ОРХОН: Жилд дунджаар 20 мянган жуулчин Эрдэнэт хотыг дамжин өнгөрдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-19 13:14:00
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр түлхүү хөгжсөн Эрдэнэт хотод аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ баруун аймаг руу зорчиж байгаа жуулчдыг нэгээс хоёр өдөр Эрдэнэт хотод саатахад нь зориулсан хөтөлбөр, үйлчилгээг санал болгож байна. Үүнд, Эрдэнэт хотын хамгийн өндөрлөг хэсэг Баян-Өндөр уул, Эрдэнэт хотыг эгц урдаас нь харах боломжтой Сархиа уул руу гарах уулын зам, Эрдэнэт үйлдвэр лүү зорчих дугуйн замыг нэрлэж болно.

Мөн Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн музей, олон үндэстэн, ястны онцлог, давуу талыг харуулсан гэр, хувцас, хэрэглэл, ахуйтай нь танилцах боломжтой  Ёс заншлын цогцолбороор зочлох боломжтой юм.

Орхон аймаг нь 107 мянган хүн ам, 84.4 мянга га газар нутагтай бөгөөд жилд дунджаар 20 мянган жуулчин дамжин өнгөрдөг. Гадаад, дотоодын жуулчид баруун аймгаар зорчихдоо Эрдэнэт хотыг дамжин өнгөрдөг тул эдгээр жуулчдыг түр амрах, алжаалаа тайлахад нь Эрдэнэт хот аялал жуулчлалын бодлогоо чиглүүлдэг юм.

Цаашид аялал жуулчлалын маркетингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбарын судалгаа, мэдээллийн системийг хөгжүүлэх, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн онцлогийг харуулсан аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, үйлчилгээний чанарыг сайжруулж, зэрэглэлтэй зочид буудал, амралт, сувиллын газрыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа ажээ.

 

Related news