” гэж хэлээд өөр хөгжим худалдаж аваад гарч билээ. Энэ явдал 2006 онд болсон шиг санагдаж байна. Түүнээс хойш би тэр хөгжмийн дэлгүүрт хэд хэдэн удаа очсон, орох бүрдээ л тэр хуурыг байнга харж зогсдог байсан шүү. 


Сүүлд Монголын хөгжмийг илүү их сонирхох болсон хойноо тэр дэлгүүрт очиж “Та хуураа зарах уу?” гэж асуухад дэлгүүрийн эзэн "энэ миний хувийн цуглуулгын хуур болохоор хэзээ ч зарахгүй" гэж билээ. Морин хуурыг илүү их таньж мэддэг болохын хэрээр энэ эртний хуур нь ямар ховор эд болохыг улам их мэдэрсэн. 2019 онд шиг санагдаж байна. Би дахиад нөгөө дэлгүүрийн эзэн дээр очиж энэ хуурыг худалдаж авмаар байгаагаа хэлэхэд энэ хуурыг зарах байсан ч гэсэн чи үнийг нь дийлэхгүй дээ гэж хариулсан даа. Харамсалтай нь удалгүй дэлгүүрийн эзэн өөд болж, бүх хөгжмийн зэмсгийг нь хэн нэгэн худалдаж аваад дуудлага худалдаагаар зарахаар болсныг сүүлд дуулсан. Тэр үед энэ миний сүүлчийн боломж юм байна гэдэг бодол надад төрсөн.


2021 онд дуудлага худалдаа болоход эхнэр бид хоёр очиж, энэ хуурыг ямар үнээр зарах сонирхолтой байгааг нь асуусан. Дуудлага худалдаагаар ямар ч зүйлийг хямдхан зардаггүй шүү дээ. Тэр дуудлага худалдаанд олон янзын хөгжмийн зэмсгүүд тавьсан байсан. Хуучны хийл, морин хийл, Энэтхэг, Африкийн хөгжмийн зэмсгүүдийг би сонирхож байхдаа жинхэнэ эртний, музейд тавигдахаар бүтээлүүд байна гэдгийг ойлгосон.


Тэр үед би “Энд олон сайхан бүтээлүүд байна. Гэхдээ зөвхөн энэ морин хуурыг л авч багшийгаа баярлуулъя” гээд Монгол руу Д.Ганпүрэв багш руугаа холбогдон учир байдлыг хэлж, морин хуурыг зургийг явуулсан. Үнэхээр монголын эртний түүхтэй хууруудын нэг байна гэдгийг багш ч хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хуурыг худалдан аваад багшдаа “Бид санасандаа хүрлээ, энэ хуурыг танд л өгмөөр байна” гэж билээ. Ийм л түүхтэй.


РЕДАКЦЫН ТОДРУУЛГА: Одоогоор хөгжим судлаачид XVII зуунд хамаарах насжилттай хэмээн үзэж буй "Хүрэн халзан" хэмээх Боржигон морин хуур нь Монголын хуучин эдлэлийн дэлгүүрээс 2004 онд зарагдаж Европ руу хүргэгджээ. Улмаар Европын хөгжим сонирхогчид, хөгжмийн дэлгүүрүүдээр 5 удаа дамжин зарагдсаны эцэст  2021 онд дуудлага худалдаанд оржээ. Уг хуурыг Роуэн Ли Харцуикер худалдан авч 2022 онд Монгол нутагт нь буцааж ирүүлсэн юм. Роуэн Ли Харцуикерын монгол хөгжмийн багш, СУИС-ийн багш, судлаач, үндэсний урлагийн "Алтай" хамтлагийг үүсгэн байгуулагч Д.Ганпүрэв хуурыг сэргээн засварлуулах ажлыг хийлгэж, 2022 оны 11 дүгээр сарын 11-нд Монголын Театрын музейд залах ажлыг зохин байгуулсан билээ. 18 жил харийн оронд хөгжим сонирхогчид, худалдаачдын гар дамжин хуралдаалагдсаны эцэст эх нутагтаа эргэн залагдсан 400 гаруй жилийн түүхтэй, бурханы шашны шүншигтэй гэгдэж буй "Хүрэн халзан" Боржигон морин хуурыг нарийвчлан судлах ажил одоо ид үргэлжилж байна.


Баруун гар талаас: Судлаач Д.Ганпүрэв,

"Хүрэн халзан" Боржигон морин хуурыг сэргээн засварласан Б.Сүхбаатар нар.

-Та Монголын Театрын музейд морин хуурыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд оролцсон уу? Танд ямар сэтгэгдэл төрсөн талаараа хуваалцаач.

-Харамсалтай нь бид Монгол руу явах боломжгүй байсан тул ёслолын ажиллагаанд оролцож чадаагүй. Аз болж хадам ээж маань оролцохоор болж, биднийг их баярлуулсан шүү. “Facebook”-ээр шууд дамжуулалтыг үзэхээр бид үүрийн 4 цагт боссон. Онлайнаар шууд үзэх болоход маш их догдолсон. Хэдий бид биечлэн оролцоогүй ч хадам ээж маань оролцсон, маш өндөр сэтгэгдэлтэй байснаа бидэнд хэлсэн шүү.


"Хүрэн халзан" Боржигон морин хуур эх нутагтаа буцахын өмнө Роуэн Ли Харцуикерийн гэрт

-Та гэр бүлээ танилцуулна уу? Та хүүдээ хөөмий зааж өгөх үү?

-Миний эхнэрийг Мягмарсүрэнгийн Сарантунгалаг гэдэг, бид Саран гэж дууддаг. Харин миний хүүг Жиро Жамух Харцуикер гэдэг, Жиро гэж дууддаг. Хүү маань 7 настай. Манай эхнэрийн том хүү 22 настай, манай гэрийнхэн Сүхжин гэж дууддаг. Монгол нэрийг нь Сүхбат гэдэг. Сүхжин маань Амстердам хотод амьдарч байгаа. 


Жиро монгол хөөмийг багаасаа л сонсож өссөн болохоор их дуртай ч одоохондоо суръя гэж сонирхохгүй байх шиг байгаа юм. Хааяа бид хоолойгоороо хөгжилтэй дуу авиа гаргаж хөгжилддөг ч хүү маань хөөмий суръя гэж одоохондоо сонирхохгүй байгаа. Би ч хүчлэхгүй байгаа. Би өөрөө дуртай учраас хүүгээ хөөмийлж сур гэж албадахыг хүсэхгүй байна. Хэдийгээр бид Нидерландад амьдарч байгаа боловч хүү маань Монголын уламжлалт хөгжим сонсож өссөн. Том болохоороо аяндаа өөрөө сонирхоод эхэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа. Монгол хөгжим, хөөмий төдийгүй монгол хөгжмийн зэмсэг тоглож сурах сонирхолтой болох байх гэж бодож байна. Яг тэгнэ гэж баттай хэлж чадахгүй шүү дээ. Бид хүүдээ хөгжим гэж юу болохыг мэдрүүлэхийг хүсэж байна. Тэр маань хөгжимтэй хамт л өсөж торнино доо. Хүү маань өдөр бүр, заримдаа бүтэн өдөржин монгол хөгжим, хөөмий сонсох нь ердийн л зүйл байдаг учраас ирэх жил том болохоороо сонирхол нь яаж өөрчлөгдөхийг харна даа.


-Та Алтай гэр, “Corvus” студийнхээ талаар танилцуулна уу. Яагаад хоёр гэртэй байхаар шийдэв? Та монгол үндэстний өргөө гэрийн талаар мэдэхийг хүссэн зочдыг хүлээж авдаг уу? 

-Бид цэцэрлэгтээ хоёр гэртэй. Ирэх зургаадугаар сард бид нүүх гэж байгаа. Бид энэ хоёр гэртээ маш их хайртай, тийм ч учраас гэрийнхээ тоог нэмж шинээр нүүж очих газартаа  4-5 гэр барихаар төлөвлөж байгаа. Илүү олон улсын нэршил шиг санагддаг учраас монгол гэрийг англиар “Yurt” гэж хэлэх дуртай. Миний хувьд сүүлийн зургаан жилийн турш хоёр гэрийнхээ нэгд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, монгол гэр маань миний байнгын ажлын байр, надад ч таалагддаг. Яг л гадаа цэцэрлэгтээ бүтэн жилийн турш ажиллаж байгаа юм шиг, бас эргэн тойрон дахь бүх амьтад, шувууд, салхи, борооны чимээг сонсож, гэрт, гадаа нэгэн зэрэг ажиллаж байгаа мэт санагддаг. Монгол гэрийн хамгийн сайхан зүйл бол өөрийн эргэн тойрон, орчинтойгоо цаг ямагт холбоотой байж чаддаг. Монгол гэрийн доторх орон зай ч бас их сайхан шүү дээ. Гэрт байхад дандаа тайван, жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг. Гэр бол жинхэнэ утгаараа төгс ажлын байр.  Гэр  бол зөвхөн ажлын байр төдийгүй амралтын өрөө, унтлагын өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө ч болж чаддагаараа өвөрмөц. Гэр дотор бүх зүйл багтаж чаддаг болохоор би монгол гэрт дуртай. 


Энэ ажлын гэрээс 20 метрийн зайд арай том гэр маань байдаг. Ажлын гэр дөрвөн ханатай бол том гэр таван ханатай. Том гэртээ Саран маань жуулчид, зочдод монгол соёл, ахуй,  хоол хүнс, дуу хөгжмөө танилцуулдаг, хүмүүс ч сэтгэгдэл өндөр байдаг. Ерөнхийдөө жилийн турш захиалгатай байдаг, гэхдээ өвлийн улиралд хүн арай бага ирнэ. Үүнийгээ бид Нидерландын нутагт Монголын соёлын нэгээхэн хэсгийг хүмүүст таниулах тохиромжтой арга хэлбэр гэж боддог доо.


М.Сарантунгалаг: Монголын тухай европчууд,

цаашлаад дэлхий даяар таниулж, сурталчлахыг хүсдэг

-Сарангаас нэг зүйл асууя. Нидерландад амьдарч байгаа атлаа монгол гэрт зочид хүлээн авч байгаа нь сайхан юм. Монголын соёлыг бодит амьдрал дээр хүмүүст таниулах санаа хэзээ, хэрхэн төрөв? Нидерландад монгол гэр авчирч барих санааг анх хэн гаргасан бэ?

-Нидерландад Монголын тухай маш бага мэддэг учраас нөхөр бид хоёр Монголын тухай, монгол соёл, уламжлал, хоол, хувцас, хөгжмийг европчуудын дунд, цаашлаад дэлхий даяар таниулж, сурталчлахыг хүсдэг. 


Монголоос гэр авчирч ажлын оффис болгох санааг анх Роуэн гаргаж, би дэмжсэн. Тэгээд бид гэр барих зай талбай ихтэй хашаатай байшинд нүүж орсон. Бид хоёр гэрээ зургаан жилийн өмнө Монголоос авчирч барьсан.


-Алтай гэрийн талаарх мэдээллийг зочид яаж олж авдаг вэ? Танайд ирсэн зочид, жуулчид ямар сэтгэгдэлтэй буцдаг вэ?

-Нөхөр маань веб-дизайнер мэргэжилтэй болохоор Алтай гэртээ зориулж цахим хуудас бүтээсэн. Манайд ихэвчлэн Нидерланд, Герман, АНУ, Их Британи, Египет, Туркээс, бас Европын бусад олон орноос жуулчид ирдэг. Монгол гэрт анх орж үзэж буй хүмүүс маш ер бусын өвөрмөц, тухтай мэдрэмж төрж байна гэдэг. Зарим нь яг л Монголд байгаа юм шиг сэтгэгдэл төрж байна гэцгээдэг. Ирсэн зочдын ихэнх нь монгол хоол захиалж идэх дуртай. Аяллаа илүү сонирхолтой цогц болгохын тулд монгол хоол захиалдаг гэж тэд ярьцгаадаг. 


Related news