Цэцэрлэгүүд хүүхдээ бүртгэж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:55:24

Дархан-Уул аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, Төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат, аймгийн БСГ-ын дарга Р.Батжаргал нар Дархан сумын цэцэрлэгүүдээр орж сургалтын бэлтгэл ажил болон бүртгэлийн байдалтай нь танилцав.

Тус сумын гэр хороолол дундах “Тосгон”-д байрлах 13 дугаар цэцэрлэгийн бүртгэлийн ажилтай танилцахад энэ жил 85 хүүхэд бүртгэхээс таван хүүхэд илүү бүртгэжээ. Харин шинэ Дархан дахь 21 дүгээр цэцэрлэг шинээр 42 хүүхэд бүртгэжээ. Уг цэцэрлэгийн тухайд энэ хичээлийн жилд нийт 35 хүүхдийг шинээр элсүүлэх байсан хэдий ч нэмэлтээр таван хүүхэд авсан ч дахиад 5 хүүхэд бүртгүүлж чадаагүй үлдсэн байна. Тиймээс уг асуудлыг шийдвэрлэх үүднээс үлдсэн таван хүүхдүүдийн дунд сугалаа явуулж хоёр хүүхдийг нь цэцэрлэгт хамруулахаар болсон тухай тус Цэцэрлэгийн эрхлэгч Д.Алтантуяа ярилаа. Тус сумын 18 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд шинээр нийт 90 хүүхэд бүртгэжээ.

Уг цэцэрлэгийн багш нар өнгөрсөн дөрөвдүгээр сард хоёр долоо хоног харъяа багийнхаа өрхүүдээр орж судалгааг авсны дагуу багийнхаа хүүхдүүдээ бүртгэж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гараагүй гэдгийг  танилцууллаа.

Тус аймагт улсын 17, хувийн хэвшлийн 19 цэцэрлэг байдаг байна.

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Related news