БАЯНХОНГОР: Шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-06 13:55:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, ИТХ-ын төлөөлөгч Ш.Сэдэд, БШУГ-ын дарга Ж.Алтанцэцэг нарын зэрэг албаныхан Хүрээмарал суманд ажиллалаа.


Ажлын баг Хүрээмарал сумын удирдлагуудтай уулзалт хийж, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, соёлын төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан төрийн албан хаагчдын санал хүсэлтийг сонсов. Мөн үеэрээ орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлт, аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй цаг үеийн ажил байдлын талаар мэдээлэл хийлээ. 


Уулзалтын хүрээнд Хүрээмарал сумын цэцэрлэгийн засвар үйлчилгээнд шаардлагатай зарим санхүүжилтийг шийдвэрлэж, хоёр багийн Засаг даргад суурин компьютер, Соёлын төв болон Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг олгохоор болов. 


Мөн үеэр зарим нэн шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, УИХ-ын даргын дэмжлэгтэйгээр Хүрээмарал сумын сургууль, цэцэрлэгийн 12 багшид сүүлийн үеийн үзүүлэлт сайн, хүчин чадал бүхий зөөврийн компьютерийг хүлээлгэн өгсөн юм.


Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд улсын төсвийн 1.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр “Ган мөнхжин” ХХК 240 хүний суудалтай соёлын төвийн барилгыг 2020 онд эхлүүлж, 2022 онд дуусгаад байна. Сүүлийн үеийн стандарт, хийц загвараар бүхий тус соёлын төвийг намар улсын комисс хүлээж авсан бөгөөд сум орон нутгаас энэ 12 дугаар сард нээлтийн үйл ажиллагааг хийхээр төлөвлөжээ.


Иргэдэд соёл олон нийтийн үйл ажиллагааг хүргэх тус соёлын төвд сумын музей, номын сан, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв зэрэг байгууллагууд цогц байдлаар үйл ажиллагаа явуулахаар зэхээд байгаа аж. 

Ирэх онд тус суманд шинэ эмнэлэг ашиглалтад орно.


Related news