Л.Аюур: Баяжуулах үйлдвэрээ ирэх зун ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-02-17 09:52:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСЧУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт 1979 онд гарын үсэг зурснаар “Монголчехословакметалл” хамтарсан үйлдвэрийг 1980 онд байгуулж, 1982 оноос уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй.


Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа геологи, уул уурхайн салбарт өргөжсөнөөр, Монголчехословакметалл” хамтарсан үйлдвэр тухайн үед жилд 50 мянган тонн жонш Европын зах зээлд гарган, үйл ажиллагааны цар хүрээгээрээ Монгол-Оросын хамтарсан үйлдвэрийн дараа 2 дугаарт бичигдэж байв.


Харамсалтай нь, ЗХУ тэргүүтэй социалист систем задарсан 1990 оны системийн шилжилтээс үүдээд зохицуулалт нь нурж, ОХУ-ын нутгаар дамжуулан экспортод гаргаж байсан тээврийн зардлын үнэ нэмэгдсэнээр зах зээлээ алдахад хүрсэн байна. БНСЧУ нь Чех, Словак гэсэн хоёр улс болж, хамтарсан үйлдвэрийг Чехийн төрийн өмчит компани хариуцаж байгаад, Чехийн тал, мөн удалгүй Монголын тал хувьцаагаа худалдсанаар 2011 онд “Монголчехметалл” үндэсний хувийн компани болж шинэчлэн зохион байгуулагджээ.



Нийгмийн шилжилтийн улмаас социалист орнуудтай хамтран байгуулсан үйлдвэрүүд бүгд байхгүй болсон ч “Монголчехметалл” компани шилжилтийн хүнд үеийг амжилттай даван туулж ганцаар үлдэн, Монгол, Чех Улсын хамтын ажиллагааг таслаагүй залгамжилж байна. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэлээ аажмаар тогтворжуулан, компанийн хөгжлийн дараагийн шатанд гарахын тулд бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хайлуур жоншны баяжуулах үйлдвэр байгуулж байгаа юм.



Монголын жоншны үйлдвэрлэлийн салбарыг 2018 оноос тэргүүлж буй тус компани жилд 25-30 мянган тн металлургийн баяжмал үйлдвэрлэж, бага агуулгатай 80 гаруй мянган тн хүдрийг ОХУ, БНХАУ-д экспортолдог. Нийслэлээс 150 км зайд, Төв аймгийн Баянцагаан сумны нутагт уурхайн дэргэд барьж буй баяжуулах үйлдвэрээ ирэх 6-7 дугаар сард ашиглалтад оруулж, 97 хувиас дээш CaF2-ийн агуулгатай флотацын баяжмал үйлдвэрлэнэ.


БНХАУ-ын Шандун мужийн Синхай групп компанид хийсэн технологийн туршилтад үндэслэн, олон улсын чанарын шаардлага хангасан, байгальд ээлтэй технологийн горим, тоног төхөөрөмж сонгожээ. Төмөр замын Мааньт өртөөний дэргэд өөрийн салаа төмөр зам, ачилт борлуулалтын иж бүрэн байгууламж барьж ашиглалтад оруулсан байна. Ийнхүү жилд 180-200 мянган тн хүдэр боловсруулан, 60-70 мянган тн өндөр агуулгатай флотацын баяжмал үйлдвэрлэх боломжтой баяжуулах үйлдвэр байгуулснаар одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ боловсруулалтын түвшинг ахиулж, нэмүү өртөг шингээн, Европ, АНУ, Энэтхэг, Япон гэх мэтчилэн дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулж, орон нутагт 120-иод шинэ ажлын байр бий болгохоор төлөвлөжээ.



Хайлуур жоншны флотацын баяжмалын эрэлт хэрэгцээ улам өсөж буй энэ цаг үед баяжуулсан бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулахаар яриа хэлэлцээ хийж байгаа. Баяжуулах үйлдвэрээс гарсан хуурай хаягдлыг байгалд ээлтэй технологи ашиглан уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах, бусад эрдэстэй хольж барилгын материал үйлдвэрлэх судалгаа, туршилт хийж байна. Дэвшилтэт технологи нэвтрүүлснээр үйлдвэрт ашигласан усны эргүүлэн ашиглах хэмжээг нэмж,

хаягдлын далангийн хэмжээг багасгах боломж бүрдэх юм.


Өнгөрсөн онд гэхэд Төв аймгийн Баян, Баянцагаан сумын удирдлагатай зөвшилцөн, трассын дагуу уурхайгаас Мааньт өртөө хүртэл 48 км сайжруулсан замыг барьж ашиглалтад оруулжээ. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Мааньт өртөө дэх борлуулах хэсгийн хүчин чадлыг өргөтгөж, ажилчдын байр, засварын газрыг шинээр барих юм. Энэ мэтчилэн төслийн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 232.6 тэрбум төгрөгийг татвар, төлбөрийн хэлбэрээр оруулж, 200 орчим ажлыг байрыг тогтвортой хэлбэрээр хадгална. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр техникийн шинэчлэлийг үе шаттай хийж байгаа бөгөөд баяжуулах үйлдвэр барих, түүнтэй холбоотой техникийн шинэчлэл, дагалдах объект барьж байгуулахад 40 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. 


Ташрамд сонирхуулахад, Чехийн геологийн экспедиц Монголд хамтын ажиллагаа эхлүүлэн, голдуу төвийн бүсийн нутгаар геологийн хайгуул судалгаа хийж байсан. Энэ хүрээнд Эрдэнэтийн зэс молибдений ордыг анх илрүүлж, үндсийг нь тавьсан гэдэг. Үүний дараа Эрдэнэт үйлдвэрийг байгуулахдаа социалист системийн орнуудаас хамгийн боломжтой гээд ЗХУ-ын талаас хөрөнгө гаргаж хамтарсан үйлдвэр байгуулахаар болжээ. Монгол, ЗХУ-ын хамтарсан үйлдвэр байгуулах үед энэ талаар ярих боломжгүй байсан тухай ч Л.Аюур гуай дурсан ярьсан юм.

 

 

                                           Чехийн мэргэжилтнүүд тарваганы маханд дуртай болоод буцсан


Социалист системийн үед үйлдвэрт ажиллахаар Чехословакийн талаас мэргэжилтнүүд байнга ирдэг байлаа. Тарвага агнахыг өнөөгийнх шиг хориглодоггүй байсан үе. Тиймээс биднийг дагаж идсээр байгаад мэргэжилтнүүд маань тарваганы маханд дуртай болоод нутаг буцдагсан. Эхэндээ ч биднийг тарваганы мах чанаж, боодог хийхийг харсан чехүүд идэж чадахгүй. Тэгсээр сүүлдээ монголжиж, биднээс дутахгүй тарваганы маханд дуртай болно. Уурхайд ажиллаж байсан чех инженер маань нэг удаа надад тарваганы мах захиж, “Сайхан зоог бэлдчихье, хүрээд ирээрэй” гэж урилаа. Хоёр тарваганы мах бэлтгүүлээд чех ажилчдын гал тогоонд хүргүүлэв. Удалгүй оройн хоолонд урихаар нь яваад очив. Гэтэл өнөөх сайхан тарваганы махыг маань хоол амтлагчуудаар амталж, шарах зууханд болгочихож. Амт нь танигдахын аргагүй, ямар ч тарваганы мах гэх шинж алга аа. Болоогүй ээ, хажууд нь зууш, хачир тавиад рестораны хоол шиг таваглачихсан байж билээ.


Өөр нэг хөгжилтэй дурсамж сөхөхөд, Чехүүд 7 хоногийн 5 өдөр уурхайд ажиллаад, 2 өдөр нь хотод амардаг байсан юм. Ерөнхий захиргааны үйлдвэр техникийн хэлтсийн даргаар ажиллаж байсан чех нөхөр маань нэг өдөр “Би нутаг буцах дөхөж байна, 2 тарваганы мах өгч явуулаач” гэв. Захисныг нь баасан гарагийн ажилчдын автобусанд дайгаад явуулахад бусад нөхөд замаас нь аваад идчихсэн, дараа нь хэн идсэн бэ гээд бөөн эрэл сурал, мөрдлөг болж билээ. Энэ бүхэн бол чех мэргэжилтнүүд маань бидний идэж, уудаг хоол унданд хүртэл дасаж, монголжсон байсны жишээ хэмээн “Монголчехословакметалл” хамтарсан үйлдвэрийн инженер механикчаар ажиллаж байсан Л.Аюур хуучилсан юм.


Ер нь Монгол Улсад уул уурхай, геологийн салбар эрчимтэй хөгжиж байх үед Чехословакийн ажилчин, инженер, мэргэжилтнүүд бидэнд ихийг зааж сурган, олон ч монгол хүн тус улсад мэргэжил дээшлүүлсэн. Тэд ажлын цагийг чанд баримталдаг, төлөвлөлт сайтай, уурхайн дүрэм журмыг маш хатуу мөрддөг зарчимтай байсан. Манай улсад мэргэжлийн уурхайн инженер, ажилчин бэлтгэхэд ч их хувь нэмэр оруулсан юм. Хэдийгээр хамтарсан үйлдвэрт ажиллаж байсан чехүүд нутаг буцсан ч цөөнгүй нь бидэнтэй холбоотой байж, хааяа харилцан мэндчилгээ илгээн, зарим нь амралтаараа Монголд ирдэг, бид бас ажил хэргээр Чех явахдаа хуучин анд нөхөдтэйгөө уулздаг харилцаа одоо ч үргэлжилсээр байгааг өгүүллээ. 



Эрхүүгийн Политехникийн дээд сургууль төгсөөд, “Монголчехословакметалл” хамтарсан үйлдвэрт 1982 онд томилогдон, Чулуут Цагаан дэлийн хайлуур жоншны уурхайд ерөнхий механик, уурхайн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан тэрбээр тус хамтарсан үйлдвэрийн суурийг авч үлдсэн Монголын үндэсний хэмээх “Монголчехметалл” ХХК-ийн Үйлдвэрлэл, судалгаа ба хөгжил эрхэлсэн дэд захирал, төслийн удирдагчаар ажиллаж байна.

 

Related news