СҮХБААТАР: "Цайрт минерал" компанийнхан аргальд өвс тэжээл тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-26 14:53:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Цайрт минерал" ХХК-ийн хамт олон дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд болзошгүй аюул, эрсдэлээс зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор Дарханхаан ууланд нутагшиж буй аргаль хонинд нийт гурван сая төгрөгийн өвс тэжээлийг тавьж, биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.

Тус ууланд хоёр сүрэгт хуваагдсан нийт 19 аргаль нутаглан идээшиж байна. "Цайрт минерал" компанийн ХАБ-ын тасгийн даргаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг нэг өдөр Дарханхаан ууланд ажиллаж, уулыг тойруулан 22 боодол өвс, 700 кг хужир шүүг таван байршилд тараан байрлуулжээ.


Аргалиуд ууландаа хоёр сүрэгт хуваагдан нутагшиж байна. Сүхбаатар сумын нутагт өвөлжилт хэвийн байгаа учир сүрэгт ямар нэг хорогдол эндэгдэл гараагүй. Нутагтаа тогтвор суурьшилтай идээшиж байгаа аргаль хонинууд хэвийн сайхан нутагшиж байна. Энэхүү арга хэмжээ нь цаашид цагийн байдал хүндрэх, цас их орох үед маш том дэмжлэг болно гэдгийг Сүхбаатар сумын Байгаль орчны улсын байцаагч С.Ганбулган хэллээ.

2009, 2012, 2017 онд аргаль ирж нутагшсанаар одоогоор Дарханхаан уулын аргалийн тоо 19-д хүрээд байгаа юм. 

Related news