ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 55,1 хувь зудын нэн их эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-02-07 11:51:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Энэ оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар Говь-Алтай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 96,1 хувь их, үүний 55,1 хувь зудын нэн их эрсдэлтэй байна.

Хоёрдугаар сарын 1-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл, нийт нутгийн 96,1 хувь их (нэн их 55,1 хувь, их 41,8 хувь), 3,1 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ. Тухайлбал, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Дарив, Шарга, Тайшир, Есөнбулаг сумын нийт нутаг, Бугат, Төгрөг, Алтай, Тонхил, Халиун, Цээл сумын ихэнх нутагт зуд болох нэн эрсдэлтэй, бусад сумдад их эрсдэлтэй гарсан байгаа тухай тус аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа. 


Говь-Алтай аймгийн тухайд 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 18 сумын 88 багийн 8135 малчин өрхөд 3,2 орчим сая толгой мал тоолуулсан. Өнгөрсөн зун газрын гарц тааруу байсантай холбоотойгоор өвөлжилт хүндэрч зуд болж болзошгүй сумд бий. Тус аймагт 272 мянган толгой мал өөрийн болон бусад аймагт өвөлжихөөр оторлож буй юм.


Related news