ХЭНТИЙ: Дадал сумаас 42 жилийн дараа "Улсын аварга тариаланч" тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-02-17 14:57:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дадал суманд ажиллаж амьдардаг Д.Мягмар, Б.Оюунтуяа нарын гэр бүл 42 жилийн дараа "Улсын аварга тариаланч" хэмээх шагналыг нутагтаа гардлаа.
Б.Оюунтуяагийн төрсөн ах Б.Лхагвасүрэн нь 1981 онд Улсын аварга тариаланч болж байсан бөгөөд ийнхүү нэг гэр бүлээс хоёр "Улсын аварга тариаланч" тодорсонд нутгийнхан нь бахархалтай байна.
Улсын аварга тариаланч гэр бүл 1993 оноос хойш одоог хүртэл тасралтгүй 40 жилийн хугацаанд тариалангийн салбарт хүчин зүтгэж, түүнийгээ улам өргөжүүлэн 10 га эргэлтийн талбайд төмс, хүнсний ногоо тариалж, сумынхаа ард иргэдийг эрүүл цэвэр эко хүнсээр хангадаг байна.
Улсын аварга малчин, Аварга тариаланч, "Алтан төлийн эзэд"-ийн шагналыг гардуулахаар аймгийн удирдлагууд сумдад ажиллаж байна. ХХААХҮЯ-ны дэд сайд М.Ганхүлэг, Аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нар Дадал суманд ажиллах үеэр тус суманд Малчдын зөвлөгөөн зохион байгуулж байгаатай таарч “Улсын аварга тариаланч” Д.Мягмар, Б.Оюунтуяа, “Алтан тугал”-ын эзэн С.Одхүү нарт шагналыг нь гардуулж, баяр дээр нь баяр нэмлээ.
Related news