ДАРХАН-УУЛ: А.Нямпүрэв: Цэвэр монгол банхрыг 21 аймагт нутагшуулахыг зорьж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. “Дархан тайж, монгол банхар тайга нохой үржлийн төв”, “Тайж хасар банхар” НҮТББ-ын тэргүүн Алтан-Очирын Нямпүрэвтэй ярилцлаа.
Түүний хувьд монгол банхрыг өсгөж, үржүүлэх, хамгаалах чиглэлээр таван жил
гаруй ажиллаж байгаа нэгэн. Уугуул нутаг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд бага
насаа хөдөө мал маллаж өссөн тэрбээр хүүхэд байхаасаа нохойг хайрлаж,
хамгаалсаар иржээ. Дархан
тайж нохой үржлийн газрыг байгуулсан түүний хувь одоо 30 орчим монгол банхрыг
өгсөж, үржүүлж хамгаалж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Уншигч
та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтан-Очирын Нямпүрэв гэдэг. Минжүүр Илдэн
тайжийн 13 дахь үеийн удам Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрж өссөн. Одоо
Дархан-Уул аймгийн Дархан суманд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна.
-Чухам яагаад нохой
үржүүлж, хамгаалж, өсгөх болов? Зарим хүмүүс хоббигоороо, зарим нь багаасаа
нохойд хайртай болж өсгөж үржүүлдэг. Таны тухайд?
-Хүүхэд байхаасаа л банхартайгаа хамт малдаа явж, тоглож өссөн. Аравдугаар ангиа төгсөөд цэрэгт явсан. Халагдаж ирээд БНСУ руу явж арав гаруй жил ажиллаж, хөдөлмөрлөж байгаад 2017 онд ирсэн. Намайг гадагшаа явахад манай нутагт болон манайд монгол банхар байсан. Харин Солонгосоос ирэхэд банхар нохой манайд байтугай суманд байхгүй болсон байсан. Багаасаа нохойд хайртай байсан болохоор цэвэр монгол банхрыг хамгаалахгүй бол болохгүй нь. Устаж үгүй болохоос өмнө нь өсгөж үржүүлэх нь зүйтэй юм гэж үзээд охин гөлөг, дараа нь эр нохой худалдаж аваад энэ ажлыг эхлүүлж байсан. Хүүхэд байхад малд явахад маш их хань болж, зарим үед нохой маань малаа хариулаад явдаг байсан болохоор хамгаалах ёстой юм байна гэдэг үүднээс "Дархан тайж нохой" үржлийн газрыг байгуулсан.
-Нохой үржлийн газар байгуулахад эхнэр тань дэмжиж байсан уу, аль эсвэл эсэргүүцэж байв уу?
-Нохойг гэр бүлийн гишүүн бүр хайрлаж байж л өсгөж үржүүлнэ. Эхнэр маань маш их дэмжиж байсан. Одоо ч гэсэн дэмжсээр байгаа. Энэ сайхан банхруудаа хамтдаа хайрлаж, хамгаалж өсгөж байна. Улсын аваргад түрүүлсэн нохойгоо анх Эрдэнэт хотоос авахаар явахад эхнэр маань нялх биетэй байсан хэрнээ цуг явна гээд хамтдаа явж худалдаж авч байлаа. Би гэдэг хүн мундаг, сайндаа энэ нохдоо өдий болтол өсгөсөн зүйл биш шүү дээ. Гэр бүлийнхэн, ах дүү, найз нөхөд дэмжиж тусалдаг олон хүний ачаар өдий зэрэгтэй болсон.
-Монгол банхар бусад нохойноос ялгарах давуу тал, чанар гэвэл?
-Хуучин цагт өдөр нь малаа харуулчихаад шөнө нь хотоо манадаг байлаа. Ер нь малчин монгол хүний ахуй амьдралыг морь, нохойгүйгээр төсөөлөхгүй шүү дээ. Нохойгүйгээр мал маллахад хэцүү. Чоно, баавгай зэрэг араатан амьтдаас малаа, эзнээ хамгаалж чаддаг үнэнч нөхөр бол монгол банхар.
-Монгол банхрын түүхийг хэр судалсан бэ? Хэдий үеэс сургаж, гаршуулж эхлэв?
-Түүхийн хувьд эрдэмтэд нохой сонирхогчид, түүхчид олж тогтоосон байдал, дүгнэлт олон бий. Тэр дүгнэлтэд юу гэж байдаг вэ гэхээр би зөвхөн монгол банхар тэжээдэг гээд нохойгоо онцгойлж байгаа зүйл биш. Энэ бол дэлхийн анхны нохой юм. Монгол нутагт хүн анх үүссэн гэдэг. Хүн үүссэн цагаас хойш хамгийн түрүүнд ямар амьтан гаршуулж тэжээж эхэлсэн гэхээр таван хошуу мал, нохой байдаг. Монгол банхар нь Энэтхэгийн хар чононоос үүсэлтэй. Чоно бэлтрэгээ орхиод ан хийх зэрэгт явсан үед хүн бэлтрэгийг авч гаршуулж тэжээсэн дэлхийн анхдагч нохой юм. Монгол банхар чонотой адил ороо нь жилд нэг удаа буюу 12 дугаар сард ордог.
-Дархан-Уул аймгийн хэмжээнд нохой үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд олон бий юу?
-Нохойн
олон үүлдэр бий. Тэр үүлдрүүдийг бүгдийг нь оролцуулбал 12 үржлийн газар байдаг. Дундад ази, монгол банхар,
кавказ, тайга гээд олон.
Зөвхөн монгол банхраар дагнасан үржлийн газар 3-4 байгаа. Манайх том эр,
охин нийлсэн
гучаад банхар, дөрвөн тайга нохой өсгөж үржүүлж байна.
-Үржлийг хэрхэн хийдэг вэ, өөрийн охин нохойтой үржилд оруулж байна уу? Эсвэл бусад үржлийн газруудтай харилцан солилцож хийдэг үү?
-Энэ их чухал асуудал л даа. Хүмүүс ихэвчлэн эр, эм хоёр нохойг нийлүүлээд л үржүүлдэг мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ тийм зүйл гэж огт байхгүй. Цусны шугам гэж байдаг. Яагаад цусны шугам хөтлөх ёстой вэ гэхээр энэ нохой устаж үгүй болох гээд цусны шугам буюу цус ойртоод ирэхээрээ асуудал үүсдэг. Цэврээр нь үржүүлэхийн тулд бусад үржлийн газрын эздүүдтэй уулзаж, өөрт таалагдсан нохойгоо гуйх, харилцан ашигтай санал тавих, заримдаа худалдаж авах, нэг нэгэндээ бэлэглэх зэргээр цусны шугам бүрдүүлэхээр арав гаруй үржлийн газраас өөр өөр цусны шугамтай нохой цуглуулсан.
Энд байгаа ноход дотор хоорондоо давхцах нохой буюу хоорондоо нийлж болохгүй гэсэн нохой байхгүй. Эцэг, эхийнх нь тухайд улсын хэмжээний тэмцээн уралдаанд орж түрүүлж, дээгүүр байр эзэлж байсан цэвэр цусны нохой байдаг.
Үржүүлгийн үед сайтар судалгаа хийх ёстой. Нэг төрөлтийн эр, охин гөлөг мэдэхгүй, судлахгүйгээр аваад нийлүүлбэл цус ойртоно. Цус ойртохоор мэдээж муу гөлөг гарна. Тэр нь авсан эзэндээ хэрэггүй, нэг үгээр хотоо манаж чадахгүй, эзнээ хамгаалахгүй л гэсэн үг. Бүр энгийнээр яривал яг л хүнтэй адилхан.
-Монгол банхрын зүсний
тухайд?
-Монгол банхрын хувьд үндсэн дөрвөн зүс байдаг. Халтар, хар, шар, цагаан гэсэн зүс байдаг. Халтар дотроо цагаан халтар, шар халтар гэж салдаг. Бусад нь гадаад нохой шиг саарал, бор, алаг гэсэн зүс байдаггүй. Манай үржүүлгийн газар эдгээр дөрвөн зүс бүгд бий.
-Зарим хүмүүс нохойг ашгийн
төлөө өсгөж, үржүүлдэг тал ажиглагддаг. Өөрийн тань тухайд багаасаа л нохойд
хайртай байсан болохоор сэтгэл зүрхээрээ өсгөж байна гэлээ. Гэхдээ энэ олон
нохойг өсгөхөд мэдээж зарлага гарна. Түүнийгээ хэрхэн зохицуулж байна?
-Зарлага их гардаг.
Түүнийг гөлөг
сонирхож буй, авах
гэж байгаа хүмүүс ойлгодоггүй. Анхнаасаа устаж үгүй болох гээд байгаа нохойгоо аварч, хамгаалж авч үлдэхийн тулд, эргээд
хөдөө нутагт малчин
айлд нь байршуулахын тулд хийж буй ажил учраас надаас багагүй
хөрөнгө мөнгөний асуудал гардаг. Зарлагаа нөхөж чаддаггүй.
Улсад
түрүүлсэн медальтай нохойны гөлөг 800 000-1 500 000 байдаг. Миний
хувьд тэгж өндөр үнэ хүргэж худалдаж үзээгүй. Үнэхээр монгол банхрыг өсгөж үржүүлье гэсэн
чин сэтгэлтэй хүнд үнэрхэж чаддаггүй. Өнөөгийн нийгэм ямар байгаа билээ.
Иргэдийн ахуй амьдрал ямар түвшинд байна. Бусадтай адил хар, бор амьдралыг
туулж үзсэн болохоор мөнгө олох гэж ядаж байгаа нэгэндээ миний улсын аваргад
түрүүлсэн нохойн гөлөг учраас өндөр үнээр өгнө гэж хэлж чаддаггүй. Зарим хүмүүс
тэгж үнэ хүргэдэг гэж мэр сэр сонсогдох юм. Таван зуун мянгаар нэг нохой авч чадах айл нь хэд
байгаа билээ? Тэр тусмаа таван
зуун мянгаар авсан нохойгоо сайхан тэжээгээд явчих хүн нь хэр олон
байгаа билээ? Олон л
юм бодогддог. Нохойд
хайртай хүн гэж байна. Нохой мэддэггүй хүн гэж
бас бий.
Бас нэг
зүйл сонирхуулахад, Улаанбаатар, Төв, Дархан, Сэлэнгэ тийш монгол банхар гэж
бараг мэддэггүй юм билээ. Яагаад гэхээр банхар чинь Завхан, Говь-Алтай, Ховд гэсэн гурван
аймагт төдийгөөс өдий хүртэл байсан, байдаг ийм амьтан.
Баруун аймгийн өндөр уул хадтай газрын малчид банхаргүйгээр төсөөлөгдөхгүй. Зарим малчдад: Та нар мянгат малчин гээд л цээжээ дэлдээд байх юм. Гаднаа хоттой малаа хамгаалах банхаргүй байж өөрийгөө малчин, мянгат малчин гэж ярихаа болиоч ээ гэж хэлмээр санагддаг. Нүүдэлч удмын бидний мал ахуйг хамгаалах голлох үүргийг банхар хийж ирсэн түүхтэй. Тэгэхээр малчид маань бас цэвэр цусны банхар тэжээж, өсгөх шаардлагатай гэж боддог.
-Саяхан аймгийн музейгээс соёлын өвийг тээгч, өвлөн уламжлагч гэж бүртгэсэн. Урд өмнө нь мэддэггүй байсан болохоор ингэж хожуу бүртгэсэн юм болов уу?
-Өнгөрсөн жил нүүдэлчин Монголын өв, соёлын фестиваль болж, 21 аймаг, бүх сумын төлөөлөл оролцсон өргөн дэлгэр сайхан үйл ажиллагаа болсон. Тэр фестивальд намайг манай нохой судлалын холбооноос ирж оролцооч гэсэн урилга илгээгээд оролцсон. Тэр үйл ажиллагаанд оролцсон үеэс л мэдэж эхэлсэн юм шиг байна лээ. Түүнээс урьд соёлын салбарынхан мэддэггүй байжээ л гэж бодсон. Өв, соёлын бүртгэл явагдаж байгаа тул та бүртгүүлээч гэдэг санал тавьсан. Тэгээд албан ёсоор Дархан-Уул аймагт монгол банхар өсгөж, үржүүлж буй өв, соёл тээгч гэж бүртгэлд хамрагдсан.
Нэг зүйл сонирхуулахад, Чингис хааны үед нохойн алба гэж байсан юм билээ. Мянга гаруй нохойтой. Тэр нохдыг ан, авд сургадаг, дайн байлдаанд ашигладаг. Одоогоор нохойн үржүүлэг гэх юмуу даа. Тийм зүйл хүртэл байсан гэж түүхийн сурвалжид тэмдэглэсэн байдаг.
-Монголын нохой үржүүлгийн талаар товч танилцуулаач. Нэгдмэл байж чадаж байна уу?
-Монголчууд л болсон хойно үзэл бодол үйл хөдлөлөөрөө хуваагдах сонирхолтой хүмүүс. Хоёр ч холбоо бий. Банхрын нэршил дээр хүртэл хуваагдана. Нэг хэсэг нь монгол банхар гэдэг юм аа гэнэ. Нөгөөх нь үгүй ээ монгол нохой гэнэ, банхар гэдэг бол оноож өгсөн нэршил гээд л зөрчилдөнө шүү дээ. Зарим нь яг адуу шиг шинэ цаг, хуучин цаг гэж ярьдаг болсон.
-Дархан-Уул аймгийн холбоо
нь хэр нэгдмэл вэ? Тэмцээн уралдаан зохион байгуулдаг уу?
-Манай
холбоо нэгдмэл шүү. Сүүлийн хоёр,
гурван жил ковидоос
болоод идэвх жаахан суларсан. Миний хувьд хоёр жилийн өмнө холбооныхоо
тэргүүнээр сонгогдсон. Өнгөрсөн хугацаанд хоёр ч цуглаан зохион байгуулсан. Энэ
жилээс тэмцээн уралдаанаа хийхээр төлөвлөөд ажиллаж байна.
-Тэмцээн уралдааныхаа
талаар тодруулбал? Улсын аварга шалгаруулдаг гэсэн. Ямар шалгуур үзүүлэлтээр
тодруулдаг вэ?
-Улсын аваргад түрүүлсэн нохой маань таван настай. Хоёр настай байхад нь авсан. Нохой авна гээд сошиалд зар тавьсан. Арав гаруй нохойны зураг ирснээс энэ нохойгоо сонгож авсан. Миний бага насандаа тоглож өссөн нохойтой төстэй учраас эзэнтэй үнэ ханшаа тохироод авсан. Тэгээд Дарханд авчраад нохой сонирхдог хүмүүст үзүүлсэн чинь зарим нь жинхэнэ банхар гээд зарим нь эрлийз юм шиг байна гээд бас л санал зөрөлдсөн. Тэгэхээр нь урд өмнө улсын аваргад нохойгоо уралдуулж тэмцээнд оролцож байсан найз нөхдөөсөө туршлага судлаад улсын аваргад бэлдэж эхэлсэн. 2020 онд анхныхаа тэмцээнд оролцоод шууд түрүүлсэн. Цэвэр монгол банхар гэсэн үнэлгээ авсан.
Шалгаруулахдаа
олон төрлөөр шалгаруулдаг. Энгийнээр
хэлбэл тайзан дээр гарч өөрийнхөө биеийн галбирыг үзүүлэх, нохойд
байх чанарыг харуулна шүү дээ. Хүнээр бол мисс, мистерийн тэмцээн шиг л зүйл
болдог.
Тэгээд шүдийг нь шалгана, үсний бүтцийг нь шалгана, ясны бүтэц, зан ааш, нүдний өнгө гэх мэтчилэн шалгадаг зүйлүүд олон. Зүгээр нэг энгийн хүн очоод шалгаад шалгаруулчихгүй. Тусгай бэлтгэгдсэн, гадаад, дотоодод мэргэшсэн, сургууль соёлыг нь төгссөн мэргэжлийн хүмүүс байдаг.
-Нохой үржүүлэхэд зардал их
гардаг гэсэн. Уралдаан тэмцээнд оролцоод түрүүлэх, шагналт байрт шалгарвал
урамшуулалд юу олгодог вэ?
-Шагнал урамшуулал нь нэг их сүртэй юм байхгүй ээ. Хүмүүс бодох нь хэдэн саяар нь л авдаг гэж ойлгодог юм шиг байна лээ. Өргөмжлөл, медаль, цом, нэг уут нохойн хоол зэрэг зүйлүүд л байдаг.
-Хоолны тухайд...
-Хүмүүс угаадсаар л хооллодог гэж бас ойлгодог. Хэрвээ угаадсаар хооллодог байлаа гэхэд нэг айлын угаадсаар энэ олон нохойг хооллож барахгүй шүү дээ. Нохойн хоолоо бэлдэнэ. Дайвар бүтээгдэхүүнээ худалдаж аваад буцалгаж болгоно. Элэг, уушги нэг их сайн биш. Гүзээ, өвчүүний яс, бог, бодын толгойн шулсан мах гэх зэргээр хооллоно. Охин нохдоо төрөх үеэр сүү оруулах шим тэжээлтэй хоолоор хооллоно. Мөн дан ганц дайвар бүтээгдэхүүн бус үйлдвэрийн буюу зориулалтын хоол тэжээлийг нь өгнө. Тэр нь чанараас шалтгаалан шуудай нь 100 000-300 000 төгрөг. Шаардлагатай витамин гэхэд нэг хайрцаг нь 60 мянган төгрөг байх жишээтэй. Тэгээд бүх нохойгоо вакцинд тогтмол хамруулна. Элдэв янзын өвчин тусгахгүйн тулд улирлын болон тогтмол хийдэг вакцинд хамруулж аливаа өвчнөөс сэргийлдэг.
-Таны цаашдын зорилго?
-Багаасаа тоглож, малдаа явж өссөн эзэндээ үнэнч монгол банхрыг над шиг хайрладаг хүн олон байгаасай гэж боддог. Малчид банхартай болох хэрэгтэй. Мөн цэвэр монгол банхрыг 21 аймагт нутагшуулж, үржүүлэхийг зорьж байна. Одоогоор арав гаруй аймагт надаас авсан банхрууд бий. Зорьсон хэрэг маань бүтнэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Ярилцсанд баярлалаа.





