ОРХОН: Газар нутгийн хүрэлцээ бага байгаа нь шилжин ирэгсдийг угтаж авахад бэрхшээлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-05 16:15:14
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлж хөдөө орон нутагт шилжин суурьшигчдыг дэмжиж ажиллахыг үүрэг болгосны дагуу Орхон аймгийн ЗДТГ-аас “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье” хөтөлбөрийн төсөл боловсруулаад байна. Хөтөлбөрийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр Улаанбаатар хотоос шилжин ирэгсэд болон орон нутгийн удирдлагууд уулзлаа.

Уулзалтын үеэр шилжин ирэгсэд, “Эрдэнэт хотод хүнсний нэр төрөл цөөн байна. Иймээс Улаанбаатар хотоос хүнс, хувцсаа худалдан авч байна. Хоёрдугаарт, ажлын байр хомсдолтой байна. Дундаж цалин 800.000 төгрөг байгаа нь бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийнх нь үнэтэй харьцуулахад хэт бага. Хөгжил нь зөвхөн хотынхоо төвд байна. Гэр хороолол рүү чиглэсэн хөгжил огт алга. Томоохон хүнсний дэлгүүр ч алга. Түрээсээр түр байрлачих орон сууцны хомсдолтой, худалдан борлуулж байгаа орон сууцны үнэ Улаанбаатар хотынхтой яг ижил байгаа нь залуучуудад бэрхшээлтэй байна” гэлээ.

Харин орон нутгийн төр захиргааны зарим байгууллагын удирдлагууд хэлэхдээ, “Эрдэнэт хот газар нутаг багатай. 2005 оноос өмнө газар өмчлөх өргөдлөө өгсөн иргэд одоо болтол газраа аваагүй. Тэгэхээр шилжин ирэгсдэд олгох газар байхгүй, ажлын байр хомсдолтой” гэлээ.

Орхон аймагт өнөөдрийн байдлаар нэг өрөө орон сууц 75-90 сая төгрөгийн үнэтэй байна.

Нэг өрөө байрны түрээс дунджаар 500-600 мянган төгрөг байна.

Ажлын байрны дийлэнх нь уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт бий болдог тул шилжин ирэгсэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Ачит Ихт, Эрдмин, Зэс-Эрдэнийн хувь ХХК-д ажилд орох сонирхолтой байдаг юм.

Нийгэм, эдийн засгийн хувьд Эрдэнэт хот бусад аймгийг бодоход чадавхтай ч газар нутаг багатай тул жил бүр Булган аймагтай өрхийн хэрэгцээний газрын талаар зөвшилцөх шаардлага бий болдог юм.

Иймд Эрдэнэтийнхний хувьд “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-иар газар нутгийнхаа хэмжээг нэмэгдүүлж чадсан бол олон давуу тал үүсэх байсан ч харамсалтай нь дээрх хуульд газар нутгийн хэмжээг нэмэгдүүлсэн заалт ороогүй тул хүн амаа өсгөх, нэмэгдүүлэхэд олон бэрхшээл тулгарч байгаа юм.  



Related news