АРХАНГАЙ: Аялал жуулчлалын брэндингийг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2023-01-04 11:13:09

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн аялал жуулчлалыг дэмжих, нэгдмэл ойлголт, үнэт зүйлс, өнгө төрхийг нийтэд хоногшуулах зорилготойгоор брэнд дизайны ажлыг "Brand 21" нэгдэл гүйцэтгэж, аймгийн БОАЖГ-т хүлээлгэн өгчээ. Энэхүү ажлыг “Brand 21” нэгдлийн залуус олон талт судалгаа, шинжилгээнд үндэслэн гүйцэтгэжээ.


"Архангай" хэмээх үгийн үсэг бүрт нутгийн сайн сайхан зүйл, уул ус, эртний түүхийн улбааг шингээжээ. Жишээ нь, Эхний "А" үсэгт Харлагтайн сарьдгаа дээд хэсэгт нь, урд дэгээ хэсгийг нууруудын үелзэн долгиогоор бэлгэдэн шингээж өгсөн бол дараа дараагийн үсгүүдэд Булган хайрхан уул, Хорго уул, Тайхар чулуу, эртний түүхийн улбаа сүг зургийн төлөөлөл, ойт хээр газар болон их голуудаа уусган оруулж өгчээ. Архангай нутгийн ялгамж төрх бүхий энэхүү брэнд дизайн нь хаана ч, хэн ч харсан нутгийн Хорго уул, Булган уул, Тайхар чулууг харах өвөрмөц дизайнтэй юм.  


Архангай аймгийн аялал жуулчлалын брэндингийн төслийн кординатор Г.Мандах Архангай нутгийн онцлог, ялгамж чанарыг илэрхийлсэн брэнд дизайны ажлаа хүлээлгэн өгөхдөө: 

-Аялал жуулчлалыг дэмжих, түүнийг тойрсон олон талт боломжуудыг нээх, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд энэхүү ажил маш том хөрөнгө оруулалт юм. Брэнд дизайныг Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа өргөнөөр хэрэглэж, олон нийтэд сурталчлах ажил үлдлээ. Брэндингээ хэрэглээнд нэвтрүүлцгээе хэмээн уриалсан.


“Brand 21” нэгдэл нь Төрийн аудит, МИАТ, Удирдлагын академи, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Уран зургийн галерей, Горхи тэрэлж, Хархорин виртуал музей зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудын брэндинг, Солиот эх, Сингл лэдис, Ар хударга, Аав, Амьдралоги зэрэг 20 гаруй уран сайхны кино, жүжгийн постер, Яараад яах вэ дээ, Дураараа биш дүрмээрээ, Ид шидийн орон, Нүдээ нээ, Ойлгоё хүндэлье зэрэг нийгмийн нөлөөллийн ажлуудыг гүйцэтгэсэн туршлагатай баг хамт олон юм. 


Брэнд дизайныг 2022 оны 10 дугаар сард болсон “ITM-2022” үзэсгэлэнд стэндийн тохижилтод ашигласан бөгөөд Архангай аймаг “Шилдэг стэнд”-ийн эзэн болсон юм.


БОАЖГ-аас Архангай аймагт үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийг энэхүү дизайны темплате, лого, өнгөний код, зураг дүрслэлийг нээлттэйгээр авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалаад байна.