ДАРХАН-УУЛ: “Залуус-1, 2” хороолол төслийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-03-03 13:01:07

Дархан /МОНЦАМЭ/. Дархан хотын хүн амыг өсгөх, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, нийслэл хотын төвлөрлийг сааруулах зорилготой Шинэ сэргэлтийн бодлогыг бүсчлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Өнгөрсөн сард төвлөрлийг сааруулах бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор “Орон нутагт шилжин суурьших боломж” бүсийн хэлэлцүүлэг болсон. Энэ хүрээнд Дархан-Уул аймаг ямар бодлого баримталж буй, нөгөөтэйгүүр 30 гаруй мянган оршин суугчтай “Залуус-1,2” хороолол байгуулах төслийг хэрэгжүүлэх талаар танилцуулсан. Тэгвэл уг төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор төсөлд оролцох ААНБ-уудын төлөөлөлтэй орон нутгийн удирдлагууд уулзаж, чиглэл өгч байна.


Тодруулбал, Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах “Залуус-1” хороолол, 15 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдах “Залуус-2“ хорооллын дэд бүтцийн ажлыг гүйцэтгэх байгууллагуудын төлөөлөлтэй орон нутгийн удирдлагууд уулзаж, техникийн нөхцөлөөр хангах, холбогдох бичиг баримтыг түргэн шуурхай гаргаж өгөх, гэрээгээр байгуулагдсан ажил үүргээ хуулийн хүрээнд заагдсан хугацаанд хийж гүйцэтгэх зэрэг чиглэл өглөө.


Мөн дэд бүтцийн байгууллагууд шугам хоолой хэрхэн хийгдэх, юун дээр голлон анхаарах тухай болон цаашид шаардлагатай зүйлийг цаг алдалгүй мэдээлж байх тухай ярилцсан аж.

Хороолол барих төслийн дэд бүтцийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Залуус-1” хорооллын Дулааны хангамжийн ажлыг “Цагаан зуун” ХХК, Ус дулаан дамжуулах төв барих ажлыг “Алтайн үндэс констракшн“ ХХК, Цэвэр бохир усны шугамын ажлыг “Престиж иненеринг” ХХК, Цахилгаан хангамжийн ажлыг “Виллвест“ ХХК, холбоо дохиоллын ажлыг “Инносолюшн” ХХК гүйцэтгэхээр болжээ. Харин “Залуус-2” хорооллын Дулааны хангамжийн ажлыг “Дэвшилт пропертиз” ХХК, Ус дулаан дамжуулах төв барих ажлыг “Калдератуба” ХХК, Цэвэр бохир усны шугамын ажлыг “Бэст Эжинси” ХХК, Цахилгаан хангамжийн ажлыг “Энх өглөө” ХХК, Холбоо дохиоллын ажлыг “Инносолюшн” ХХК тус тус хийж гүйцэтгэхээр шалгарчээ.


Ташрамд дурдахад, “Залуус-1” хороололд 9050 айлын нийтийн орон сууцыг нийт 102 га талбайд 6-12 давхар, мөн 16 давхар нийтийн орон сууц барих бол, “Залуус-2” хороололд 1160 айлын орон сууц барихаар төлөвлөсөн аж.


Уг хоёр хороололд мөн сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн үйлчилгээний барилга төлөвлөсөн. Тодруулбал, 150 ортой цэцэрлэгийн барилгыг хоёр байршилд, 480 суудалтай сургуулийн барилга, 2.1 км хатуу хучилттай автозам, 700 автомашины зогсоол, 1.6 га талбайд ногоон байгууламж, үйлчилгээний барилга байхаар тусгажээ.

Related news