ЗАВХАН: Алдархаан, Идэр сумын хүүхдүүд англи хэлний цогц хөтөлбөрт хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-01-16 16:46:08

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Алдархаан, Идэр сумын ерөнхий боловсролын сургуулиуд Pearson англи хэлний цогц хөтөлбөрт хамрагдахаар болжээ.


Хүүхэд, залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сурах боломжийг хүн бүрд тэгш олгохын тулд Английн 150 гаруй жилийн түүхтэй PEARSON байгууллагатай Боловсрол Шинжлэх ухааны яам хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 80 орны 6500 сургуульд хэрэгждэг англи хэлний хөтөлбөрийг манай улс хоёрдугаар улирлын хичээл эхэлмэгц судалж эхлэх гэж байна. 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагас жилээс энэ хөтөлбөрийг туршилтаар хот хөдөөгийн 38 сургуульд хэрэгжүүлнэ. Нийт 5-12 дугаар ангийн 30 мянган сурагч хамрагдана. Хөтөлбөрийн үр дүнг энэ хавар үнэлсний дараа ерөнхий боловсролын бүх сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.



Тэгвэл энэхүү хөтөлбөрт 600 гаруй суралцагчтай Идэр, Алдархаан сумын 5-12 дугаар ангийн хүүхдүүд хамрагдахаар боллоо. Идэр сумын 12 жилийн сургуулийн 260 гаруй хүүхэд, Алдархаан сумын ерөнхий боловсролын 9 жилийн сургуулийн 60 гаруй суралцагч англи хэлний хөтөлбөрт хамрагдах юм. Суралцагчид Pearson English Connect дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулах юм. Мөн олон улсын жишгээр багш нарыг орчин үеийн аргазүй, технологи ашиглан бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох зэрэг өргөн боломжууд нээгдэж байна гэж Завхан аймгийн БШУ-ны газраас мэдээлэв.

Ташрамд, Pearson англи хэлний хөтөлбөрийн үндэсний мастер сургагч багш бэлтгэх сургалтад Алдархаан, Идэр сумын англи хэлний багш нар хамрагдаад ирсэн байна.


Идэр сумын сургуулийн хүүхэд бүр англи хэлээр ярьдаг, бичдэг болно

Идэр сумын ерөнхий боловсролын сургууль сүүлийн жилүүдэд сургалтын чанараа сайжруулж англи хэлийг бага ангиас нь зааж сургаж байна. Хичээлийн хөтөлбөрийн чанарт ахиц гаргаж, сурагч бүрийн түвшинд тохируулан ажиллаж сурлагын чанарыг ахиулах боломжийг эрэлхийлсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг зорьдог.

Ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангиас нь англи хэлийг зааж эхэлсэн. Ингэснээр англи хэлийг сонирхон судлах хүүхдүүдийн тоо нэмэгдсэн төдийгүй. Англи хэлийг гүнзгийрүүлэн судлах, хэлний түвшин тогтоох шалгалтад нийт хүүхдийн сурлагын чанарт ахиц гарч илт сайжирсан үзүүлэлт гарсан. Энэ үзүүлэлтээ сайжруулах дахин нэг боломж нь Pearson англи хэлний цогц хөтөлбөр юм. 2022-2023 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасаас эхлэн энэ хөтөлбөрт хамрагдахаар манай сургууль шалгарсан. Сургуулийн 5-12 дугаар ангийн 260 гаруй хүүхэд энэ англи хэлний хөтөлбөрт хамрагдана. Ингээд сургуулийн бүх суралцагч англи хэлийг илүү гүнзгийрүүлэн суралцах боломжтой боллоо. Ирэх хичээлийн жилд Идэр сумын сургуулийн хүүхэд бүр англи хэлтэй болох нь гэж Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас мэдээлэв.

Related news