СЭЛЭНГЭ:З.Оюунчимэг: Манай бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-02 15:42:37

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хэд хоногийн өмнө “Хөдөлмөрийн үр шимийн баяр-2022” үйл ажиллагаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэхүү баярын үеэр тус аймгийн Сайхан суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Цемент шохой” ТӨХК “Чанарыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарч, аймгийн Засаг даргын батламж, мөнгөн шагнал хүртсэн.

Ингээд “Цемент шохой” ТӨХК-ийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга З.Оюунчимэгийн яриаг хүргэе.

 

-Цементийн чанарын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай цементийн үйлдвэр 1985 онд ашиглалтад орсон. Чулуунцрын үйлдвэрийн эргэх зуухны агуулах 15 мянган тоннын хүчин чадалтай байсныг хуурай аргын эргэх зуух ашиглалтад орсноор томруулж, 60 мянган тоннын багтаамжтай болгосон. Зарим үед нөөцөө ахиу бүрдүүлэх зорилгоор задгай талбайд клинкер (хагас боловсруулсан бүтээгдэхүүн) хураадаг. 2021 онд 15 мянган тонн клинкер нөөцөлсөн байснаар өнгөрөгч наймдугаар сард 32.5 маркийн цемент үйлдвэрлэж, замын ангид нийлүүлсэн. Ингэхдээ хадгалсан клинкерээс нийт 70 гаруй удаагийн дээж авч, туршилт шинжилгээ хийж, улмаар чанар, стандарт хангасан гэж үзсэн.

 

-Лаборатори юунаас дээж авч шинжилдэг вэ? Чанарын үзүүлэлтээ яаж хэмждэг вэ?

-Манай лабораторийн итгэмжлэл дөрөв дэх удаагаа сунгагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Түүхий эдээ уулнаас буюу ордоос авдаг. Иймд анхдагч түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл шат дамжлага бүрээс цаг тутамд дээж авч, шинжилгээнд оруулснаар бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлдэг. Би энэ салбарт 39 дэх жилдээ ажиллаж байна. Үүний 27 жилд нь лаборатори, сүүлийн 10 жилд технологийн хэлтэст ажиллаж, үйлдвэрийн бүх технологиор ажиллаж үзсэн. Иймд хэрэглэгчдэд хандан хэлэхэд, манай бүтээгдэхүүний чанарт эргэлзэх хэрэггүй.

 

Related news