ОРХОН: Д.Хасбаатар: Газар тариаланг хөгжүүлэхэд амьдралынхаа 40 гаруй жилийг зориулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-12 10:21:50
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын хүндэт иргэн, Жаргалант сумын сангийн аж ахуйн тракторчин Д.Хасбаатартай ярилцлаа. Тэрээр насаараа Улаантолгойн сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажиллаж атар газрыг эзэмших, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үеийн залуусаа манлайлан, амьдралынхаа дөч гаруй жилийг зөвхөн энэ салбарыг хөгжүүлэхэд зориулжээ.


- Юуны өмнө танд баяр хүргэе. Өнөөдөр байгуулсан гавьяагаа төрдөө үнэлүүлж “Эрдэнэт хотын хүндэт иргэн”  цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Таны ажил амьдралын гараа хаанаас эхэлж байв?

- Номд биш техникт сонирхолтой хүүхэд байлаа. Хүүхэд байхад ах минь Ингэттолгойн Сангийн аж ахуйд трактор комбайнчаар ажилладаг таван удаагийн “Улсын аварга тариаланч”, ёстой л ажлын төлөө төрсөн, чин шударга хүн байв. Ахыгаа хараад тракторчин болохсон гэж мөн ч их хүснэ. Тэгээд л дөрөвдүгээр ангиа дүүргээд сургуулиа хаяад тракторчин болно гээд шийдчихсэн. Тухайн үед хүүхэд байсан юм чинь юу гэж надаар трактор бариулахав, үтрэм дээр л ажиллана. Анхны цалин 200 төгрөг гар дээрээ авчихаад жигтэйхэн их баярлаж аавдаа аваачиж өгч байлаа. Тэгж явсаар 17 нас хүрч Булган аймгийн ТМС-ийг тракторч комбайнч мэргэжлээр төгсөөд 1963 онд Ингэттолгойн Сангийн аж ахуйд тракторчноор  ажиллаж эхэлснээр ахтайгаа хамт мөр зэрэгцэн ажиллах сайхан завшаан надад тохиосон. Тэгж яваад 1976 оноос Улаантолгойн сангийн аж ахуйд тэтгэвэрт гартлаа ажилласан.


-1963 он гэхээр улс орны ид бүтээн байгуулалт, аж үйлдвэржилтийн эрин үе байжээ. Тухайн үе төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоотой, Атрын нэгдүгээр аян эхэлчихсэн, ажил үүргийн тодорхой норм нормативтой, улсын үүрэг даалгавар гэж онцгой ач холбогдол өгдөг түүхэн жилүүд шүү дээ.  Тухайн цаг үед үүргээ яаж гүйцэтгэж байв?

-Нэгэнт сургуулиа хаясан хүн чинь “Ажиллавал, ажилласан шиг ажиллая. Улс эх орондоо хийж бүтээе” л гэж зорьсон доо. Тухайн үед манай сангийн аж ахуйд Хөдөлмөрийн баатар Л.Лхагва гуайгаас эхлээд “Улсын аварга тариаланч” олонтой, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж,  үлгэр дуурайлал авч, тэдэн шиг болж хүмүүжих бахархам сайхан байсан.

Намайг төгсдөг жил нийт 14 хүн тракторчноор төгссөн ч ихэнх нь нутаг орон руугаа буцаад, өөр ажилд орох нь ороод ердөө хоёрхон хүн мэргэжлээрээ ажиллаж үлдсэний нэг нь би. Бид хоёр хоёулаа л Ингэттолгойн сангийн аж ахуйгаас ажлын гараагаа эхэлж “Улсын аварга тариаланч” болтлоо хамт зүтгэж, тэндээсээ гэр бүлээ зохиож, дөч гаруй жил газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд энэ биеэ зориулсан.


-Атар газрыг эзэмшиж, газар тариаланг хөгжүүлэхэд амьдралынхаа 40 гаруй жилийг зарцуулсан байна. Энэ хугацаанд ямар гавьяа шагналыг хүртсэн бэ?

-Тухайн үед Социалист уралдаанд үүрэг даалгавраа давуулан биелүүлэх, намын гишүүн хүн, намын бус хүнээс доогуур амжилт гаргах ёсгүй зэрэг олон шаардлага тавигдаж байсан. Жилээр нь, таван жилээр нь үүрэг өгнө. Би чинь таван жилийн гавшгайч хүн. Шөнөжин ажиллаж байгаад өглөө нар хөөрөөд комбайн халаад явахаа больчихвол тэр үед нь унтана. Бусад бүх үед ажиллана.

 

Ингэж ажиллахдаа таван жилд 1750 га талбайн ажил хийхээс 2584 га талбайн ажил хийж, төлөвлөгөөг 147,6 хувиар давуулан биелүүлж, 1973 онд "Улсын аварга комбайнч" цол хүртсэн. Үүнээс хойш шагналын цуваа тасраагүй ээ. Удаа дараагийн “Таван жилийн гавшгайч”, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтангадас одонгоор энгэрээ мялаасан.


Хувь тавилан гэж хатуудаа хатуу л байдаг юм билээ. Ах миний хувьд амьдралын үлгэр дуурайлал, ийм л болохсон гэж мөрөөдөх хүслийн ноён оргил минь байв. Намайг цэрэгт явсан хойгуур ах авто осолд ороод цэл залуухан хорин хэдэн насандаа  бурхны оронд явчихсан. Ингээд л ахын оронд ах болох аавдаа дэм болж, дүү нараа гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэх үүрэг надад ирсэн. Миний ах хамт олноо олон удаа аваргалж байсан боловч түүний туйлын хүсэл мөрөөдөл “Хөдөлмөрийн баатар” болох байсан. Ахынхаа үргэлжлэл болж, хүслийг нь гүйцээхээр эрс шулуудаж ажлын төлөө зүтгэсэн.


-Тухайн үед намд элсэхгүй бол шагнал, урамшууллаас их хасагддаг байсан гэж бас нэгэн зочин маань ярьж байсан. Танд тийм тохиолдол гарч байв уу?

-Социалист системийн үед намын бус хүний ажил хөдөлмөрийн үнэлэлт намын гишүүнээс арай доогуур үнэлэгддэг байлаа. Ахдаа намд элсье гэсэн чинь “Чам шиг бойтог, боловсрол багатай хүн намд хэрэггүй” гээд элсүүлдэггүй. Тэгээд би ахыгаа нас барсны дараа л намд элссэн. Тухайн үеийн хамт ажиллаж байсан инженерүүд, сангийн аж ахуйн дарга чам шиг ажилч хөдөлмөрч хүн намд элсэх нь зүйтэй гэж удаа дараа ятгасаар байгаад намд элсүүлчихсэн. Гишүүн болохоос өмнө миний ажлыг их л “дардаг” байсан. Адилхан амжилт байгуулсан чиг л жаахан “дарах” маягтай. Ингээд л элсье гэж шийдсэн. Намд элссэнээс хойш надад тавих шалгуур, үүрэг ч нэмэгдсэн, би ч зүтгэсэн, үнэлэгдсэн.


-Та социалист системээс ардчилсан системд шилжсэн түүхэн цаг үе дамжин ажиллаж байж. Социалист систем нуран унахад улсын гэсэн бүхэн хаалгаа барьж, олон ч хүн цомхотголд орж ажилгүй болсон хүндхэн жилүүд байсан. Танд тухайн цаг үе яаж тусалж байсан бэ?

-Би ч бас тэдний л нэг. Ихэнх сангийн аж ахуй татан буугдаад, зарим нь нэгдэн нийлээд үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үедээ би ферм сангийн аж ахуйн үр тарианы бригадад ажиллаж эхэлсэн. Бригаддаа өвгөн даргынхаа тушаалаар бригад ахалсан дарга болж, хүндхэн цаг үед үйлчилгээний жолооч, гагнуурчин, бригадын дарга гээд олон ажлыг зэрэг хийдэг байлаа. Хоёр жил гаруй ажиллаад манай бригад татан буугдсан. Цалингаа ч тавьж чадахааргүй болсон л доо. Тэгээд цалингийнхаа оронд унаж байсан трактороо бодож аваад, ажилласан жил гүйцчихээд байдаг, тэтгэврийн нас болоогүй цомхотголд орсон хүндхэн жилүүд хөвөрсөн. Сүүлд Хөдөлмөрийн баатар Б.Лхагваа аваргын хүү “Бүтлийн ундарга ХХК-ийг байгуулахад, тэнд нь 2 жил ажиллаад чөлөөндөө суусан.


-Таны амьдрал эргэж харах мөртэй, хамт олонтой, байгуулсан гавьяатай өнгөрчээ. Хөдөлмөр өвлөгддөг. Хуримтлуулсан туршлагаа залуу хойч үедээ үлдээх тал дээр та яаж ажиллаж байв? Шавь бий юу?


-Ажил амьдралд хөл тавихад нь зааж зөвлөж явсан 50 орчим шавь бий. Тэднээс минь “Хөдөлмөрийн баатар”, гурав дөрвөн “Улсын аварга тариаланч” төрсөн. Тэднээрээ бас бахархана. Чадах бүхнээ харамгүй зааж зөвлөсөөр ирсэн. Үүнд ахын минь хоёр хүүхэд ч багтана. Тэд аавынхаа ажил мэргэжлийг өвлөж одоо ч хувийн газар тариалангийн компанид үр бүтээлтэй ажиллаж байгаа.

 

-Та амьдралдаа ер нь ямар зарчим баримталдаг хүн бэ?

-Насаараа би хөдөлмөрийг шүтэж ирсэн хүн. Хөдөлмөрч байя, улс эх орондоо өөрийн бүтээж чадахаар хувь нэмрээ оруулъя, үр хүүхдээ хөдөлмөрт сургаж улсдаа хэрэгтэй иргэн бүтээе л гэж хөдөлмөрлөсөөр ирсэн.


-Эцэст нь “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ий бахархлаар ярилцлагаа төгсгөе?

-Атар газрыг эзэмших, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд хоёргүй сэтгэлээр зүтгэж, өөрийн хувь нэмрээ оруулж чадсандаа бахархалтай байна. Төрсөн нутгаас минь өөрцгүй, өгөөж хишгээ харамгүй хайрлаж, олон сайхан үйлдвэр байгуулж, баатрууд төрүүлсэн Эрдэнэтээрээ, үе үеийн мөр зэрэгцэн ажиллаж байсан хамт олноороо бахархаж байна.


-Ярилцсанд баярлалаа.

 

Related news