Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг цохон тэмдэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2023-01-13 16:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-ын Монголын үндэсний комисс (МҮК)-ын гишүүдийн 2022 оны тайлангийн хурал энэ сарын 13-ны өдөр болов.


Хуурлыг нээж Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг хэлэхдээ 2022 онд Монгол Улс, ЮНЕСКО-гийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрч, бодит үр дүн гарсан чухал жил болж өнгөрснийг цохон тэмдэглэв.



Тэрбээр Монгол Улс ЮНЕСКО-д нэгдсэний 60 жилийн ой өнгөрсөн онд тохиож, энэ хүрээнд тус байгууллагын Ерөнхий захирал Одри Азулейг Монголд айлчлуулсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг ахиулах, ЮНЕСКО-гийн үйл ажиллагаанд манай улсын оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд, ирэх жилүүдэд илүү оновчтой төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, ил тод байдлыг сайжруулах, үр нөлөөг дээшлүүлэх, өгөөж нь иргэд, нийгэмд бодитой хүрэх, гадаад бодлогын нэг цонхны бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлэх талаар МҮК-ын гишүүд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, ШУА, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний номын сан зэрэг хүрэлцэн ирсэн байгууллагын төлөөлөлтэй санал солилцов.


Сайд Б.Батцэцэг 2023 онд МҮК-ын үндэсний хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, ЮНЕСКО-гийн конвенц, Засгийн газар хоорондын хороодын үйл ажиллагаанд дахь манай улсын оролцоог эрчимжүүлэх, тус байгууллагаар дамжуулан улсаа сурталчлан таниулах, ЮНЕСКО-гийн хороо, хөтөлбөрт Монгол Улсын түүхэн дурсгалт, байгалийн цогцолбор газар, түүхэн баримт бүртгүүлэх зэрэг асуудлыг онцгойлон анхаарч, нягт уялдаа холбоотой хамтран ажиллахыг холбогдох салбарын яам, түнш байгууллагуудад уриалав. 

   

Тайлангийн хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тус комиссын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг танилцуулж, комиссын гишүүд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний төсөлд илүү үр дүнд чиглэсэн, бодитой ажлуудыг хамтран хэрэгжүүлэх талаар саналаа илэрхийлж, эцэслэн батлахаар тогтов.



Related news