АРХАНГАЙ: Мод үржүүлгийн үйл ажиллагаанд 140.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-02 15:09:39

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Сум дундын Ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн мод үржүүлгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор мод тарих ажлын суурь баазыг бий болгох, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийт 140.0 сая төгрөгийг шийдвэрлэж өгчээ.


Өөрөөр хэлбэл, Энэ жил Ихтамир, Цэнхэр, Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн ангиудын мод үржүүлгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тус бүр 20.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжөөр хангах, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлсэн байна. 


Мөн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг хүлэмж, усалгааны тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 80.0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэгийг үзүүлжээ. 

Related news