АРХАНГАЙ: Д.Өлзийсайхан: Аймгийнхаа 100 жилийн ойд зориулж гурван метр өндөр булигаар гутал хийхээр төлөвлөсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-11 16:17:14

Архангай /МОНЦАМЭ/. Монгол гутал урлах тэр тусмаа зүү ороох үйлсэд гаршсан төдийгүй бүтээлч, ажилсаг, олон шавь төрүүлсэн бахархалт эрхэм бол Д.Өлзийсайхан юм. Тэрээр анх ээж болон төрлийнхөө хүнээс гутал урлаж хийхийг сар гаруйн хугацаанд заалгаж сурчээ. Түүнээс хойш хөдөө 10 жил, аймагт 20 жил гутал урлаж байна.

 

-Гутал хийх хатуу оёдолд орно. Хүнд хөдөлмөр шүү?

-Хүнд, хэцүү гэж бодож байсангүй. Гоё хэлбэртэй гутал хийх юмсан гэж боддог байлаа. Ухаангүй л зүтгэдэг байсан. Хийсэн гутлыг маань хэн нэг нь өмсөөд явж байх сайхан санагддаг.


-Товшоортой гутал... гэж мөнхийн гутал байлаа?

-Би эхлээд товшоортой, хөөмөл угалзтай гутал хийдэг байлаа. Дээр үед хаан, хатан өмсдөг гутал байж. Улыг нь олсоор эрчилж товшоод, олс нь тавлагдаад, хатуураад хөнгөн, хэлбэр гоётой гутал болно. Одоо ганцхан манайх л товшоортой гутал хийж байгаа. Хүнд, хэцүү хөдөлмөр учраас хийхгүй байх шиг байна. Өөр газар товшихгүй байгаа. Эхлээд гурван сарстай гутал, тэгээд хөөмөл угалзтай, дараа нь зүү ороосон гутал тэгээд бүс, даалин хийдэг болсон доо.


-Аймгийн төвд орж ирээд ажил үйлс тань нэлээд бэхэжсэн харагдана?

-Тийм шүү. Бэхжээд ирснийхээ дараа зүү ороосон гутал, товшмол ултай, хэлбэр гоётой манай гутлыг хүмүүс авах дуртай болсон. Алдар, хүндтэй хүмүүс, мянгат малчид их авдаг. Бид өөрийн гэх олон үйлчлүүлэгчтэй болсон. Түрүү нь зөөлөн, хамрын сум урт, загварлаг гутал хийхийг хичээдэг. Зүү ороосон гутал үзэмжтэй харагддаг. Энэ оёдлыг 10 гаруй хүнд зааж, сургаад байна. Хөөмөл угалзтай гутал ч оёж байна. Хөөмөл угалзтай гөлөм ч оёж байна. Зүү ороосон гөлөм, бүс гээд оёж байгаа.   

Би саяхан тэргүүний ажилтан болсон. Олон хүн сургаад, олуулаа хамтаараа хийвэл зүгээр  юм уу гээд, хоршоо байгуулах гэж үзсэн. Зээл энэ тэр нь олдохгүй хэцүү юм билээ. Болдог бол бие даасан компани шиг л болмоор байгаа юм. Тэгээд л мөнгө санхүүгийн асуудлаас болоод таг сууж байна. Бидэнд зээл ерөөсөө олдоогүй. Хүсээд ч олдохгүй зүйл чинь зээл юм билээ. Бид нар монгол ахуй талын зүйлс хийх дуртай. Тухайлбал, аялал жуулчлалд зориулсан хүүхдийн сүйх тэрэг, үхэр тэрэг хийж байна. Аймгийнхаа 100 жилийн ойд зориулаад том хүний сүйх тэрэг хийхээр төлөвлөөд байгаа. Бас 3 метр өндөр булигаар гутал хийнэ гээд материалаа бөөгнүүлж сууна. Дэмжих газар олдвол сайн л байна.


-Та хэдэн онд билээ, нэг том гутал хийсэн дээ?

-Тийм ээ. Патентаа авсан. Дан булигаараар хийсэн. Өндөр нь 150 см. Жижигхэн бяруунд хөллөдөг үхэр тэргэнд яг таардаг байсан. Тэгээд баяр наадмаар үзүүлж, харуулдаг байлаа. Улаанбаатар хот руу зарагдсан. Чингис хааны гутал болгож, үзмэр хийсэн байна лээ. Туршилтаар нэг гутал хийсэн. Түүнийг хараад Ихтамир сумын Соёлын төвийн дарга музейдээ хоёр метр урттай гутал хийлгэх захиалга өгсөн. Нутгийн зөвлөлтэйгөө ярилцаж байгаад, Бөхбилэгтийн гутал хийлгэх юм. Ихтамир сумын 100 жилийн ой дараа онд болох юм билээ. Ойдоо зориулаад хийлгэх юм гэсэн.


-Тэр сүйх тэрэг хийх, том гутал хийх санаа яаж төрөв?

-Баяр наадмаар ганц бөх барилдах биш бас ийм хөөрхөн юм хийчихвэл сонирхох байх гэж бодсон. Үнэхээр их сонирхсон шүү. Би монгол ёс заншлаа сэргээх дуртай.


-Тантай хамт ямар насны хүмүүс ажиллаж байна вэ?           

-Ер нь 30 гаруй насны хүмүүс бий. Бүгд зүү ороох оёдолдоо гаргуун. Бүр 20-иод жил оёж байгаа хүмүүс ч бий. Хөөмөл, угалз, зүү орооно, гутлаа ч оёно, зургаа ч өөрсдөө гаргачихна. Бүгдээрээ л хийж байгаа зүйлдээ дуртай. Итгэл, сэтгэлтэй хүмүүс байгаа даа. Одоо тэгээд 100 жилийн ойгоор дэмжээд, ярьж хэлээд өгөх юм бол бид булигаараар том ногттой монгол гутал хийгээд аймгийнхаа шинэ барих Бөхийн өргөөнд өгнө гэж бодож байгаа. 


-Аав, ээжийнхээ талаар?

-Манай аав хадлангийн аварга бас адуучин, манай ээж бас гутал оёно. Миний гуталчин болох хүслийг ээж минь л тавьж өгсөн. Ээжийгээ харж, дуурайж, тусалж байгаад л гутал оёх дуртай болчихсон. Манай дүү нар ч бүгдээрээ гутал оёно. Удам дамжсан гуталчид.


-Сарлагийн баярт оролцдог уу?

-Бид үхэр тэрэг, чингэлэгтэй оролцдог. Хар халуунд авгай малгай, дээл өмчихөөд тойроод явна. Нэг удаагийн сарлагийн баярын үеэр нэг хүүхдэд араг үүрүүлчихсэн чинь гадаадынхан сонирхоод шавчихсан. Хүүхэд маань ичээд. Ямар хөөрхөн юм гээд гадаадынхан явж өгөхгүй. Манайх хоёр, гуравхан саалийн үнээтэй байсан юм. Би машинтай давхиж очоод үгийн сөхөөгүй хоёр бяруугаа ачиж аваад явсан гэж байгаа. Хүмүүс бяруугаа алж идэх нь үү л гэж бодсон байх. Хуушуур хийх гэж байгаа юм болов уу гээд гайхцгаасан гэсэн. Тайлбарлаад хэлчихгүй, би бас яаруу сандруу хүн шүү. Дараа нь бөөн инээд хөөр. Одоогоос гурав дөрвөн жилийн өмнө байх. Тэгэхэд өнөөх гуталдаа зохиогчийн эрх авч байсан санагдана.

Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан даа. Нөгөө том гутлаа тэргэндээ аччихсан. Хүмүүс алга ташаад л. Их л сайхан байсан даа. Урам аваад. Бяруу нь даахгүй байна, ямар хөөрхөн юм бэ гээд л, хүмүүсийг шуугиулсан даа. Тайхар чулууны домгийг дүрсэлж, зодог шуудагтай хүүхдээр өргүүлээд явсан. Домгийнх нь сайхан аялгуу байдаг юм. Хөтлөгч нь домгийг нь сайн тайлбарлаж чадаагүй. Гэнэтийн юм болсон. /инээв/

-Ярилцсанд баярлалаа. 

Related news