ОРХОН: Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-27 12:50:23
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар төлөөлөгч П.Пүрэвлхагва хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд ялгаварлалгүй олгох тухай асуудлаар санал оруулж хэлэлцүүллээ.

Орхон аймгийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын байдлаар 38109 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 31409 нь хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 6700 орчим буюу 17 хувь нь хасагдсан байна.


Энэ талаар зарим төлөөлөгч өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, төлөөлөгч Б.Баасансүрэн хэлэхдээ, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүд бүгд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд гэж ойлгож болохгүй. Амьдралаа авч явахаар өдөр шөнөгүй зүтгэж буй залуусын хүүхдүүд ч хасагдсан байна. Энэ асуудал дээр хариуцсан төрийн байгууллагууд анхаарч цаг тухайд нь иргэдэд мэдээллээ нээлттэй өгч байх хэрэгтэй. Байр, автомашинаа худалдсан бол эзэмшигчийн нэрээ шилжүүлэх, шилжин суурьшсан бол хаягийн бүртгэлээ солиулах талаар үргэлж сануулж, үнэн бодит мэдээллийг иргэдэд  өгч байх нь чухал. Үүнийг цаашид анхаармаар байна” гэлээ.

Мөн төлөөлөгч А.Түвшинжаргал “Орхон аймгийн хэмжээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдийн тоо 9000 байсныг 6000 болгон бууруулсан. Энэ тоо буурахад УИХ-ын гишүүн Д.Батлутын идэвх санаачилга нөлөөлж байгааг онцолмоор байна. Цаашид иргэд хариуцлагаа нэмэгдүүлж, бүртгэл мэдээлэлдээ хянамгай хандах хэрэгтэй. Хүүхэд бүрийг ялгалгүй мөнгөн тэтгэмжийг нь олгох нь зөв” гэсэн юм.

Ингээд хуралдааны төгсгөлд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхэд бүрд буюу ялгаварлалгүй олгох тухай саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлэхээр болов.

 

 

Related news