Дарьгангын иргэд ураны хайгуул, олборлолт хийхийг эсэргүүцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-29 15:58:34

Сүхбаатар аймгийн зургаан суманд Францын Арива Монгол компанийн охин компани болох "Кожиговь" компани ураны хайгуул хийх зөвшөөрлийг 2008 онд авчээ. Үүний дагуу энэ оноос эхлэн дээрх сумдад хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэхүү үйл ажиллагааг Дарьгангын ард түмэн эсэргүүцэж, нутагтаа хайгуулын нэг ч өрөм тавиулахгүй хэмээн эсэргүүцлээ илэорхийлсээр байна.

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Цагаан булаг гэдэг газар "Кожиговь" компани цөмийн энергийн хайгуулын өрөмдлөгийн ажлаа хэдхэн хоногийн өмнө эхлүүлжээ. Үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж, үйл ажиллагааг нь явуулахгүй, газар нутгаа ухуулахгүй хэмээн тэмцэж байна. Харин компанийн зүгээс холбогдох бүх газрын зөвшөөрөлтэй тул хайгуулын ажлаа хийх ёстой гэж үзэж байгаа. Үйл ажиллагааг нь эсэргүүцэж байгаа нутгийн иргэдийг улс төрийн зорилго агуулсан, бид зөвшөөрлөө авсан юм чинь та нарт хамаагүй, хөдөөний иргэд хууль дүрэм юу ч мэддэггүй хэмээн хэл амаар доромжилж,  ажлаа үргэлжлүүлэн  хийнэ хэмээн зүтгэсээр байгаа юм. Дарьганга суманд хийгдэж байгаа хайгуулын ажлыг "Кожиговь" ХХК-ийн геологийн албаны захирал Себастьян гэдэг хүн ахалж байгаа юм байна.

Дарьганга суманд хайгуулын ажил хийхийг зөвхөн энэ хавийн малчид иргэд төдийгүй бусад иргэд эсэргүүцэж байгаа. Ард түмний хувьд сэтгэл санааны хүнд нөхцөлд байгаа. Ган гачигтай, Ганга нуур ширгэж, бусад нуур, гол булаг ус татарсан, хүйтэн сэрүүний цаг ойртсон, хүн малгүй хүнд байгаа үед ураны хайгуул хийж байгаа явдал иргэд, малчдыг сэтгэлзүйн болоод амьдрал ахуйд улам дарамт болж байгааг тус сумын 1-р багийн малчин Г. Баярсайхан  хэлж байлаа.

Дарьганга хошууны 6 сум бол Монгол орны МАА-н гол бэлчээр нутаг. Энэ нутгийг эртнээс сонгож, Сүрэгчин хошуу хэмээн нэрлэж, цөм сүрэг малыг өсгөн үржүүлж ирсэн. Дорнод монголын хялганат тал нутаг, байгалийн үзэсгэлэнт, түүх соёл, дурсгалын өв хадгалагдсан нутаг. Төрийн тахилгат Алтан-Овоо гэхэд энэ газраас 20-иодхон  км газар байдаг. Сөнөсөн галт уулсын орон. Гэтэл энэ нутагт ураны хайгуул хийх зөвшөөрөл олгож байгаа, үйл ажиллагааг дэмжиж байгаа хүмүүст иргэд гомдолтой байна. Ямар ч байсан нутагтаа уран олборлуулахүй, үүний эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийлж байлаа.

"Кожиговь" ХХК Сүхбаатар аймгийн Дарьганга, Онгон, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Наран, Асгат сумын Шүүт, Хайрхан, Усан толгой, Цагаан булаг, Болорт ухаа, Дунд Нар, Хар тойром, Хөх нүдэн, Хүрээн, Оломт, Ухаа Овоо зэрэг газруудад хайгуулын зөвшөөрөл эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд Ашигт малтмалын Газрын Геологийн алба болон МХЕГ-ын БО, Геологи, Уул уурхай, Цацрагийн улсын хяналтын алба болон БОНХАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, МХЕГ-ын Цацрагийн болон цөмийн хяналтын газрын зөвшөөрлийн дагуу дээрх газруудад хайгуул хйихээр болжээ. Ингээд 2016 оны 7-р сард Онгон, Дарьганга сумдын нутгийн удирдлагуудад дээрх зөвшөөрлийг компанийн удирдлагууд биечлэн танилцуулж, хайгуулын ажлаа Онгон суманд 8-р сарын 19-нд, Дарьганга суманд 8-р сарын 22-нд эхэлсэн байна.

Т. Одончимэг

Related news