СҮХБААТАР: Аймгийн урд талын сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүнд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-01-19 14:32:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгийн 70 хувьд өвөлжилт хүндэрч байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлсэн. Ялангуяа урд талын сумд буюу Онгон, Наран, Баяндэлгэр, Асгатад цагийн байдал хүнд байна. Зарим сумын удирдлагуудтай утсаар холбогдон өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Баяндэлгэр сумын Засаг даргын орлогч М.Отгонбаяр: Бог, бод малын хорогдол гарч эхэлсэн

-Хөдөөгийн таван багт өвөлжилтийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна, бог болон бод малын хорогдол гарч эхэлсэн. Аймгаас хөнгөлөлттэй үнээр буюу 5000 төгрөгөөр олгосон өвс малчдын гар дээр очихдоо тээврийн зардал, ачигчийн хөлс зэргийг нэмээд 8500 төгрөгөөр очиж байгаа. Мал уруудах тохиолдол их байгаа учир малчдын малын эрэл, замын яваа их байна. Өвсний эрэлт ч их байна. Ер нь сум орон нутгийн зүгээс өвс тэжээлээр ашиг олох бус яг л бодит үнэлгээгээр олгохоор зорьж байгаа.

Сумын нөөц багассан учир Эрдэнэцагаан сумаас 8000 боодол өвс татахаар бэлтгэл ажил хангагдаж байна. Цагийн байдал хүнд байгаатай холбоотойгоор удахгүй малчдын хотонд очиж ажиллан нөхцөл байдалтай танилцах, малын хорогдлыг тогтоохоор хэд хэдэн ажлын баг томилоод байна. Өмнөх шуурганд уруудсан малын сургийг гаргах, хил орчимд очсон малыг татах ажлыг зохион байгуулсан. Цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн хийнэ.


Онгон сумын Засаг дарга Э.Мөнхбат: Энэ байдлаар хаваржилт ч маш хүнд болох төлөвтэй байна

Сумын удирдлагууд, багийн дарга нараар ахлуулсан ажлыг багууд гарч малчдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явна. Ойрын өдрүүдэд эрс хүйтэрсэн, өдөр бүр явган шуурга шуурч цас их орж байна. Үүнтэй холбоотойгоор бог мал зутарч, дороосоо жилбэдэж эхэлсэн. Зуншлага тааруу байсан учир сумын малчид хөрш зэргэлдээх сумдад отроор өвөлжиж байна. Одоогоор хамгийн эрэлттэй зүйл бол өвс болоод байна.

Аймгийн ХХААГ-аас хөнгөлөлттэй үнээр ирсэн 1000 боодол өвсөн дээр сумын нөөцөөс 1300 боодлыг нэмээд нийт 2300 орчим боодол өвсийг 5000 төгрөгөөр малчдадаа олгоод байна. Мөн 240 шуудай хивгийг олгосон. Өөрөөр хэлбэл нэг өрхөд таван боодол өвс, нэг шуудай хивгийг ямар ч нэмэгдэл үнэгүй олгосон. Цаашид ч өвсний эрэлт их байна. Харин нөөц багассан. Тиймээс аймгийн ХХААГ-аар дамжуулан ХХААХҮЯ, Улсын онцгой комисст хүсэлтээ хүргүүлээд байгаа. Энэ байдлаар хаваржилт ч маш хүнд болох төлөвтэй байна гэлээ.

Цаашид дахин цаг хүндрэх төлөвтэйг цаг уурын байгууллагаас анхааруулж байгаа. Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа өвсийг шаардлагатай тохиолдолд дахин хөнгөлөлттэй үнээр гаргана. Өвөлжилт илүү хүндрэх төлөвтэй байгаа учир нөөцийн өвс тэжээлийг одоо шууд гаргахаас зайлсхийж байгаа тухай ХХААГ-аас мэдэгдлээ. 

Related news