"Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр"-ийн бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-01-04 08:57:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүйн удирдагчдыг бэлтгэх Харвардын их сургуулийн “Эрүүл мэндийн салбар дахь манлайлал” сэдэвт Зүүн өмнөд Азийн бүсийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна.


Тус хөтөлбөрийн хүрээнд таван жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчийг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 манлайлагчийг бэлтгэх юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. 

Үүнд:
- Стратегийн удирдлага;
- Эмнэлгийн бүтэц, зохион байгуулалт;
- Санхүүгийн удирдлага болон тооцоолол;
- Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн удирдлага;
- Эмнэлгийн мэдээлэл технологи;
- Эмнэлгийн тусламжийн чанар, аюулгүй байдал;
- Төсөл бичих (project proposal)

Тус хөтөлбөр 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр эхлэн нэг жилийн хугацаанд цахим хэлбэрээр явагдах ба сургалтын хугацаанд суралцагч гурван удаагийн семинарт биечлэн оролцоно.
Семинар 1: 2023 оны 2-р сарын 27-ноос 3-р сарын 2-нд Малайз Улсын Селангор хотод

Семинар 2: 2023 оны 9-р сарын 11-14-нд Малайз Улсын Селангор хотод
Семинар 3: 2024 оны 2-р сарын 26-29-нд АНУ-ын Бостон хотод


Мөн НҮБ-ын Хүүхдийн сангаас болон бусад байгууллагаас нэмэлтээр эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр болон манлайллын чиглэлээр  хичээлүүд заах юм.

Хөтөлбөрт тавих шаардлага:
- 45-аас доош насны
- Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх
- Англи хэлний ахисан шатны мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэлээр бүрдүүлэх
- CV
- Анкет
- Диплом
- Эссэ /Хөтөлбөрт хамрагдах хүсэлт бүхий 250-500 үгтэй эссэ /
- Одоогийн болон урьдах аль нэг удирдлагын тодорхойлон дэмжсэн захидал (reference letter)

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдана.
Нэгдүгээр үе шат: 2023 оны 1 дүгээр сарын 4-8-нд бүртгэл явуулна. /шаардлага хангасан хүмүүс бүрдүүлэх материалын албажуулан pdf-ын нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан orgil.b@moh.gov.mn имэйл хаягт ирүүлнэ үү. (Холбоо барих: 51263684)

Хоёрдугаар үе шат: Нэгдүгээр үе шатад тэнцсэн оролцогчдтой англи хэлээр ярилцлага хийх юм. Ярилцлага хийх өдрийг бүртгэл дээрх цахим хаягаар мэдэгдэх болно.

 
Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдод сургалтын төлбөр (15,900 ам.доллар) тэтгэлэг олгох аж.


Related news