ОРХОН: Хог ангилан, ялгах, боловсруулах үйлдвэр удахгүй ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-01-02 15:31:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймгийг байгуулаад 46 жил болж байна. Энэ хугацаанд хогийн нэгдсэн цэг дээр 5 сая шоо.метр хог хуримтлагдсан бөгөөд зөвшөөрөгдсөн 80.3 га талбай нь 180 га болтлоо өргөжсөн юм. Иймд өнгөрсөн 2022 онд Хот тохижуулах газар БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороотой хамтран 100 га талбайг цэвэрлэж 25 га талбайг нөхөн сэргээж, 72 метрын урттай далан босгож, 4 га талбайд 2500 ширхэг мод тарьжээ. Мөн аюултай хог, хаягдлыг дарж устгах агуулахыг 305 сая төгрөгөөр барьсан байна.

Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хурдасгуур Лаб-тай хамтран иргэдийн бүлгийг чадавхжуулж хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах ажлыг эхлүүлсэн. Үүнд Ө.Хоролсүрэнгийн бүлэг шалгарч НҮБ-аас өөрөө өргөгч по-машин, хог хаягдлыг пресслэх 100 сая төгрөгийн өртөгтэй машиныг ашиглах эрхийг өгсний дагуу Ө.Хоролсүрэн айл, өрхөөс хогийг ангилан цуглуулж, өнөөдрийн байдлаар 40 тонн хогийг дахин боловсруулалтад шилжүүлэхээр бэлдээд байна.

Дэлхий нийт хог хаягдлын менежментээ сайжруулж дахин боловсруулах, ангилан ялгахаас гадна хогийг үүсгэхгүй байхад онцгой анхаарч байгаа энэ үед Орхон аймгийн ХТГ “Хог хаягдлын менежментийг сайжруулах” хөтөлбөрийг боловсруулж иргэд, олон нийтийн тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлж “Соёлоороо ялгаръя”, “Хөршийн холбоо”, “Ялгаж, салгая”, “Хоёрхон ангилъя” нөлөөллийн аяныг өрнүүлж байна. Үүний үр дүнд сурагчид сургууль дээрх хог хаягдлаа ангилж сураад эцэг, эхдээ зааж сургаж байгаа сайн үр дүнгүүд гарсаар байна.

Аливаа улсын хөгжлийг нийтийн тээвэр, нийтийн ахуй, үйлчилгээ нь илтгэдэг. Тэгвэл Орхон аймгийн ХТГ хоггүй хот болох зорилт дэвшүүлж Польш Улсын хөрөнгө оруулалтаар барьж буй хог боловсруулах үйлдвэрээ тун удахгүй ашиглалтад хүлээн авна. Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймагт хог боловсруулах, ангилан ялгах үйлдвэр барьж байна. Үүнд зам харилцаа, дэд бүтэц, усан хангамж, ажилчдын байраас гадна хог тээвэрлэх 12 төрлийн автомашиныг шийдэж өгчээ.

Орхон аймгийн 29 мянган өрх айлын 18 мянга нь гэр хороололд амьдардаг. Эдгээр өрх, айлын хогийг тээвэрлэхэд Хот тохижуулах газрын парк шинэчлэлт, зохион байгуулалт нэн чухал тул өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  4 машин, 44 бункерийг шийдэж өгчээ. Энэ мэтчилэн Хот тохижуулах газарт өнгөрсөн онд олон улсын болон яам, орон нутгийн хөрөнгө оруулалт буюу нийт 33.8 тэрбум төгрөгөөр парк шинэчлэлт хийсэн байна.



 

Related news