ОРХОН: Д.Мөнх-Эрдэнэ : Тухайн үед нийгэм сайхан байсан учир өөрийгөө харааны бэрхшээлтэй гэж мэдрэлгүй өссөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-12-05 13:09:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотын соёл урлагийн салбарын нэгэн тод өнгө МУСТА дуучин Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.


-Та өөрийгөө дуутай зүйрлээч. Таны мөн чанар, амьдрал, уран бүтээлийг дууны бадаг, дахилт, хөгжим, аялгуу гэвэл та ямар дуу вэ?

-Өмнө нь өөрийгөө дуутай зүйрлэж байгаагүй юм байна. Магадгүй Queen хамтлагийн  Bohemian Rhapsody дуу арай ойр юм болов уу. Дууны хэмнэл, уналт, өргөлт гээд л. Амьдрал өөрөө дардан замаар хэзээ ч явдаггүй. Уналт, сэргэлт болгон илүү хичээх ташуур, бас ухаарал байдаг. Тиймээс өдөр бүр илүү сайн байж, өөрийгөө гээхгүй байхыг хичээж ирсэн. 


-Анхны уран бүтээл “Миний саран” дуу бүтсэн түүхээс хуваалцаач?

-Би гуравдугаар ангиасаа дуулж эхэлсэн. Сургуулийнхаа урлаг, соёлын үйл ажиллагаанд тогтмол оролцдог идэвхтэй сурагч байлаа. Найман жилийн сургуулиа төгсөөд төрөлх Эрдэнэт хотдоо ирж нэгдүгээр арван жилд 10 дугаар ангиа дүүргэсэн. Тухайн үед ангийнхаа охинд сэтгэл алдарч түүндээ зориулан анхныхаа дууг зохиож байлаа. “Миний саран” дуу маань тухайн үедээ хит болж, шуугиулж явлаа. Дууны аяыг тухайн үед фм-д хамт хөтөлдөг байсан Тунгалагтамир найз маань надад өгч, би аяндаа тааруулж үглээгээ зохиож байсан. Нэгдүгээр бадгийг нь хичээлийнхээ эхний цаг дээр зохиочихоод мартахгүйг хичээн завсарлагааныг хүлээж байгаад ангийнхаа Бадамхандыг гуйж бичүүлж байлаа. Брайль үсгээр шивэхэд чимээ их гардаг учраас завсарлагааныг хүлээсэн нь тэр л дээ. Дараагийнхаа цаг дээр хоёр дахь бадаг бэлэн болсон. Ухаалаг, нийгмийн идэвхтэй, дуу хөгжим, спортод сонирхолтой охинд сэтгэл алдарчихсан хүн чинь дуртай зүйлээр нь татахыг их хичээсэн. Тэгээд л хичээлийн лекц хуулах нэрийдлээр очиж уулздаг, дуртай дуунуудыг нь кассетад бичиж өгдөг байлаа. ФМ-д ажилладаг байсныхаа шидийг ёстой л гаргаж байгаа юм чинь. Манай хүн кассетнаас үнэр чинь үнэртдэг байсан гэдэг байлаа. 


Тэгээд л дуртай дуугаа сонсоод миний үнэрийг үнэрлэж эморсоор байгаад надад татагдчихсан байх л даа.


 Ингээд л үерхэлээ хайр болгож гэр бүл зохион хоёр сайхан үртэй болсон доо.


-Хамтлаг байгуулж Эрдэнэт хотыг байлдан дагуулж явсан үеэ эргэн дурсвал? Ямар урсгал, чиглэлээр уран бүтээл туурвиж байв. 

-Анх “X man” нэрээр solo уран бүтээл хийдэг байлаа. Дараа нь хамт ажилладаг байсан Батбаяр маань хамтлаг болох санал тавиад 2004 онд “T.I” хамтлагаа байгуулж “Чамайг үгүйлнэ”, “Амьд бурхан” зэрэг олон хит дуу гаргаж байлаа. Нэгэн үед зэрэг гарч ирсэн хамтлагууд гэвэл Outlaw байна. Хааяа тоглолт нь дээр таарахаараа T.I хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ явж байна гээд их л “цаашлуулна”. Тэднийх өөрсдөө их олуулаа, “сүртэй”. Тэгээд л хүн нэмж авах хэрэгтэй юм байна гээд 2008 онд Хүлэг-Эрдэнэ дүүгээ хамтлагтаа авч байлаа. 2014 он хүртэл хамтлагаараа уран бүтээлээ туурвисан. Жил болгоны намар тоглолтоо хийдэг. Үзэгчид аймаар хүлээлттэй горнякт хоёр удаа тоглоход суудал дүүрэн байдаг байсан. Байлдан дагуулж байсан гэж хэлж болно. 


Өргөн өмд, жинсэн өргөн яак, панда, зузаан гинж, малгай, арзгар ултай гутал тэр үеийн залуусын жинхэнэ гангараа байлаа.


-“Хайрын сарнай”-гаас эхлэлтэй хайрын дуунуудаар тань үзэгчид андахгүй. Хэзээнээс бие даан уран бүтээлээ гаргаж эхэлсэн бэ?

-2014 оноос бие даан уран бүтээлээ гаргаж эхлээд “Хүсэл биелнэ”, “Хувь заяаны галт тэрэг” /2018 он/ цомгуудаа гаргасан. Бие даасан тоглолтоо Эрдэнэт, Улаанбаатар хотод хийж байлаа. 


-Та есдүгээр ангийн сурагч байхдаа анх фм-д хөтлөгч хийж эхэлснээсээ хойш энэ салбарт тасралтгүй ажиллаж байна. Эрдэнэтийн дуу хоолой ФМ-106.5 хэзээ нээгдэж байв. 
-Би наймдугаар ангид байхдаа зуны амралтаараа Эрдэнэтдээ ирсэн чинь шинэ фм нээгдчихсэн байна. Очиж уулзахад чиний хоолой их гоё юм байна манайд хөтлөгчөөр ажиллаач гэдэг санал тавиад тэгээд 23 жил энэ салбартаа тасралтгүй ажиллаж байна. 2011 онд өөрөө бие дааж Эрдэнэтийн дуу хоолой ФМ-106.5 байгуулж байлаа. Тухайн үед фм бол залуусын хувьд их л том орон зай байлаа. Одоо бол зах зээлийн нийгэмд үйл ажиллагаа явуулахад жаахан хүндрэл тулгарч байгаа нь нууц биш. Улаанбаатар хотод фм-ээ цацдаг болчихвол үнэхээр сайхан байна. Гэхдээ энэ тал дээр боломж нь тун хомс байна. 


-“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Орхон аймаг дахь салбарын даргаар 11 жил ажиллаж байгаа. Харааны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудал, тулгамдаж буй асуудлын талаар танаас өөр хөндөж ярих хүн ховор шүү дээ. Сүүлийн 11 жилд гарсан өөрчлөлтийг яаж харж байна вэ? 

-Анх 21 настайдаа “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Орхон аймаг дахь салбарын даргаар сонгогдож байлаа. Тухайн үед судалгаа явуулахад Орхон аймагт харааны бэрхшээлтэй 400 гаруй иргэн байсан бол таван жилийн өмнө энэ тоо буурч 276 болсон. Нийгмийн “Тэгш боломж”-ийн хувьд ахиц тодорхой хэмжээгээр гарсан. Гэхдээ хангалттай биш. Олон жилийн өмнөхийг бодвол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жаахан анхаарах гээд байдаг болчихож. Гэхдээ тэр нь “нэр төдий” байгаа нь харамсалтай.
Жишээлбэл, тэргэнцэртэй иргэнд зориулсан налуу зам хийдэг. Тэр нь хэтэрхий огцом. Тэргэнцэртэй хүн битгий хэл энгийн хүн алхаад гарахад хүндрэлтэй. Хараагүй хүнд зориулсан явган хүний зам нь зүгээр өнгөөр ялгаад шараар будчихсан. Яг стандарт  нь тийм байдаггүй л байхгүй юу.

Улсын хэмжээнд зургаан аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан Хөгжлийн төв барьж байгаа. Тэрэнд нь Орхон аймаг хамрагдаагүй.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чөлөөт цагаа өнгөрөөх нэг ч газар байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс суугаа волейбол, хонхот бөмбөг, ширээний теннис тоглодог. Даанч очоод тоглох заалгүй байгаа нь үнэн.


Спорт заал, фитнес төвүүдэд бидэнд зориулсан юу ч байхгүй. Тэргэнцэртэй иргэн орох зам, ханын бариул, бие засах газар бол бүүр ярилтгүй. Заавал нэг хүний тусламжаар ажиллаж амьдрах л болчихоод байна. 


-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Хувийн туслах” үйлчилгээ Орхон аймагт хэрэгжиж байгаа. Хүндээ хүрсэн үйлчилгээ болж чадаж байгаа юу?

-Хувийн туслах үйлчилгээ уг нь их хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүл ойр дотны хүмүүсийнхээ тусламж дэмжлэгийг байнга авах хүндрэлтэй байдаг. Дөнгөж эхлүүлж байгаа ажил учраас дутагдалтай зүйлс байгаа. Жишээлбэл, хувийн туслах үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс хамгийн наад зах нь бүрэн дунд боловсролтой, харилцаа хандлагын хувьд төлөвшсөн байх хэрэгтэй байгаа юм. Бичиг үсгийн боловсролгүй хүн байх нь эргээд үйлчилгээ авч буй хүнд хүндрэлтэй байдаг. Цаашдаа ажиллаж байгаа иргэдийн цалинг жишиг болгож нэмэгдүүлэх шаардлагатай. 

Бас зарчмуудыг жаахан өөрчилмөөр байна. Өмнөх долоо хоногт нь хувийн туслах үйлчилгээ ирэх долоо хоногийн тэр өдөр гэхгүйгээр яаралтай ажил гарсан үед шууд захиалдаг болбол сайхан. Түүнээс биш их ажилтай хүнд ажил товлох хэцүү заримдаа хойшлох, наашлах гээд асуудал их байдаг. Гарах шаардлага тулгарсан үед шууд “Хувийн туслах”-аа дууддаг байвал их зүгээр санагдсан. 


-Бага насныхаа дурсамжийг хуваалцаач. Та чинь Эрдэнэтийн унаган хүүхэд билүү?

-Би багадаа дугуй унах дуртай хүүхэд байлаа. Манайх III-6-р байранд байдаг. Дугуйгаа унаж гараад төв замаар жийгээд “Хойд дугуй”-г тойроод гэртээ ирчихдэг байсан. Хаана нь ямар нүх, сүв, ан цав байгааг цээжээр мэддэг. Зуны амралтаар байрныхаа найзуудтай гокын дугуйн замаар явж хиймэл нуурт очиж сэлдэг, заримдаа Бүрэнбүст рүү давж зугаалаад ирдэг байлаа. Тэгээд ирэхдээ голоос дэгдээхэй /яг юуны дэгдээхэй байсныг санахгүй байна/ барьж ирээд, зах дээр аваачиж зараад мөнгөөр нь хоол аваад идчихдэг байсан. Хол замд дугуйтай явахдаа хоёр хоёроороо сундалдаж явна. Би дандаа хойно нь сууна. Заримдаа нөгөө хүүхэд маань ядарчихвал би жолоо бариад хэсэг газар жийчихнэ. Зав л гарвал дугуйгаа унах дуртай. Гараа тавиад хөлөөрөө залуурдана, юман дээгүүр харайлгана. Ямар сайндаа тухайн үеийн нэг байранд амьдардаг байсан хүмүүс намайг дугуйтайгаа торохгүй давхидаг байсныг хэлдэг л юм. Машин багатай, нийгэм аюулгүй үе байсан тул цэвэр мэдрэмжээрээ л явдаг байсан. Одоо тэгээд явбал бараг машин доогуур орчих биз.

Гар утас, интернэтгүй үеийн багачуудын чөлөөт цаг ингэж л өнгөрдөг байлаа. Чавх, нум сум харвах, дугуй өнхрүүлэх гээд л. Бас санкетка бол гол тоглоомын нэг байлаа шүү дээ. Жинхэнэ домгууд л мэднэ дээ. Түрж гүйж байгаад хойно нь гараад зогсчихдог байсан. Бараг л миний үндсэн мэргэжил. Хэвийн хүүхдүүдтэй ижилхэн чавхыг мэргэжлийн харвадаг байлаа. Тухайн үедээ яаж хүн амьтан оночихдоггүй байсан юм.


-Таны хэлсэнчлэн тэр үед бид гадаа л өнждөг байлаа. Гадна орчин нь сэлүүхэн. Өнөөдрийнх шиг машины “зогсоолоос” хүүхдийн тоглоомын талбайгаа хайдаггүй байв. Тиймдээ ч танд тоглоход төвөггүй байсан байх.

-Би гурван настайдаа нүдний хорт хавдар гэх өвчнөөр оношлогдож харааны бэрхшээлтэй болсон. Тиймээс найман настайдаа Улаанбаатар хотод харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай дунд 29 сургуульд элсэж суралцсан. Тэнд дотуур байранд байрлаж биеэ дааж бүхнийг хийж сурсан. Улирлын амралт тавих дөхөхөөр за яг тэдний өдөр амралт өгөхөөр болсон шүү гээд шуудан илгээнэ. Утсан харилцаа гэж байсан биш. Тэгээд л хичээл амрахаар хамаатны хүмүүс маань галт тэргэнд суулгаж өгөөд ганцаараа яваад ирдэг байлаа. Яг хэн тосож авах, намайг ирж байгаа эсэхийг мэдэж байгаа үгүй нь тодорхойгүй “бүрхэг” л байдаг байлаа. Тэгээд өглөө галт тэргээс буухад аав маань ЗИЛ-130 машинтайгаа ирчихсэн хүлээж байдаг сан. Гэртээ ирээд аав, ээжтэйгээ өнгөрөөдөг байсан хугацаа бол ёстой л жаргал. Ээжийн хоол, цай бол мөрөөдөл байлаа шүү дээ. Ээж маань намайг их эрхлүүлнэ. Нэг удаа шүд өвдөөд шүдээ авхуулчихвал ээж нь хүүдээ диско печень авч өгье гэхэд нь би айгаад авхуулалгүй хот явчихсан. Очоод эмч нарын үзлэгээр ороод яалт ч үгүй шүдээ авхуулж таарсан. Тухайн үед шүдээ авхуулсан бол ядаж диско печень идэх л байсан юм гээд их харамсаж байснаа тод санадаг юм. Найман настайгаасаа хойш ээжээсээ хол сургуулийн дотуур байранд амьдарсан надад зуны амралт хамгийн хүсэн хүлээсэн үе байлаа. Тэгээд л наймдугаар ангиа төгсөөд Эрдэнэтдээ сурахаар болоод одоо л ээж, аавдаа эрхлээд ёстой жаргана даа гээд ирсэн. Удалгүй тэр хоёр маань их ойрхон зайтай бурхны орныг зорьсон. Тиймээс би багаасаа л биеэ дааж, их хат сууж хэрсүүжсэн дээ. Тухайн үед нийгэм сайхан, хүмүүсийн сэтгэлгээ, хандлага ярилтгүй сайхан байсан. Тиймээс би өөрийнхөө хөгжлийн /харааны/ бэрхшээлийг мэдрээгүй өссөн дөө.


-Ярилцсанд баярлалаа. 

Related news